Зургаа дахь удаагийн “Морин хуур” олон улсын наадмын нээлтийн ажиллагаа, хүндэтгэлийн концерт өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Энэ удаагийн уралдаанд Монголоос гадна Япон, БНХАУ, ОХУ зэрэг найман орны уран бүтээлчид оролцож байна. Дэлхийн морин хуурын холбоо, Нийслэлийн соёл урлагийн газраас хамтран зохион баыйгуулж буй уг фестивалийн нийт зургаан өдрийн арга хэмжээнд сонирхон хичээллэгчдээс гадна 300 гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцож, морин хуурыг дэлхий дахинаа сурталчлах юм.
Зургаа дахь удаагийн морин хуур олон улсын наадмын сонирхон суралцагчдын уралдаан долдугаар сарын 3,4 нд Улсын Филармонид, уулзалт-хэлэлцүүлэг Монголын уран зургийн галерейд болно. Мөн олон улсын сонирхогч морин хуурчид, Үндэсний Дуу Бүжгийн Чуулгын мэргэжлийн уран бүтээлчид, ардын авьяастнууд хамтарсан хаалтын тоглолтыг долдугаар сарын 5-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 17 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2008 онд “Дэлхийн морин хуурын холбоо” ТББ байгуулагдаж олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Улаанбаатар хотод 2 жил тутамд болдог “Морин хуурын олон улсын наадам” юм.
Наадмын хүрээнд 2008, 2012, 2016 онд наадам-симпозиум, 2010, 2014 онд наадам-уралдааныг тус тус зохион байгуулсан. Дээрх арга хэмжээнд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ-ын нийт 600 гаруй морин хуурч, суралцагсад болон багш нар, хамтлаг, чуулга, судлаач, урлаач нар оролцож байв.