Categories
мэдээ спорт

Нутгийн тэнгэр ээлтэй байв уу?

Москва хотын Лужник цэнгэлдэх хүрээлэнд долдугаар сарын нэгний орой Улаанбаатарын цагаар 22 цагаас хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий 1/8 шигшээгийн гурав дахь тоглолт болов. Оросын багийн ахлагч, хаалгач Игорь Акинфеев тоглолтын гол баатар байж 1:1 (4:3)-ээр хожих дуулианы эзэн байв.

Энэхүү тоглолтын 12 дахь минутад Испанийн /С.Рамос/ булангийн цохилтоор Сергей Игнашевич өөрийн хаалгандаа авто гоол оруулснаар Испанийн шигшээ тэргүүлж эхэлсэн.

Харин 41 дэх минутад Испанийн Жерара Пикегийн гар бөмбөгт хүрсэнээр торгуулийн цохилтыг 11 метрээс Артем Зюба өшиглөж тэнцээний гоолыг оруулсан юм.

Испанийн шигшээ баг бөмбөг эзэмшилтийг ихэнх цагт гартаа авч тоглосон. Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн олон дамжуулалттай тоглолт болов. Испанийн шигшээ баг 1000+ дээш дамжуулалт өгсөн түүхийг шинээр бичсэн юм. Гэсэн хэдий ч Испаничууд Оросын хаалганд гоол оруулж чадалгүй тоглолтын үндсэн 90 минутад /1:1/ тэнцээгээр өндөрлөсөн. Ингээд нэмэлт 30 минутыг сунгаж тоглосон ч испаничууд гоол хийж чадаагүй юм. Нэмэлт цагт дөрөв дэх сэлгээ орж болох анхны дүрэм хэрэгжиж, Оросын баг шинэ дүрмийн анхны сэлгээг хийж, шинэ түүх нэмэв.

Харин энэ тоглолтыг шийдвэрлэх торгуулийн цохилтыг хийхэд Оросууд 4:3-аар өрсөлдөгчөө буулгаж авлаа. Испанийн шигшээ багаас Коке, Яго Аспас нар алдсанаар 2010 оны дэлхийн аварга испаничууд 2018 оны ДАШТ-ээ өндөрлүүлж, харамсалтайгаар гэртээ харихаар боллоо. Оросын багийн ахлагч, хаалгач Игорь Акинфеев хоёр бөмбөгийг амжилттай хааж, 1970 оноос хойш шөвгийн наймд үлдээгүй байсан шигшээ багаа аварлаа. Зөвлөлт холбоот улс задарснаас хойш Оросууд ийнхүү анх удаа нутагтаа шөвгийн наймд үлдэж, үндэсний баатар болцгоов.

Энэхүү түүхэн тоглолтыг Испанийн хаан VI Филипп Москва хотноо хүрэлцэн ирж үзсэн бөгөөд түүнтэй хамт ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев шигшээ багийнхаа ялалт байгуулахыг харсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *