Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.
-Монгол Улсын Засгийн газар Таван толгой нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх тогтоолын төслийг өргөн барьж, Их хурал түүнийг нь хэлэлцэж байна. Цаг хугацааны хувьд ганц долоо хоногийн дотор багтаан хэлэлцэхээр оруулж ирлээ. Хаврын чуулган завсарлатал баталж амжих уу?
-Яаралтай горимоор хэлэлцэж, наадмын өмнө батлах гэж байгаа төслийг авч үзсэн. Маш хариуцлагагүй төсөл. Яг ийм үг утгатай УИХ-ын 39 дүгээр тогтоол 2010 оны долдугаар сарын 7-нд наадмын өмнө батлагдсан боловч хэрэгжээгүй. УИХ нэг асуудлаар хоёр адилхан тогтоол гаргаж болохгүй. Эхлээд 39 дүгээр тогтоолыг яагаад хэрэгжүүлээгүй дүгнэлтээ хийгээд дараа нь яаж шийдэх шийдлээ оруулж ирээд наадмын өмнө яарч сандралгүй нухацтай намрын чуулганаар хэлэлцэж болно. Ганц хоёр тэрбум төгрөгийн өмч хувьчлал биш, багадаа хоёр тэрбум ам.доллараар үнэлэгдэх өмч хувьчлалын асуудлыг хоёрхон сар ард түмэнтэйгээ хэлэлцэж болно оо доо. Тэр тусмаа 2.4 сая монголчуудын хувьцаа эзэмшдэг компанийн 30 хувийг хувьчлах гэж байгаа бол.
-Тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байхад гишүүдийн зүгээс тооцоо судалгаа, үндэслэл муутай, яаран явуулах шаардлагагүй гэж байсан. Таван толгой олон жилийн хугацаанд гацаанд орлоо гээд байгаа. Тогтоолын төслийн гол зорилго нь Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй, иргэдийн эрх ашгийг хангаж чадахаар байна уу?
-Таван толгой олон жил гацаагүй, өнөөдрийнх шиг жилдээ 10 сая тонноор олборловол 600 жил ажиллах нөөцтэй орд. 2010 онд УИХ-ын 39 дүгээр тогтоол гарснаас хойш ирэх сарын 7-нд найман жилийн ой болно. 600 жил ажиллах уурхайг наймхан жил хэлэлцэж байна. Дахин сэргээгдэхгүй баялгийг, дөрөвхөн жилээр сонгогддог УИХ-ын гишүүд шийдэж болохгүй. Үндсэн хуульд заасан эзэд нь болох ард түмэн өөрсдөө шийдэг. Харин ч гацсан гээд байгаа найман жилийн хооронд Эрдэнэс Таван толгой компани хөл дээрээ зогсож нэг ч төгрөгийн өргүй, газар дээр гаргасан нүүрснийхээ зардлыг төлөөд тонныг нь 70 ам.доллараар зараад амжилттай ажиллаж байна. Өнгөрсөн оны татварын дараахь цэвэр ашиг 461 тэрбум төгрөг дансанд нь байна шүү дээ. Тэгвэл энэ тогтоол зүгээр ажиллаж байгаа компанийнхаа 30 хувийг нэг тонн нүүрсийг нэг ам.доллараар зарахаар зэхэж байгаа нь харин үндэсний эрх ашгийн эсрэг, хувьцаа эзэмшигч 2.4 сая иргэдээ хохироохоор байна.
-Та өөрийн цахим хуудаснаа “Таван толгойн нүүрсний ордын 30 хувь буюу хоёр тэрбум тонн нүүрсийг хоёр тэрбум ам.доллараар зарна гэнэ. 70 дахин бага үнээр наадмын өмнө яаран сандран оруулж иржээ” хэмээн бичсэн байхыг уншсан. Уг нь тогтоолын зорилго нь Таван толгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх гэж орж ирсэн байсан. Ямар учиртай юм бэ?
-IPO гаргана гэж гоё гадаад үг хэрэглээд байгаа. Монгол хэлээр ойлгомжтой тайлбарлавал хоёр тэрбум тонн нүүрсээ газар доор байхад нь ганцхан ам.доллараар урьдчилж зарах гэж байгаа өмч хувьчлал. Эрдэнэс Таван толгой компани нүүрсээ ухаж гаргаад тонныг нь 70 ам.доллараар амжилттай зарж байна. 70 ам.доллараар зарж байгаа нүүрсээ нэг ам.доллараар зарахаар эдийн засгийн өгөөж нь нэмэгдэх үү. Эсрэгээр хасагдах юм биш үү. Уурхайнхаа 30 хувийг зарж олох гээд байгаа хоёр тэрбум ам.долларыг Эрдэнэс Таван толгой өөрөө 28 сая тонн нүүрс зараад л олно. 28 сая тонн нүүрс зараад олж болох орлогын оронд хоёр тэрбум тонн нүүрсээ өгөх ямар хэрэг байна.
-Таны байр суурийг харж байхад дэмжихгүй гэж уншигдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь ямар байгаа бол. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн олонх нь дэмжсэн гэхээр эргэлзээ төрүүлээд байна л даа?
-ҮАБЗ-өөр ороход голчлон Таван толгойгоос урагшаа болон зүүн тийш тавигдах Төмөр замын тухай яригдсан. Ямар ч нүүрсний уурхай Төмөр замгүй бол тээврийн зардалдаа өөрөө олж болох байсан ашгаа өгдөг. Ард түмний мэдлийн Эрдэнэс Таван толгойн ашгийг одоо олж байгаа 70 ам.доллараас илүү болгохын тулд Төмөр зам яаралтай барих тухай ярьсан. Уурхайнхаа 30 хувийг өмч хувьчлалаар зарах тухайд 2010 оны 39 дүгээр тогтоол байгаа. Хэрэв Засгийн газар энэ хувилбараар явна гэвэл УИХ-аараа шийдүүлээрэй, зөвлөмж хэрэггүй гэж ярьсан.
-Таван толгойг хөдөлгөх боломжит хувилбар нь юу байх вэ. Таван толгойг монголчууд 10 жил ярилаа. Яг дэмжигдээд явах хувилбарууд гарч ирэхгүй байгаа юм уу. Төрийн тэргүүний байр суурь ямар байгаа бол?
-Эрдэнэс Таван толгойг “хөдөлгөх”, 1072 хувьцааг “амилуулах” гээд эдийн засгийн биш эмоцид зориулсан толгой эргүүлсэн нэр томьёо хэрэглээд бүүр дасал болж. 10 биш найман жил болж байна. Төрийн тэргүүн маань Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялгийн эзэн ард түмэн хамгийн их ашгийг хүртэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа, сонгуулиар ч гэсэн ингэж амласан. Таван толгойг үнэгүй авах гээд шүлэнгэтээд байгаа дотоод, гадаадын олигархууд олон жил толгой эргүүлсэн сурталчилгаа явуулж байгаа. “Нүүрс үнс болно”, “хугацаа алдлаа”, “том төслөө хөдөлгөе”, “хувьцаагаа амилуулъя” гэх мэтийн. Энэ гацсан гээд байгаа найман жилийн хугацаанд дараахь үр дүн гарчээ. Үүнд, коксжих нүүрс дахиад хэдэн зуун жил “үнс болохгүй”, Эрдэнэс таван толгой жилдээ 10 сая тонн нүүрс олборлож 700 сая ам.долларын борлуулалт хийж “хөдөлсөн”, зөвхөн өнгөрсөн жилийн үр дүнгээр 461 тэрбум төгрөгийн татварын дараахь цэвэр ашигтай ажиллаж иргэдийн 1072 “хувьцаа амиллаа”.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр АН нэр дэвшигч Баттулгад хэрвээ сонгогдвол ард иргэдийнхээ өрийг дарах талаар санаачилгатай ажиллаарай гэсэн захиа даалгавар өгч байсан. Х.Баттулга сонгогдсоныхоо дараа байгалийн баялгаа ашиглан өр дарах боломжтой, тэр жишээндээ Эрдэнэс Таван толгойн тараахад бэлэн болсон 2017 оны ногдол ашгийн 461 тэрбум төгрөгийг дурдаж байсан. Одоо УИХ Эрдэнэс Таван толгойн 30 хувийг хувьчлах шийдвэр гаргавал өр дарах мөнгөний 30 хувь нь алга болох нь, ийм тохиолдолд хориг тавих болов уу?
-УИХ ийм хариуцлагагүй шийдвэр гаргавал хориг тавих саналыг Ерөнхийлөгчид хэлнэ.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас Эрдэнэс Таван толгой компанийн Засгийн газрын мэдлийн 85 хувийг гурван сая иргэндээ үнэ төлбөргүй хувьчлах хуулийн төсөл хийгээд дууссан. Намрын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэхээр албан бичгийг УИХ-д явуулсан. Үндсэн хуулийн 6.1-д зааснаар байгалийн баялгийн эзэн ард түмэн, дөрөвхөн жилээр сонгогддог улстөрчид биш. Ард түмний өмчийг хувьчлах шийдвэр гаргах гэж байгаа бол эзэн нь болох ард түмнээсээ эхлээд асууж зөвшөөрвөл УИХ-аар хэлбэржүүлж болно. Одоо харж байхад намар Ерөнхийлөгчийн хуулийг батлагдахаас өмнө яаран сандран 30 хувийг хувьчлах гээд сандралдаж байх шиг.
-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжаалан хөрөнгө босгоно гэж байгаа. Гэхдээ хэдэн төгрөг босгох нь тодорхойгүй байна. Уул уурхайн сайд Д.Сумъяабазар гишүүдийн асуултад хариулахдаа зургаа хүртэл тэрбум ам.доллар гэж хэлж байсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Хэдэн ам.доллараар зарах нь тийм ч чухал биш. Нэг тонн нүүрсээ нэг ам.доллараар бол хоёр тэрбум, гурван ам.доллараар бол зургаан тэрбумаар зарж болно. Зарчмын хувьд уурхайгаа зарж болохгүй, нүүрсээ олборлоод зар гэж байгаа. Зүгээр л газар дээр гаргаж ирээд тэр дор нь зарахад 70 ам.доллар хүрч байгаа бараагаа 1-3 ам.доллараар яаран сандран зарах логик нь юу вэ гэдэг л асуулт.
-Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян, Таван толгой-Оюу толгой-Ханги, Таван толгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм билээ. Энэ бүтээн байгуулалтуудаа хийж чадах болов уу?
-Энэ бүх бүтээн байгуулалтыг Эрдэнэс Таван толгойн орлогоор хийх бүрэн боломжтой. Уурхайн эзэн ард түмэндээ “Танай уурхайн ойрын хэдэн жилийн орлогоор дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хийе” гээд асуухад тэг л гэнэ шүү дээ. Сая Ерөнхийлөгч ШХАБ-ын уулзалтад очиж Хятад улсын удирдлагатай уулзалт хийхэд Гашуунсухайтын Төмөр замыг санхүүжүүлэхэд бэлэн гэж хэлсэн. Урьд нь Таван толгойд Шинхуаг оруулвал Төмөр замд зээл өгнө гэж холбодог байсан бол энэ удаа тусад нь авч үзсэн.
-Та мөн өөрийн цахим хуудаснаа транзит тээврийн талаар дурдсан байсан. Найман жилийн өмнөх тогтоолоо хуулж бичихдээ транзит гэрээгүй байгуулаагүй юм шиг бичсэн байна гэсэн. Тэр нь ямар учиртай байсан юм бэ?
-Засгийн газар өргөн барьсан тогтоолын төслийн гуравдугаарт “дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх” гэж 2010 оны 39 дүгээр тогтоолоо хуулж бичсэн байна. Хэрэв өнөөдөр цаг хугацааг ухраагаад энэ найман жил байгаагүй юм шиг буцааж болдог бол ингэж бичиж болно. Энд дурдсан дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр 2014 онд БНХАУ-тай, 2018 онд ОХУ-тай амжилттай хийгдээд хамгийн багадаа 25 жилийн турш хоёр хөршийнхөө нутгаар үлэмж хөнгөлөлттэй тарифаар далайн эрэг хүрч дэлхийн зах зээлийн үнээр буюу 70 биш, 230 ам.доллараар зарах боломж анх удаа бүрдсэн. Боомт ашиглалт мөн шийдэгдсэн. Дэд бүтцийн бүтээн байгуулалтаа шийдэх эх үүсвэртэй болсон.
-Иргэдийн зүгээс хамгийн их хүсэн хүлээж байгаа бол 1072 ширхэг хувьцааны асуудал. Хэрэв энэ тогтоолын төсөл батлагдвал 1072 ширхэг хувьцааны хувь заяа хаашаа эргэх бол. Нэг үгээр хэлбэл амилах уу, амилахгүй юу?
-Амилах, амилахгүй талаар дээр хэлсэн. УИХ энэ Засгийн газрын өргөн барьсан авантюр тогтоолыг зогсоогоод, намрын чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барих Эрдэнэс Таван толгойн 85 хувийг ард түмэндээ үнэ төлбөргүй хувьчлах тогтоолыг баталвал, одоо дансандаа бэлэн байгаа 461 тэрбум төгрөгөөр анхны ногдол ашгаа тарааж болно. Монгол Улсын иргэн бүр 153666 төгрөгийн анхны ногдол ашиг авч болно. Цаашид олборлолт, борлуулах үнэ энэ хэвээрээ байвал жил бүр ийм хэмжээний ногдол ашиг авна.