Тариалалтад нийт 60 мянган тонн буудайн үр шаардах тооцоо гарснаас 50.8 мянган тонн үрийг дотоодоосоо бүрдүүлсэн. Дутагдах үрийн нөөцийг нэмж бүрдүүлэхээр төсвийн болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр 5.9 мянган мянган тонн элит, 2.1 мянган тонн сортын үр, аж ахуйн нэгжийн хөрөнгөөр 2.0 мянган тонн үр нийтдээ 10 мянган тонн үрийн буудайг импортоор нийлүүлж, үрийн нөөцийг 100 хувь бүрдүүлэв.
2015-2017 онд тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тариалангийн салбар санхүүгийн хүндрэлд орсныг харгалзан, тариалалтад зориулан олгох импортын элит үрийн худалдах үнийг 660 мянган төгрөг, 1 дүгээр үржүүлгийн үрийг 620 мянган төгрөг, дотоодын ургацаас нөөц бүрдүүлсэн сортын үрийг 570 мянган төгрөгөөр тус тус тогтоосон юм. Үрийг Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тариаланчдад 10 хувийн, бусад аймагт 30 хувийн урьдчилгаатай зээлээр олголоо. Ийнхүү 600 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 29.5 мянган тонн үрийн буудайг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноор тариалалтын ажил эрчимжсэн.
Түүнчлэн төмсний 8 сортын 35 мянган тонн үрийн нөөц бүрдүүлж, үрийн шинэчлэл хийж, хүнсний ногооны 14 нэр төрлийн 23 тонн үр нийлүүлэн, өрхийн тариаланчдад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан үнэгүй олгож, дэмжлэг үзүүллээ. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний талбайн хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор 123 тонн эрдэс бороо, хүлэмжийн тариалан эрхлэгчдэд зориулан, 70 000 м2 нийлэг хальсан хучлага, 230 ширхэг гар үрлэгчийг ногоочдод хөнгөлөлттэй үнээр олгосон юм.
Тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг багасгах, тариалалтыг технологийн хугацаанд чанар сайтай зохион байгуулах зорилгоор ТЭДС-гаар дамжуулан 6.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3.4 сая литр шатахууныг орон нутгийн шатахуун түгээх станцуудаар дамжуулан бөөний үнийг 1720-1800 төгрөг, жижиглэнг 1949-2080 төгрөгөөр тус тус тооцож, 700 орчим аж ахуйн нэгж, иргэдэд 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож, тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүллээ.