Categories
мэдээ спорт

Аргентин, Хорватын шигшээ хожил авлаа

ОХУ-ын Ростов хотноо “Ростов Арене” цэнгэлдэхэд Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө /02 цаг/ хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий “D” хэсгийн Исланд-Хорватын шигшээ багуудын халз тоглолт болж 1:2-оор хорватууд хожлоо.

Тоглолтын эхний 45 минутад хоёр багийн аль аль нь гоол оруулж чадалгүй цагаа өндөрлүүлсэн юм. Харин энэ тоглолтын хоёрдугаар хагаст ширүүн тулаан өрнөж, анхны гоолыг Бадель 53 дахь минутад Исландын хаалганд оруулж Хорватын шигшээ баг тэргүүлж эхэлсэн бол 76 дахь минутад торгуулийн цохилтоор Исландын Сигурдссон тэнцээний гоол хийсэн юм.

Ингээд тоглолтын төгсгөлийн 90 дэх минутад Перишич хожлын гоолыг оруулж хорватууд багтаа 3 оноо нэмж нийт 9 оноотой хэсгээ тэргүүлсэн бол исландчууд тэмцээнээ өндөрлөж гэртээ харихаар болов.

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий “D” хэсгийн Нигери-Аргентины шигшээ багуудын халз тулаан “Санкт-Петербург арена” цэнгэлдэхэд Улаанбаатарын цагаар урд шөнө болж, аргентинчууд 2:1 хожлоо.

Энэ тоглолтын анхны гоолыг 14 дэх минутад Лионель Месси оруулж 0:1-ээр Аргентины шигшээ тэргүүлж эхэлсэн юм. Харин хоёрдугаар хагасын 51 дэх минутад Нигерийн хагас хамгаалагч Виктор Мозес торгуулийн цохилтоор тэнцээний гоолыг хийж 1:1 боллоо.

Улмаар тоглолтын төгсгөлийн 86 дахь минутад Аргентины хамгаалагч Маркос Рохо хожлын гоол хийж, 2:1-ээр Аргентины шигшээ баг анхны ялалтаа байгуулав.

Аргентины шигшээ баг өмнө нь Исландтай тэнцэж, Хорватын шигшээд 3:0-ээр хожигдож ганц оноотой байсан бол ийнхүү 4 оноотой боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *