Categories
мэдээ цаг-үе

Хаянхирваагийн Алтанцэцэг: Аавыг газар орны байдлыг сайн судлалгүй дайсныг хэт ойртуулсан гэж буруутгасан

МОНГОЛ УЛСЫН БАРУУН ХИЛ БАЙТАГ БОГДЫН ТУЛГАРАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙД

АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн САА-д төл хүлээн авч байгаа нь. Хурга тэвэрсэн нь Г.Хаянхирваа. 1958 он.

Байтаг Богдын тулгаралтад есөн дайчнаа удирдан эрэлхэг тулалдсан Хилийн 24 дүгээр отрядын аравдугаар заставын улс төрийн орлогч, дэслэгч Гомбожавын Хаянхирваагийн охин Алтанцэцэгтэй уулзаж хөөрөлдлөө.


-Таны аав болон бусад хоёр хилчин хэрхэн дайсны этгээдээс амь өрсөн гараа бол?

-Ахлагч Г.Хаянхирваа, байлдагч Д.Чойжин, Л.Гончигзэгвэ нарт дайсны бүслэлтээс яаралтай гарах тушаал өгөөд өөрөө галын хүчээр дайсныг торгоохоор үлдэж. Гэтэл зургаан дайсан аавын байрлаж байсан толгойг эзлэн түүнийг олзлохоор дайрсан байдаг. Иймээс дайснаас урьтаж толгойн оройд гараад тэдгээр дайсныг гранат шидэн устгасан байна. Дайсны хүч улам олон болж ойртоход Г.Хаянхирваа байлдсаар Гончигзэгвэ, Чойжин нартай нийлэн буудалцсаар байх тэр эгзэгтэй хүнд үед манай талын онгоц алсаас нисэн ирж байгаа нь харагджээ.

-Тэр ямар учиртай онгоц байж вэ?

-Хилчин Пэлжээ ар талд холбоо барьж чадсанаар холбоочин Мягмаржав, Пэрэнлэй нар шифр хүлээн авч Байтагт тулалдаан болж байгааг мэдээлснээр Бодончийн Хөх толгойн VI отрядаас нисэн ирж байгаа манай онгоцыг алсаас харсан дайсан алагдсан, шархадсан хүмүүсээ голын бургасанд нуун байрлуулсан хөсөгтөө ачин зугтсан байдаг. Энэ эгзэгтэй мөчид амьд үлдсэн манай дайчдын сум дуусаж өөрсөд дээрээ гранат тэслэхээс аргагүй болж байсан гэдэг. Байлдааны явцад аав, хоёр дайчинтайгаа дайсны хоёр давхар бүслэлтээс эсэн мэнд гарч чадсаныг цэргийн мэргэжилтнүүд “Г.Хаянхирваагийн цэргийн эрдмийг муугүй эзэмшсэн нь нөлөөлсөн” гэж дүгнэсэн байдаг.

-Тухайн үед дээш нь уламжилсан албан ёсны дүгнэлтэд юу гэж дурдсан байх юм?

-Тулгаралт байлдааны талаар 1948 оны долдугаар сарын 10-нд Дотоод яаманд ирүүлсэн мэдээнд “Хүнд тулгаралт 8-12 цаг хүртэл үргэлжилсний эцэст ахлах дэслэгч Г.Хаянхирваа нэгэнт хүчин үл хүрэлцэх болсон учрыг мэдэн цэрэг Чойжин, Гончигзэгвэ нартай дайсны чөлөөг харж ухран буудалцаж, дайснаас замд нь тосуулан тавьсан дөрвөн хүнийг гранатаар устгаж чөлөө гарган дайсны бүслэлтээс амжилттайгаар мултран гарахад дайсны зургаан этгээд хоёр километр гаруй мөрдөн хөөж буудсан боловч манай гурван хүн хариу буудалцсаар ойртуулаагүй учир дайснууд буцжээ. Дайснаас ухран гарсан Г.Хаянхирваа, Д.Чойжин, Л.Гончигзэгвэ нар нь үнэхээр гарамгай буудалцан чөлөөгөөр гарсан нь мөр олон ба дайсныг алж байсан цус зэргээс тодорхой батлагдаж байгаа юм” гэж тусгай ангийн дарга, хошууч Ш.Базар дээд удирдлагадаа гаргаж өгсөн илтгэлд тэмдэглэсэн байдаг. Дайсан зугтаж байхдаа амь үрэгдсэн манай хилчин Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нарын цогцосны ойролцоо мина булаад явсныг байлдааны дараа газар дээр нь очсон мэргэжилтэн Жамбаа аюулгүй болгосон гэдэг.

-Байлдааны дараа бодвол газар дээр комисс очиж дүгнэлт гаргаа байлгүй?

-Хил хязгаарт болж байсан тулгаралт байлдаан бүрийн дараа улсын комисс томилогдон газар дээр нь очиж нарийн шалгаж акт тогтоон шийдвэрлэдэг журамтай байж. Журмын дагуу долоодугаар сарын 9-нд Хилийн цэргийн намын комиссын дарга Сандив, VI отрядын дарга Зонров, штабын дарга Цэвэгмид, тусгай тасгийн дарга Базар, төлөөлөгч Дулмаа нарын бүрэлдэхүүнтэй комисс газар дээр нь очин нарийн шалган дүгнэлт гаргасан байдаг. Байлдааны явцад амь эрсэдсэн хилчин дайчдын цогцост хийсэн шинжилгээгээр “Тасгийн дарга Б.Гивааны толгойн яс битүү хэмхэрсэн. Наводчик Б.Тэгшээгийн баруун хөл нь өвдгөөрөө тасарч зөвхөн арьсан дээрээ тогтсон. Цээжний зүүн талд гранатын тэсрэлтээр том нүх гарсан. Хилчин Л.Даваадоржийн зүүн гарын дунд хуруунд гранатын кольцоо байсан. Бие нь дундуураа хоёр хэсэг болон хуваагдаж хоорондоо зургаан метр зайтай хол шидэгдсэн. Нас барахын өмнө Эвлэлийн батлахаа чулуун дор нууж байрлуулсан. Хилчин Б.Баянгийн хоолойд нэг сум туссан. Хилчин Э.Архадын цээжинд нэг сум, толгойд нэг сум тус тус туссан. Хилчин Н.Дандархайдав анх байсан газраас цээжинд нэг шарх, байраа өөрчилсний дараа дахин хоёр шарх аваад буудалцаж байх үед нь дайсан амьдаар олзлохоор ойртоход толгойн тус газраа өөрийгөө буудсан байна. Амьд гарсан Г.Хаянхирваа тэргүүтэй гурван хилчний тухайд үнэхээр эр зориг, авхаалж гарган чөлөөгөөр гарсан мөр олон ба дайсныг алж байсан цус зэргээр тодорхой батлагдаж байна” гэж дүгнэжээ.

-Дайсны тал хэд орчим хүнээ алдсан гэж үздэг вэ?

-Энэ байлдаанд дайсан 70 гаруй хүнээ алдсан гэж үздэг. Тулааны дараа хилийн цаана орших Шар хөтөл гэдэг газар дайснууд нас барсан хүмүүсээ гурван хоног оршуулсан. Энэ оршуулганд нэг ачааны, нэг суудлын, 23 морин тэрэг оролцсон гэдэг.

-Пээ, ёстой махан овоо босгоно гэдэг л болж дээ?

-Тухайн үед хилийн цэргийн удирдлагад ажиллаж байсан генерал Ж.Жамьян Байтагийн тулгаралтад оролцсон арван хилчин хатан зоригтой эх орончид байсныг дурсамж номондоо бичиж үлдээсэн. Хилийн цэргийн 55, Байтаг Богдын ялалтын 40 жилийн ойгоор хилчин дайчдад зориулсан хөшөөг босгосон байдаг. Энэ хөшөөг зураач Б.Гантулга, архитекторч Ц.Бат-Эрдэнэ, уран барималч Ү.Болд нарын зураг төслөөр Авдрантын чулууны аж ахуйд хийлгэж Ховд аймгийн Булган сумын Бүдүүн Харгайтад баатруудын өндөрлөгт босгосон. Нутгийнхан энэ газрыг эдүгээ ч “Арван баатрын гозгор” гэж хүндэтгэн нэрийддэг юм.

-Аав тань энх цаг ирэхэд ямар ажил алба эрхэлж байв?

-Дөчин есөн онд Хятадад хувьсгал ялж БНХАУ-ыг байгуулан, тавин онд дипломат харилцаа тогтоосноор хил хязгаар харьцангуй тайван болж цэргийн анги салбарыг цөөлөн, тэнд ажиллаж байсан 36 мянга гаруй хүнийг энх цагийн бүтээн байгуулалтад шилжүүлсэн түүхтэй. Аав тухайн үеийн энэ жишгийн дагуу 1952 онд цэргээс халагдан Улаанбаатар хотноо шилжин ирээд Сангийн яаманд зааварлагчаар ажилласан юм билээ. Манайх тухайн үеийн Усны гудамж буюу одоогийн шинэ циркийн орчимд Сангийн яамны долоон тоот хашаанд, төрийн шагналт яруу найрагч Ц.Гайтавын хадам Жадамбаа гуайнх, Сангийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Содном, Молом, Чоймбол нарын олон айлуудтай хаяа хатган аж төрж байлаа. Зуны улиралд манайх Шадивлингийн зусланд зусна. Бид хавар намрын улиралд Туул голд сэлнэ. Аав 1953-1957 онд Намын дээд сургуульд суралцахад ээж Ч.Ажаахүү маань Сангийн яаманд жижүүр, Төв шууданд холбоо зөөгч-шуудан хүргэгч зэрэг ажил хийж амьдралаа залгуулдаг байсан. Аав Намын дээд сургуулиа төгсөөд 1957-1959 онд Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн САА-д намын хорооны даргаар ажилласан даа. Аавыг энд ажиллаж байхад Сангийн аж ахуй үр тарианы тариалалтын талбайгаа гурав дахин нэмэгдүүлж, улсдаа шалгаран тэргүүлж, трактор комбайнч Эрхэмбаяр хөдөлмөрийн баатар болж байлаа.

-Танайх тэндээсээ Зүүнхараа руу шилжсэн гэл үү?

-Аав маань намайг ахлах ангид орох үед Зүүнхараа хотын Намын хороо болон Зүүнхараагийн САА-н Намын хорооны даргаар 1960-1963 онд шилжин ажилласан. Энд ажиллаж байхад нь гахайчин Буниа гуай хөдөлмөрийн баатар болж байлаа. Дараа нь 1963-1964 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн САА-н Намын хороонд шилжин ажиллалаа. Атрын-I аяныг эрчимжүүлэхэд хөдөө аж ахуйд боловсон хүчин зайлшгүй шаардагдах болсныг үндэслэн Алтанбулагийн ХАА-н техникумыг байгуулах саналыг аав маань тавьж байж. Аав 1967-1972 онд ХАА-н дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн юм. Дараа нь Төв аймгийн Батсүмбэрийн САА-д Намын хороон даргаар 1964-1979 онд ажилласан. Энд хамгийн удаан буюу 14 жил ажиллахдаа САА-н дарга А.Бадарчин, Амаржаргал гэсэн хоёр хүнтэй хамтран нийслэлийг хүнсний ногоо, сүү, цагаан идээгээр хангах зорилго тавин ажиллаж 400 үнээний хоёр, 800 үнээний нэг фермтэй болж, жил бүр таван сая литр сүү үйлдвэрлэн, дөрвөн мянган га-д тариалалт хийж найман мянган тонн төмс-хүнсний ногоо улсад тушааж 15-17 сая төгрөгийн борлуулалт хийж байснаа бахархан ярьдаг сан. “Тунгалаг Тамир” киноны Бадарч тахрын дүрд тоглосон жүжигчин Цэрэннадмид гуайг клубийн эрхлэгчээр аваачиж ажиллуулж хамт олноо манлайлснаар хөдөлмөрийн баатар дөрөв, улсын хошой аварга малчин хоёр, улсын аварга малчин хоёр тус тус төрөн гарсан. Хөдөлмөрийн баатар ногоочин Ц.Хорлоо, Монголд анх удаа гэр бүлээрээ хөдөлмөрийн баатар болсон ногоочин Ж.Пүрэв, Я.Должинжав, Монголын анхны эмэгтэй хөдөлмөрийн баатар, саальчин Авирмэд нар аавыг удирдаж байхад алдар цолонд хүрсэн хүмүүс дээ. Аавыг САА-д олон жил үр бүтээлтэй ажилласан гэж төр засгаас Алтан гадас одонгоор шагнаж, албан хэрэгцээнд нь зориулж автомашин олгож байсан сайхан үе бий. Харамсалтай нь амьдралын хал зовлон аавыг ч бас тойроогүй дайран гарсан даа.

-Амжилттай сайхан аж төрөлд нь ямар хар сүүдэр нүүрлэв?

-Батсүмбэрийн САА нийслэлийн зургаан сургуультай шефийн холбоо тогтоон зуны улиралд багш сурагчдыг ээлжээр амраан ажиллуулах “Хөдөлмөр амралтын зуслан”-г 1970 оноос байгуулан ажиллуулсан нь улсын хэмжээнд анхдагч байж. Гадаад, дотоодын зочид төлөөлөгчид ч туршлага солилцохоор олонтаа ирдэг байлаа. Тухайн үед VI сургуулийн захирлаар агрономийн мэргэжил давхар эзэмшсэн Ренчин гэдэг хүн ажиллаж байв. Багш сурагчдыг сүү, цагаан идээгээр хангахад мал аж ахуй, газар тариалан хоёр зайлшгүй зайтай байх шаардлагаар сүү зөөвөрлөхөд хүндрэлтэй байж. Тиймээс аав сүүний чиглэлийн сайн үүлдэрийн хоёр үнээг хөдөлмөр зусланд байршуулж багш сурагчдын хэрэгцээг хангахаас гадна үнээ саах, үхэр тугал хариулах зэрэг ажилд тэднийг дадлагажуулж байв. Гэтэл 1979 онд өндөр үнэтэй сүүний чиглэлийн үнээг өөр газар байршуулан сүүг нь улсад тушаалгүй олон жил зориулалтын бус аргаар ашиглан шамшигдуулсан гэдэг шалтгаанаар аав, Ренчин захирал нарыг Ардын хянан шалгах хорооноос байцаан шалгаж эцэст нь ажлаас нь халлаа. Ренчин захирал хожим Баянчандманьд суурьшин хувийн аж ахуй эрхлэн “Мон таримал” компанийг байгуулсан. Энэ компани маш амжилттай ажилласан тул Тайландын вангийн хааны шагнал хүртсэн манай урдаа барьдаг том компани болон өргөжиж, хүү Р.Цогтбуянт захирлаар нь ажиллаж байна.

-Хаянхирваа гуайг цаашид ямар хувь заяа хүлээж байв?

-Аав дээр дурдсан шалтгаанаар 1979 онд ажилгүй боллоо. Үүний хажуугаар ээж Ажаахүү маань өвчний улмаас нас барлаа. Генерал Б.Цэдэн-Ишийн бичсэн “Дархан хилийн домогт сургамж” ном Байтаг Богдын тулгаралтын 30 жилийн ойгоор гарч “Манай хилчид дайсныг хэт ойртуулж гал нээсэн. Мөн хилчин дайчдыг хэт өндөрт байрлуулсанаас байлдаанд зургаан хүн амь үрэгдсэн нь ахлагч Г.Хаянхирваа газар орны байдлыг сайн судлаагүйтэй холбоотой” гэж буруутгасан. Энэ бүхэн өндөр настай болсон аавд минь хүнд цохилт болсон доо. Аавыг минь нэг ёсондоо хэлмэгдүүлэлтийн хар шуурга дайран гарсан гэж олон хүн одоо ч дүгнэдэг. Аав маань удаан хугацаанд байцаагдсаны дараа 1980-1981 онд Төв аймгийн Үйлдвэрчний эвлэл, “Залуучууд” САА-н Үйлдвэрчний эвлэлд зааварлагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Гавьяаны амралтад гарсныхаа дараа ч зүгээр суулгүй Арьс ширний эрдэм шинжилгээний төвийн захирал О.Рагчаад санал тавьж боловсон хүчнээр ажилласан. Малын гаралтай түүхий эдийг хэрхэн боловсруулах, түүгээр яаж бүтээгдэхүүн хийх зэрэг техник, технологийн нарийн ажиллагаатай танилцан туршлага хуримтлуулж Хилийн цэргийн харьяанд “Амгалан” хоршоог 1986-1994 онд байгуулан ажиллуулж байлаа. Энэ хоршоо хилчин дайчдад зориулж эмээл, хазаар, ногт, эмээлийн мод, гөлөм, тохош, богц, нэхий дотортой монгол гутал, ажлын дээл хувцас, бээлий оёж нийлүүлэх зэрэг олон ажлыг гүйцэтгэж байсан. Аав минь шинэ мянганы эхний жил 79 насандаа бурхан болсон доо.

-Та ээжийнхээ тухай дурсамжаас хуваалцаач!

-Аав маань Халхын голын Эрс уулын заставт улс төрийн орлогчоор ажиллаж байхдаа ээж Ховд аймгийн Дарви сумын харьяат Чоёнгийн Ажаахүүтэй гэр бүл болсон юм билээ. Ээжийн маань эцэг эх багад нь нас барсан болохоор Улаанбаатар хотод байх лам ах Ч.Гомбосүрэн, Ч.Чанарав нарын гар дээр хүн болж. Ч.Гомбосүрэн ах Гандан хийдийн аж ахуй хариуцсан дэд хамба байсан гэдэг. Гучин долоон оны их хэлмэгдүүлэлтээр лам ах нар нь баригдан хороогдоход ахин өнчирлийн гунигт автсан гэдэг. Төрсөн нутагтаа байх эгч Цэрэнбал, Дарьхүү нар дээрээ очихыг хүссэн ч унааны зардал мөнгөгүйгээс нутгийн айл Ядмаагийнд байж байгаад тэднийхтэй хамт Халхын голд очсон юм билээ. Ингэж л аав ээж хоёр минь биесээ олжээ. Аав удирдаж явсан зургаан хилчин нас барсны улмаас тэднийгээ гашуудан дурсаж дотроо ихэд шаналснаас зарим шөнө зүүдэндээ тушаал өгч орилоод босон харайдаг байсан нь маш хүн цохилт болж байлаа гэж ээж маань ярьдаг сан. Аав, ээж хоёр нэг хүүхэд төрүүлсэн ч дутуу төрсний улмаас нас барсан гэдэг. Ингээд аав маань тухайн үед болсон тулгаралт байлдаан, цэрэг дайчдынхаа алдрыг мөнхлөн бодол санаагаа тайвшруулан тэгшлэх үүднээс нутгийн уугуул иргэнээс нэг охин үр үрчлэн авахаар ээжтэй тохирчээ.

-Та чинь тэгэхээр Хаянхирваа гуайн өргөмөл охин байх нь ээ?

-Ингэж Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уугуул Төмөрийнхөөс Алтанцэцэг намайг үрчилж авсан юм билээ. Төөрч төрсөн аав ээж минь ёстой хүний дээд хүмүүс байсан даа. Миний төрсөн аав Пүрэвийн Төмөр Халхын голын дайнд зургаан жил явсан, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан мэргэж буудагч хүн байлаа. Төрсөн ээж Айку овогтой Цэвээн морин хуур сайн тоглодог, хил дээр цэргийн ангид хувцас оёх, хоол унд хийлцэх зэрэг ажилд сайн дураар тусалдаг байж. Төрсөн аав Төмөр маань цэргээс халагдаж ирээд ан хийж арьсыг нь улсад тушааж, махыг нь ойр орчмын айлуудын амьжиргаанд нэмэрлэдэг хүн байж. Тэргүүний анчдын нэг, хоёрдугаар зөвлөгөөнд оролцож байсан юм билээ. Аав Төмөрийг 1961 онд нас барахад охин Дуламсүрэн долоон, хүү Гомбосүрэн дөрөв, бага хүү Бямбасүрэн эхээс мэндлээд долоохон хонож байсан гэдэг. Дүү Гомбосүрэнг цэргээс халагдаж ирэхэд миний аав Хаянхирваа өөрийн гар дээр байлган Төв аймгийн цагдаагийн хэлтэст дагалдангаар оруулж цагдаа болгож байсан. Бага дүү Бямбасүрэнг маань ч хотод ТМС-д оруулж барилгын мэргэжил эзэмшүүлсэн дээ. Аав ээж хоёр маань 1959 онд Ховд аймгийн харьяат Түмэндалай гуайгаас миний дүү болох Х.Баатархүүг үрчлэн авлаа. Аав ээж хоёр минь аваатай өгөөтэй хорвоогийн дундуур дүүрэнг тэгшитгэх гэж үрчлэн авсан хоёр хүүхдээ ном эрдэм, ажил хөдөлмөрт сургахад бүхий л амьдралаа зориулсан юм. Миний дүү Баатархүү сургуулиа төгсөөд Төв аймгийн “Залуучууд” САА, Цээл суманд жолоочоор ажиллаж байхдаа ядарсан зүдэрсэн болгонд тусалдаг эгэлгүй нинжин өгөөмөр хүн байсан. Дүү маань 2006 онд өөд болсон.

-Та ямар мэргэжил эзэмшсэн хүн билээ?

-Миний хувьд 1953 онд Улаанбаатар хотын 13 дугаар сургуульд элсэн орж, хоёрдугаар сургууль, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын долоон жилийн сургууль, Зүүнхараагийн нэгдүгээр арван жилийн сургуульд шилжин суралцаж, Украины Харьков хотын политехникийн сургуулийг 1968 онд Силикат (цахиурлаг эрдэс)-ын инженер технологич мэргэжлээр дүүргэсэн. Монгол орны цахиурлаг элс өөрөөр хэлбэл манайхны өхөөрдөн хэлж заншсанаар өөхөн цагаан чулуу буюу түүнээс тогтсон элс чулууг ашиглахаар байгуулагдсан анхны үйлдвэрүүд нь шил шаазан эдлэлийн үйлдвэрүүд байлаа. Дээд сургуулиа төгсөөд Налайхын шилний үйлдвэрт дадлага хийж, улмаар инженерээр ажилласан даа. ХХҮЯ-нд 1974-1987 онд шил шаазангийн үйлдвэрийн техник технологийн ажиллагааг би хариуцан ажиллуулдаг байлаа. Манайх чинь шил шаазангийн үйлдвэрлэлээ сайн хөгжүүлж байлаа. Харамсалтай нь ерээд оны эхээр өмч хувьчлал нэрийн дор олон үйлдвэр хаалгаа барьсны нэг нь манайх. Гэвч, цаашид Монгол Улсад энэ чиглэлийн үйлдвэр хөгжих сайхан цаг ирэх биз дээ. Би аавынхаа байлдаж байсан Ховд аймгийн Булган сумын нутаг Байтаг Богд уулаас авчирсан хэдэн цагаан чулууг Налайхын шилний үйлдвэрийн зууханд дизелийн түлшээр хайлуулж 1985 онд амаар үлээгч Р.Банзрагчаар шилэн таваг бүтээлгэж музейд бэлэглэсэн дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *