Categories
мэдээ нийгэм

УБТЗ-ын 17 жил төлсөн 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцохыг дэмжив

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдааны төгсгөлд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.

Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай 1949 оны хэлэлцээрт төмөр замын барилга ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материалуудыг шалгах үзэх, гааль, татвар хураахгүй Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэвтрүүлэх үүргийг хүлээсэн байна.

Гэвч “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд 1998 оны 07 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд төлсөн НӨАТ-ыг Гаалийн Ерөнхий газрын нэхэмжилсэн 167.0 сая төгрөгийг дизель түлшний онцгой албан татвар суутган тооцох хүсэлтийг гаргасан үеэс эхлэн тус нийгэмлэг өөрийн хэрэгцээнд импортлон оруулж байсан технологийн зориулалттай дизелийн түлш, автобензинд албан татвар болон онцгой албан татварыг улсын төсөвт төвлөрүүлдэг болжээ. 1998-2015 оны хоорон зөвхөн дизель түлшний онцгой албан татварт 73.8 тэрбум төгрөг төлжээ.

Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай 1949 онд байгуулсан хэлэлцээрийг дагаж мөрдөх хүсэлтийг тус нийгэмлэг болон ОХУ-ын талаас удаа дараа тавьсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг онцгой албан татвараас чөлөөлсөн байна.

Мөн Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дотоод хэрэгцээнд 1998-2015 онд импортолсон дизель түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг “Олон улсын хамтын ажиллагааны Японы банк”-наас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс суутган тооцох арга хэмжээ авахгүй бол тус нийгэмлэгийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогсох хүртэл эрсдэл үүсч болзошгүй байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Б.Баттөмөр, Б.Чойжилсүрэн нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Ингээд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91,7 хувь нь дэмжсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *