Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхий аудитор 2019 оны төсвийн төслөө татаж авав

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж, энэ талаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий аудиторын төсвийн 2019 оны төсвийн төслийг нийт дүнгээр 29,315.0 сая төгрөг, үүнээс урсгал төсвийн төслийг 76.0 хувь буюу22,084.7 сая төгрөг, хөрөнгө оруулалтын төсвийн төслийг 24.0хувь буюу 7,230.3 сая төгрөг байхаар тооцов. Энэ 2018 оны төлөвлөгөөнөөс 17,784.4 сая төгрөгөөр нэмэгдэхээр тооцжээ. Урсгал зардлын 45.1 хувийг цалин хөлс болон нэмэгдэл урамшууллын зардал, 54.9 хувийг бусад зардал эзэлж байгаа аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Батнасан, Ш.Раднаасэд нар Үндэсний аудитын газар төсвийн зардлаа 75 хувь нэмсэнийг багасгах, зардал үүсгэх аргачлал буруу, тэвчиж болох зардлыг хасч оруулж ирэх шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, 2019 оны төсөв нь 2018 оныхоос 17,784.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасныг шүүмжлээд төсвийн төслийг зүйл, заалтаар нэмсэн шалтгааныг тодруулав.

Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар цалин, хөлс болон нэмэгдэл урамшууллын зардлыг 8,894.6 сая төгрөгөөр төлөвлөж, урьд оноос 2,550.1 сая төгрөгөөр нэмэгдсэн нь УИХ-ын 2018 оны 21 дүгээр тогтоолоор ТАБ-ын албан хаагчдын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30 хүртэл хувиар, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 25 хүртэл хувиар, мэргэжлийн зэргийн нэмэгдлийг 35 хүртэл хувиар олгохоор батлагдсан болон Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсаны дагуу төрийн албан хаагчдад хагас, бүтэн жилээр үр дүнгийн урамшуулал олгохоор төлөвлөсөн нь нөлөөлсөн гэж байлаа. Мөн тэрбээр, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 490.1 сая төгрөгийг тусгаж, урьд оноос нэмэгдсэн нь орон нутаг дахь төрийн аудитын газруудад байр, ашиглалтын болон түрээсийн зардлыг төлөвлөсөнтэй холбоотой нэмэгдсэн гэж тайлбарлав.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийн төслийг татаж авахыг сануулж, гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, дахин оруулж ирэхийг үүрэг болгов. Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар төслийн танилцуулгаа татаж авснаар хэлэлцэх асуудлыг хойшлуулсан.

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдааны төгсгөлд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаарЗам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан.


Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай 1949 оны хэлэлцээрт төмөр замын барилга ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материалуудыг шалгах үзэх, гааль, татвар хураахгүй Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэвтрүүлэх үүргийг хүлээсэн байна.

Гэвч“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд 1998 оны 07 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд төлсөн НӨАТ-ыг Гаалийн Ерөнхий газрын нэхэмжилсэн 167.0 сая төгрөгийг дизель түлшний онцгой албан татвар суутган тооцох хүсэлтийг гаргасан үеэс эхлэн тус нийгэмлэг өөрийн хэрэгцээнд импортлон оруулж байсан технологийн зориулалттай дизелийн түлш, автобензинд албан татвар болон онцгой албан татварыг улсын төсөвт төвлөрүүлдэг болжээ. 1998-2015 оны хоорон зөвхөн дизель түлшний онцгой албан татварт 73.8 тэрбум төгрөг төлсөн байна.

Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай 1949 онд байгуулсан хэлэлцээрийг дагаж мөрдөх хүсэлтийг тус нийгэмлэг болон ОХУ-ын талаас удаа дараа тавьсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг онцгой албан татвараас чөлөөлсөн байна.

Мөн Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дотоод хэрэгцээнд 1998-2015 онд импортолсон дизель түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 төгрөгийг “Олон улсын хамтын ажиллагааны Японы банк”-наас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс суутган тооцох арга хэмжээ авахгүй бол тус нийгэмлэгийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогсох хүртэл эрсдэл үүсч болзошгүй байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Б.Баттөмөр, Б.Чойжилсүрэн нарсанал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Ингээд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91,7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *