Categories
мэдээ цаг-үе

Алдартнуудаар арвин улсын тэргүүний бүлгийн хамт олон

Говь-Алтай аймгийн Бигэр сумын найман жилийн сургуулийн 1978 оны төгсөлтийн хамт олныг нэг ангийнхан буландаа онцолж байна. Тэд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд тус тусын хувь нэмрээ оруулан ажиллаж хөдөлмөрлөж буй гавьяатай эрхмүүд. “Гацуурт” компанийн ерөнхий захирал, хөдөлмөрийн баатар Л.Чинбат, Түлш эрчим хүчний дэд сайд, доктор Т.Гантулга, нийслэлийн гуравдугаар эмнэлгийн мэс заслын тасгийн ерөнхий эрхлэгч, их эмч Б.Ганбаатар, МУБИС-ийн НХУИС-ийн тэнхимийн багш, доктор ph, дэд профессор Б.Энхээ нарын алдартнууд энэ ангиас төржээ.

Тэртээ 1978 оны хавар сурагчийн форм, улаан бүчээр гоёж, наймдугаар ангиа дүүргэж байсан охид, хөвгүүд товлосон цаг, болзсон газартаа 49-үүлээ цугларчээ. Алс холын Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ, Дорноговь зэрэг аймгуудаас газрын холыг умартаж тоглож наадаж явсан хүүхэд насны гэгээн дурсамжаа сэргээж, ангийн нөхөдтэйгөө уулзахаар Сүхбаатарын талбайд ирсэн нь энэ. Нэгдүгээр ангид хөтөлж оруулж байсан Ч.Лхамцэен, Т.Дэжид, наймдугаар анги төгсгөсөн Б.Жигвээ нарын багш нар нь ирсэн байв. Өнгөрсөн он жилүүдэд ангийн нөхдийн гадаад төрх байдал нь багагүй өөрчлөгдсөн бололтой. Уулзалдсан даруйдаа бие биенээ анхааралтай ажиглацгааж байсан. Удсан ч үгүй шуугилдаж эхлэх нь тэр ээ. Ирээгүй нөхдөө бие биенээсээ сураглаж, үгүйлж байв. Дараа нь сумын сургуулийн жижигхэн байранд тохой залган сууж, эрдэм боловсролын их аянд мордсон нөхөд 40 жилийн дараахь уулзалтаараа төрийн ордонтой танилцаж, үдийн зоогоо ч тэнд барилаа.

Хүүхэд насны дурсамж гэдэг хүний сэтгэлд бат, бэх хадгалагдаж үлддэг ажээ. Ангийн найзууд хаа байсан 40 гаруй жилийн өмнө тохиолдож байсан гэрэлт дурсамжуудаа өчигдөрхөн тохиолдсон мэт өөр хоорондоо өнгөтөөр хуучилж, хөгжилдөж суув.

“Ангийнхан минь бүгд л даруухан хүүхдүүд байсан даа. Жирийн малчин ардын хүмүүжилтэй бор охид, хөвгүүдээс улс төр нийгэм, спортын алдартнууд төрөн гарсанд баярлаж явдаг юм аа. Цаашдаа ч олон гарах биз” гэж наймдугаар анги төгсгөсөн багш Б.Жигвээ ярьж байлаа.

Эдний ангийнхан амжилт бүтээлээр арвин яваагаа багш нартайгаа салшгүй холбоотой гэж үздэг юм билээ. Зөвхөн хичээл онол, заагаад байх биш, хүн байхын тулд хөдөлмөрлөх хэрэгтэйг хүүхэд ахуй насанд нь багш нар нь ойлгуулжээ. Арван жилийн хүүхдүүд Говь-Алтайн Бигэрийн дарсны үйлдвэрт ажиллаж шилийг цэвэрлэж өгч тодорхой хэмжээний урамшуулал авдаг байж. Энэ нь эрхэлж байгаа ажилдаа эзэн болдог ангийнхны амжилтын суурь нь болжээ. Тэд тариан талбайд ихэнх цагаа өнгөрөөдөг байж. Манайхан “Чацарганы мод хүртэл тарьж байсан шүү. Ургаагүй л болохоос биш” гэж ангийн нөхөд инээлдэж байлаа. Ийм хөдөлмөрч хамт олон 1978 онд Юрий Гагарины нэрэмжит улсын тэргүүний бүлгээр шалгарч байжээ. Тэднийг энэ амжилтад хөтөлсөн ангийн багш Мягмардорждоо талархаж явдагаа илэрхийлнэ лээ.

Хөдөөний сумын сургуулийн жирийн малчдын хүүхдүүд улсын тэргүүний бүлгээр шалгарч байсан гавьяаг орон нутгийнхан нь одоог хүртэл ярьцгаадаг гэнэ.

Ангийн багш нарын хал нь гаднаа, хайр нь дотроо байсан талаар С. Баяржаргал хэлж байлаа. “Өнөө цагт 12 жилийн ангийн сурагчдад ордог үдийн цай хөтөлбөрийг анхлан манай ангийнхан хэрэгжүүлж байлаа. Бидний ангийн багш 10 литрийн том саванд цай, тодорхой хэмжээний боорцог, ааруул гэх мэт хуурай идэх юм бэлтгэж цугладаг байсан. Гэдэс гарсан хүүхдүүд гэрийн даалгавраа ангидаа хийгээд, хүмүүжил соёлын ажилаа ярилцаад орой л гэртээ харина” гэлээ.

Хүүхдүүд л юм хойно гэм хоргүйхэн сахилгагүйтэж багш нартаа зэмлүүлэх үе гарна. Ангийн хэсэг хөвгүүд хөлдүү төмс шидэж дэггүйтэж байгаад сургуулийн агуулахын цонхыг хагалчихаж. Саваагүй зан хөдөлж, хагарсан цонхоор дотогш ортол тэр үед сумын хоршоонд хүртэл ховор байсан том ууттай бурамтай чихрийг олоод харчихаж л дээ. Ийм чихэрний барааг нь ч цөөхөн хардаг хүүхдүүд хувааж идээд найрлаад дуусгачихаж. Хэрэг бишдэж багш нартаа байцаагдаж байхдаа ангийн нөхөр У.Бат-Эрдэнэ бурамтай чихрээр бөөлжиж хэргийг илчилж байсан хөгжилтэй дурсамж тэдэнд бий.

Тэр үед зуны амралтын даалгавар гэж биелүүлэхэд амаргүй ажил байжээ. Цагдаагийн хурандаа Х.Хүрэлбаатар “Зун амрахдаа хүүхэд бүр таван тарвага, мөн тооны зурам агнаж арьсыг нь тушаах даалгавар аваад явдаг байсан. Тухайн үед агнах хэрэгсэл хомс байсан учраас ихэвчлэн зангаар л агнана. Мухар нүх рүү хөөж оруулаад гарч ирэхэд нь цохих зэрэг цөөхөн хэдэн аргатай. Манай ангийн Л.Чинбат чинь энэ даалгаврыг гүйцэтгэхдээ гаргууд сайн байсан. Намар орж ирэхдээ хэд хэдэн хүний даалгаврыг хийчихээд ирнэ шүү” гэж байв.

Энэ мэт зүйлсийг хөөрөлдсөөр 40 жилийн дараа уулзалдсан хамт олон “Аглаг бүтээлийн хийд” орохоор аян замдаа гарав. Ангийн нөхөд олон талбарт амжилттай яваа ч дуу хууранд харин маруухан бололтой. Аян замын явцад дуулсан нэгнийгээ “Дөчин хэдэн жил дуулж сурахгүй, хаагуур юу сурч явсан хүмүүс вэ” гэж цаашлуулах юм. Ангийнхан ч “морьтой яваа” бололтой. Зорьсон газраа очиж бурханч лам Пүрэвбатын өргөөгөөр зочилж буян заяагаа даатгаж, адис аваад гарлаа. Арван жилийн сурагч байхдаа л аялалд явж Бигэр нутгийнхаа байгалийн сайхантай танилцдаг байж. Өдгөө улсын сайн малчин болж Бигэр сумандаа аж төрж буй Ч.Нэргүйгүйнхээс өртөөний тэмээ авч байгалийн өвөрмөц тогтоцтой газруудын нэг “Таван элсээр аялж” байжээ. Тухайн үед долдугаар ангийн охид, хөвгүүд өвлийн ид хүйтэн арван нэгдүгээр сард тэмээгээр аялж байснаас харахад юм юманд л чадварлаг байсан нь харагдана. Ингэж явахдаа тэд эх байгалиа хайрлаж хамгаалах ухамсрыг авч олж авчээ.

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс засгийн тасгийн эрхлэгч М.Ганбаатар энэ хамт олны нэг юм. Тэрээр “Залуу байхад ажил амьдрал гээд нэг их тоодоггүй байж. Нас яваад ирэхээр багын найзууд, өсч төрсөн нутгаа их үгүйлдэг юм байна. 40 жилийн дараа уулзаж байгаа ч нийт хүүхдүүдийн 95 хувь нь уулзалтандаа иржээ. Хүн болгон л тус, тусын ажил амьдралтай. Энэ бүгдийг зохицуулж ирсэн ангийн нөхдөдөө баярлаж байна. Уулзалтын зар сонссон өдрөөс хойш догдолж нойр муутай хоносон удаа ч бий. Удаан хараагүй нөхдийнхөө үрчлээг ч олж харахгүй байна. Яг л ангидаа дэггүйтэж гүйж харайж явсан үе нь санаанд буух юм ” гэв.

Мөн цагдаа хүчний байгууллагад насаараа ажилласан хурандаа Х.Хүрэлбаатар “Бид их азтай улс шүү. Өвдлөө гэхэд л ангийн нөхөр их эмч М.Ганбаатар дээрээ очиход шаардлагатай эмчилгээ, үйлчилгээ үзүүлээд өгдөг. Бие биедээ тусч сайхан хамт олон” юм гэж хэлэв. Тэрээр хүн зорилготой байж, түүнийхээ төлөө тэмцдэг байх хэрэгтэй. Манай Т.Гантулга жаахан хүүхэд байхдаа л “Би сайд болно гэж” гэж хэлдэг, түүнийхээ төлөө тэмцдэг байсан. Өнөөдөр Түлш эрчим хүчний дэд сайдын албыг нэр хүндтэйгээр хашиж байна” хэмээсэн юм.

Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын талаар ангийн нөхөд нь “Л.Чинбат 17 хүүхэдтэй өнөр бүлийн нэг гишүүн. Нэг эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэх гэж тэмцдэг онцлогтой хүүхэд байсан даа. Спорт тоглоомонд их дуртай. Энгийн л малчин ардын хүүхэд өнөөдөр хөдөлмөрийн баатар болж, Монголдоо тэргүүлэх компанийг удирдаад явж байгаад бид бахархдаг” гэж ярьж байв. Тэрээр өнгөрсөн жил хөдөлмөрийн баатар болсныхоо дараа хан ангийн нөхдөө урьж баяраа хуваалцжээ.

Энэ төгсөлтийн нэг алдартан нь жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Д.Баатархүү. Нэлээн сахилгагүй сурагч байсан энэ хүү 10 дугаар ангиа төгссөн даруйдаа улсын шигшээ багт дуудагдаж гавьяат тамирчин Ц.Дамдин, Р.Даваадалай нарын алдартнуудтай нэгэн цаг үед өрсөлдөж байжээ. Тэрээр олон улс, тив дэлхийн чанартай тэмцээнүүдээс нийт 76 медаль хүртсэн байна. Бигэр сумынхан шатрын спортоор улсдаа алдартай. Энэ төгсөлтөөс Ж.Баттулга шатрын спортын мастер цол хүртжээ.

“8А” бүлгийн дарга А.Бадамсэд ангийн хөөрхөн охин Б.Бадамыг найраад гэргийгээ болгоод авчихжээ. Тэд өдгөө малын эмч мэргэжил эзэмшиж Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд аж төрж байгаа юм. “Би тооны хичээлээ ангийн даргаараа заалгуулдаг байлаа. Нэг өдөр дэвтрийнхээ завсраас цэвэрхэн нугалсан цаас оллоо. Нээгээд үзэхэд ангийн даргаас ирсэн захидал байсан юм даа. Мөн ч их догдолсон шүү” гэж гэргий Б.Бадам нь сурагч насны гэгээн дурсамжаа хуваалцсан юм. Мөн Д.Батсүх, Ч.Сарангэрэл нар гэр бүл болж голомтоо бадраажээ

Эдний анги энэ оныг товлож уулзсан нь төрөлх Бигэр сумынх нь сургуулийн 90 түүхт жилийн ой энэ онд тохиож байгаатай холбоотой юм. Амьдралын гараагаа эхлүүлсэн сургуулийнхаа хөгжил цэцэглэлтэд зориулж түүхт ойгоор нь 1978 оны төгсөлтийн хамт олноо төлөөлж хөдөлмөрийн баатар Л.Чинбат, Түлш эрчим хүчний яамны дэд сайд Т.Гантулга нар 12 сая төгрөг хандивлаж байгаа аж.

Алдарт “Бурханбуудай уул”, “Алтан тэвшийн хөндий” зэрэг үзэгслэнт газрын бэлд 1962 оны бар жилд төрсөн 1978 оны төгсөлтийн хамт олон ажил амьдрал дээр ч бар шиг цог золбоотой ажиллаж амьдарцгааж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *