Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол хуушуур

(НААДМЫН)

Монгол наадмыг хуушуургүйгээр төсөөлөх аргагүй. Гадаадын зарим сурвалжид “Монголчуудын эрийн гурван наадамд 1.морь, 2.бөх, 3.сур/хуушуур орно” гэж бичсэн байдаг гэсэн. Гурав дахь хэсэгт орсон хоёрдмол заалтад нэгдмэл тайлбар байдаггүй. “Заримдаа хуушуураар сур харвуулдаг” гэж зарим нь нотолдог , харин үлдсэн хэсэг нь “Зарим хуушуур сур харвуулдаг” гэж баталдаг. Энэ маргаанаас үүдэн монголчууд хоёр том намд хуваагдсан ч гэх нь бий.

Монгол хуушуурыг а.нимгэн, б.супер нимгэн, в.ультра хөнгөн гэж ангилна.

Наадмын анхны хуушуурыг хайраад “Өднөөс хөнгөн, сумнаас хурдан болог (борлог!)” гэж ерөөдөг байжээ.

Хуушуурын мах анхдагч уу, гурил анхдагч уу гэдэг мөнхийн асуулт одоо болтол хариугаа хүлээсээр…

Зарим хуушуураас мах олддоггүй нь “хоосон чанар мөөн” гэж лам нар хэлдэг

“Хамгийн сайн хуушуур бол идэж амжаагүй хуушуур” гэж Аристотель хэлсэн байна.

Манайх ардчилсан орон учраас бүх иргэн өөрийн хуушуурыг хийх, эвлэлдэн нэгдэж хуушуурдах эрхтэй байдаг.

Хуушуурыг ууж хэрэггүй гэж эмч зөвлөж байна.

Хуушуурыг “халуунаараа халуун” ба “хөрсөн халуун” гэж хоёр хуваана. Халуунаараа хуушуурыг пээчинд халаасан, тосонд халаасан, халуунаар нь байлгасан, наранд ээсэн, гарын алгаар халаасан, амьсгаагаараа халаасан гэж ангилна.

Эрдэмтэд хуушуурыг насжилтаар нь уржигдрын шинэ, өчигдрийн шинэ, өнөөдрийнх шиг шинэ гэж ангилжээ.

Хуушуур хавтгай байдаг нь глобалчлал, технологийн дэвшлийн үрээр дэлхий хавтгай болохыг бэлгэдсэн хэрэг байжээ гэж археологичид хэлж байна.

Монголчууд 70 сая жилийн өмнө махан хуушуур хийдэг байсны нэгэн баталгаа бол тиранозавр Батаар юм. Батаарын яс нь олдсон боловч мах нь олдоогүй билээ.

Хуушуурын мах маш бага, харин гурил хавьгүй их буй нь хүн ам цөөтэй ч нутаг дэвсгэр том гэсэн санаа ажээ.

Хуушуур жижгэрэхийн хэрээр үнэ нь нэмэгдэж байдаг нь жижиг улс ч үнэ цэнэтэй байдгийн бэлгэдэл ажгуу.

Хуушуураас хордсон тохиолдол байдаг ч түүгээр хүн цохиж, дүрж алсан удаа үгүй тул хүмүүнлэг энэрэнгүй хүнс гэлтэй.

Зарим нутагт морины хүүхэд хөнгөн байхыг бэлгэдэж хуушуураа нимгэлдэг.

Хуушуурын махыг илүүдэл жинтэй иргэн цөөрөхийг бэлгэдэн зориуд багасгадаг.

Гэрэлтсэн нимгэн хуушуур нь “ирээдүй гэрэлтэх”ийг бэлгэдсэн ерөөл агуулна.

Монголчууд хүндэтгэлтэй юмаа “хуушуур” хэмээн авгайлдаг ба улс орныхоо удирдагчдын нэрийг цээрлэж “Төрийн гурван хуушуур” хэмээн ахайлах нь бий.

Хятадууд хуушуурын маханд янз бүрийн нарийн ногоо байцаа, жууцай хольсоор нарийн хоол болгох бодлоготой, харин оросууд гурилд нь дрож нэмж хөөлгөсөөр байгаад пирожки болгох санаархалтай хэмээн монголчууд сэжиглэдэг. Эдгээр хандлагыг Нарийн хуушуурын бодлого, Өргөн хуушуурын бодлого гэнэ.

Ардын хувьсгал ялахаас өмнө ард түмэнд хуушуур олддоггүй, түүнийг зөвхөн баячууд иддэг байсан хэмээн хувьсгалт түүхнээ бичжээ.

Ардын засгийн жилүүдэд бүх хуушуурыг нийгэмчилсэн ба хувьдаа хуушууртай байхыг хориглодог байжээ. Харин ардчилсан хувьсгалаар хуушуурыг хувьчилсан төдийгүй, хайруулын тавгийг нь үнэгүй өгсөн байна.

Ардчилсан хувьсгалын дараагаар “Нээлттэй хуушуурын бодлого”, “гурав дахь хуушуурын бодлого” зарласан байна.

Монголчууд хуушуурыг тавьж хонох дургүй. Учир нь Чингэс хаан багадаа найман шарга хуушуураа тавьж хоноод хулгайд алдаж байжээ.

Хуушуурын тухай шилдэг эшлэл олон. “Монголын хуушуурыг 200.000.000-д хүргэх хэрэгтэй” Сталин. “Хуушуурд, хуушуурд, бас дахин хуушуурд” Ленин. “Миний хуушуураас бурхан гуйсан ч бүү хазуул” Модун.

Хуушуурын тухай олон сайхан дуу ХХ зуунд зохиогджээ. “Миний хуушуурын бараа”, “Арав дахь хуушуураа идье”, “Тэмээн дээрээс хуушуур ойрхон” гэх мэт.

Монголын зохиолчид хуушуурын тухай олон сайхан бүтээл туурвисны заримаас дурдвал: “Хоёулаа миний хуушуур”, “Гологдсон хуушуур”, “Алс газар хуушуурдахаар одохуй”, “Улаанбаатарын хуушуураас берлинбургер хүртэл” ХХ зууны Монголын яруу найрагчид “Би хаана хуушуурдаа вэ”, “90 хуушуурын дууль”, “Алтан шар хуушуур”, “Шөнийн талд хуушуур үнэртэнэ”, “Боржгоны бор хуушуур”, “Хуушууртайгаа байхад би цатгалан байсаан”, “Пискаревын гуанзнаас олдсон хуушуур”, “Есөн эрдэнийн хуушуур” гэх мэт олон шилдэг бүтээл туурвижээ.

Хуушуураа магтан дуулсан олон сайхан мөр бадаг ард түмний сэтгэлд хоногшсон юм. Жишээ нь, “Миний монголын хуушуур бусдын нутагт гурилаа гээдэггүй…”, “Зүлгэн дээр гуанзаа бариад, зүгээр л нэг хуушуурдах юмсан”, “Хуушуураа хөргөгчинд муудсан байхыг харлаа, хувьгүй тогооч оо, би”…

Хуушуурын сэдэвтэй олон арван дууг одоо ч аялсаар байна. Тухайлбал, “Үе үехэн шүлс гоожмоор, үнэн хонгор (шаргал) хуушуур юм аа хө”, “Гурилаа тайл, хуушуур минь”…

Мөн түлэгдсэн ч гэсэн амт чанараа алддаггүй монгол хуушуурын тухай “Хар хархан хуушуур” дуу олон түмэнд машид үнэлэгджээ…

Монголчууд “Хуушуур гурав хуваагдавч буузны дайтай” хэмээн бахархдаг. Мөн “Аавын бийд гуанз хэсч, агтын бийд хуушуур ид”, “Могойн эрээн гаднаа, хуушуурын эрээн дотроо” хэмээн хэлэлцдэг аж…

Сүүлийн үед “айлын түмпэнд орж хоносон хуушуур”ыг жигшсэн, түүнийг хуушуурын эгнээнээс эгүүлэн татаж бууз болгох хөдөлгөөн их өрнөж байна.

Монгол тогоочийн сүлд дуу “Хуушуур ялна”

Монгол хуушуурыг махныхаа сиймхийгээр хөх цоорхойтой байдаг тул дэлхий нийт андахгүй.

2017 он

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *