Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.26)хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргахгишүүн байсангүй. Иймд тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэсэн билээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэх үед үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл, суутган татварын хувь, удирдлагын зардал болон бусад асуудлаар УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг судлан үзэж, төслийг дахин боловсруулан танилцуулж байна. Үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэл байгуулах зохицуулалтыг уул уурхай, олборлох салбарын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн хувьд хэвээр үлдээж, хуулийн төслийг илүү ойлгомжтой болгох үүднээс тодорхой техникийн засваруудыг хийсэн болно гэж байлаа.
Түүнчлэн, Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх худалдан авсан албан татвар төлөгчийн тухайн өрийн хэрэгслийн хүүгийн орлого, хувьцаа, нэгж эрхийн ногдол ашгийн орлогод 5 хувиар ногдуулах заалтыг олборлох салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжид хамаарахгүй байхаар хуулийн төсөлд тусгалаа. Татварын хуулийн шинэчлэлийг цогцоор нь хийх, Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулах үүднээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, эдгээр хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлэх шаардлагатай байна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцлов.
Хуулийн төслүүдийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, Г.Тэмүүлэн, Н.Амарзаяа, О.Батнасан, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдээс гаргасан саналыг энэхүү хуулийн төсөлд хэрхэн тусгасан, Засгийн газраас өргөн барьсан төсөл, УИХ-ын гишүүдээс санаачилсан төсөлд нэг хувийн татвар авах аж ахуй нэгжүүдийн борлуулалтын орлогын хэмжээ өөр байгааг хэрхэн нэгтгэх талаар тодруулж байв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, хуулийн төсөлд гишүүдийн гаргасан саналуудыг тусгаж, өөрчлөлтүүдийг оруулсан. Тухайлбал, барилга байгууламжийн элэгдэл, хоргодол тооцох олон улсын жишгийг харгалзан төсөлд 25 жил болгосон. Гэхдээ энэ заалт уул уурхай, олборлох салбарт хамаарахгүй гэдгийг төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэл байгуулах зохицуулалтыг уул уурхай, олборлох салбарын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн хувьд 40 жил байхаар хэвээр үлдээсэн. Дараагийн томоохон өөрчлөлт нь хуулийн төсөлд газрын тохижилтод овоолго орохгүй гэж тодорхой зааж өгсөн гэдгийг хариултдаа дурдав.
Мөн тэрбээрхариултдаа, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 1,5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг 1 хувь болгох талаар МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан. Хуулийн төсөлд тусгасан заалтыг ч үүнтэй уялдуулсан бөгөөд борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс эхлүүлэх гол шалтгаан нь цахим бүртгэлийн тогтолцоо руу зардлыг бүртгэх замаар том арга хэмжээрүү шилжиж байгаа. Татварын бааз сууриа өргөжүүлсэний дараа 2.5 тэрбум төгрөг гэсэн босго руу аажмаар шилжих боломж бий гэдгийг онцлов.
Ингээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Харин Татварын багц хуулийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахыг түр хойшлууллаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцсэний дараа Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэхээр боллоо.