Өнгөрсөн даваа гаригт УИХ-ын дарга М.Энхболд энэ жил 10 жилийн ойгоо угтаж буй Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн дэвжээг анхлан санаачлагчийн хувиар дэвжээндээ зочилж, бөхчүүдийнхээ наадмын бэлтгэлтэй танилцсан байна.
Тус дэвжээнээс өнгөрсөн 10 жилийн хугацаанд улсын заан Б.Батмөнх, улсын харцага Ө.Даваабаатар, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр, Ч.Батчулуун, Г.Ганжад нарын зэрэг 10 шахам улсын цолтон төрөн гарчээ. Энэ жилийн хувьд тус дэвжээний бөхийн галд 60 орчим бөх үндэсний их баяр наадмын бэлтгэлээ базааж буй аж.
Бөхчүүдийн бэлтгэл жигдэрсэн, улсын цолоо ахиулах, шинэ цолд хүрэх горьдлоготой хэд хэдэн бөх байгаа талаар дэвжээний зөвлөх, Монгол Улсын арслан Л.Сосорбарам, Төв аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн А.Ууганбаяр нар ярьжээ.
Ахмад бөхчүүд, нутгийн зон олон нь аймгийн арслан Г.Өсөхбаяр, Э.Ууганбаяр, Д.Хүдэрбулга нарын зэрэг бөхчүүдийг энэ жил улсын цол хүртэх бөхчүүдийн таамагт багтааж буй юм байна.
Энэ өдөр болсон сорилго барилдаанд улсын заан Б.Батмөнх түрүүлж, улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэжээ. Шөвгийн дөрөвт улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, аймгийн арслан Г.Өсөхбаяр нар үлдсэн байна.
Бөхчүүд “Төрийн наадам дүрэм журмынхаа дагуу сайхан болно. Бөхийн холбоо тойрсон маргаан бидэнд хамаагүй. Бэлтгэлээ сайн базааж, хууль дүрмээ сахин биелүүлж, олон түмнээ баясган цэнгүүлэх л бидний зорилго” гэж ярьжээ.