УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.
-Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг өнгөрөгч баасан гаригт Их хурал хаалттай горимд хэлэлцэн баталсан. Уг хуулийн үндсэн зорилго нь юу вэ. Гадуур “511 тэрбум төгрөгийг таван банкинд хувааж өгөх гэж байна” гэсэн шүүмжлэл гарсан шүү дээ?
-Энэ хуулийн концепци нь товчхондоо эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах нэг л хамгаалалтын системийг баталгаажуулсан юм. Манай банкны сектор нийт эдийн засгийн бүтцийн гол суурь дэд бүтэц нь л дээ. Санхүүгийн системийн 97 хувь нь банкнаас хамааралтай болчихоод байна гээд байгаа. Тиймээс энэ гол суурь бүтцээ хамгаалалтад авч, улам сайжруулж байгаа хууль. Монгол Улс банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тогтолцоотой. Хадгаламжийн даатгалын тогтолцоо нь бас нэг хамгаалалтын систем. Гэхдээ энэ систем бүрэн бойжих хугацаа нь болоогүй байна. Хадгаламжийн даатгалын санд хуримтлагдсан хөрөнгө нь нийт даатгуулах ёстой хадгаламжийнхаа дөнгөж тав хүрэхгүй хувь дээр байгаа. Энэ нь зохистой хэмжээнд хүрээгүй байна гэсэн үг.
Тиймээс ямар байдлаар хамгаалах гээд байгаа талаар ярья. Банкны систем эдийн засаг тэлэх хэрээр улам тэлж байгаа. Өөрөөр хэлбэл банкны эздийн өөрийн хөрөнгө нь машинаар бол даацаа нэмж байх ёстой. Ачаа нэмэгдээд байдаг хэрнээ даац нь нэмэгдэхгүй байж болохгүй биз дээ. Сүүлийн хэдэн жилд эдийн засагт ажиглагдсан саатлаас улбаатайгаар зарим банкуудын өөрийн хөрөнгө дутагдалд орсон.
-Яахаараа тэгдэг юм. Банкны салбарыг хамгийн ашигтай гэсэн ойлголт байдаг шүү дээ?
-Энэ нь алдагдалдаа идэгдсэн гэсэн үг. Тиймээс энэ цоорхойг хамгийн түрүүнд хуулиараа банкны эзэд өөрийн хөрөнгөөрөө нэмэх ёстой гэсэн зүй ёсны шаардлага тавигдана. Хэрэв банкны эзэд уг шаардлагатай хөрөнгөө нэмж чадахгүй бол тухайн үеийн алдагдлынхаа хэмжээгээр банкны эзэд өөрийн хөрөнгөөрөө алдагдал хүлээнэ гэсэн үг. Нэг үгээр хэлбэл санхүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж ойлгох хэрэгтэй. Тэгсэн ч банкин дээр байгаа эздийн хөрөнгөөс 10 дахин илүү олон нийтийн хадгаламж эрсдэлд орж болохгүй. Машинаар зүйрлэвэл машины мотор эвдэрлээ гээд ачаа нь нураад унаж болохгүй биз дээ. Үүнээс урьдчилан сэргийлж төр эздийн алдагдалд орсон хөрөнгийн хэмжээгээр системийн олон нийтийн хөрөнгийг хамгаалах зорилгоор түр зуурын хамгаалалт хийж хэвийн байдалд нь оруулан авч явна гэсэн үг. Тодорхой хугацааны дараа буцаж гарах, оруулсан хөрөнгөө төвлөрүүлэх ийм л зохицуулалт явж байгаа.
-Төр банкны салбарыг булааж авч байгаа юм биш үү?
-Тийм биш. Төр банкны салбарыг булааж авахгүй. Банкны салбар руу орж хувийн банкуудтай бизнес хийж өрсөлдөх гэж байгаа зүйл огт байхгүй. Банкны системд байгаа олон нийтийн хөрөнгийг хамгаалах гэж төрөөс хэрэгжүүлж буй, богино хугацааны арга хэмжээ гэж ойлгох хэрэгтэй.
-Дахин хөрөнгөжүүлнэ гэхээр төрөөс банкуудад дутагдалтай байгаа мөнгийг нь өгөөд тодорхой хугацааны дараа банк алдагдлаа нөхөнгүүт эргүүлэн авах юм уу. Алдагдлаа нөхөж чадахгүй бол банкуудын хувийг төр мэдэлдээ авна гээд байгаа?
-Тийм гэсэн үг. Үүний цаана эзэд байгаа, тэдэнтэй л харилцах юм байна гэж ойлгож болохгүй. Эздийн өмч 10 төгрөг байлаа гэхэд иргэдийн өмч 100 төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл өөрөөсөө 10 дахин илүү санхүүгийн төвлөрлийг бий болгодог санхүүгийн систем байхгүй юу. Тэр цаана нь байгаа олон нийтийн хөрөнгийг эрсдэлд орохоос урьтаж төрөөс зохицуулалт хийнэ гэсэн үг. Төрийн зүгээс эздийн эрх ашиг нэгд биш. Энэ банкин дээр татсан олон нийтийн хадгаламж, харилцах нэгдүгээрт байна шүү гэдэг хуулийн зохицуулалт юм.
-Банкууд тодорхой хугацаанд алдагдлаа нөхөж чадахгүй бол хэр эрсдэлтэй вэ. Жижиг банкууд дампуурах юм биш биз дээ?
-Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх хууль батлагдсанаар харилцагчид эрсдэлгүй болж байгаа юм. Харин банкны эздэд эрсдэлтэй. Тодорхой хэмжээгээр өөрсдөө хөрөнгөө нэмэгдүүлж чадахгүй бол эзэмшлээ тэр хэмжээгээр алдана гэсэн үг. Нэг үгээр хэлбэл эзэд эзэмшилгүй болно. Тэр орон зайд нь төр орж ирнэ. Харин банкны харицлагчдын хувьд улам эрсдэлгүй болж байгаа гэдгийг дахин онцолъё. Банкинд итгэх итгэл улам нэмэгдэнэ.
-Уг хуулийн хэлэлцүүлгийн үеэр эдийн засагт 10 хувийн нөлөөлөлгүй жижиг банкууд байх шаардлагагүй гэдэг зүйл хүртэл яригдаж байсан. Жижиг банкууддаа халгаатай юу?
-Би тэгж сонсоогүй юм байна. Төрөөс хөрөнгө оруулалт хийх гэж байна гэдэг нь цаанаа ямар нэгэн байдлаар татвар төлөгчдийн хөрөнгөөр баталгаажна. Татвар төлөгчдийн мөнгийг төр зөв зохистой зүйлд л зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засаг дахь банкны нийт системд эрсдэл учруулж болзошгүй тийм их хөрөнгө төвлөрүүлсэн банкин дээр түр хугацааны зохицуулалт хийх гэж байгаа бол тэрэнд л зарцуулъя.
Түүнээс биш дампуурсан ч, үйл ажиллагаа явуулж байсан ч системд нөлөө бүхий биш банкуудад хүндрэл учирвал татвар төлөгчдийн мөнгийг зарцуулахгүй шүү гэдэг санаа уг хуульд бий. Монголбанкны тодорхойлж буйгаар нийт системийн таван хувиас дээш зах зээлийн багтаамж, эзлэхүүнтэй банкийг системд нөлөө бүхий гэдэг. Миний санаж байгаагаар системд нөлөө бүхий гэхээр 14 банкаас 5-6 банк нь байдаг.
-Уг хуулийн төслийг Засгийн газраас оруулах тийм чухал шалтгаан байсан юм уу. Банкны эзэд бол таагүй хандах л юм байна. ОУВС-гаас арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Энэ хүрээнд орж ирсэн юм уу?
-ОУВС-гаас банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн нь шалтаг гэж бодож байна. Цаана нь том шалтгаан бий. Эдийн засаг хурдацтай тэлж байна шүү дээ. Банкны өөрийн хөрөнгө буюу эздийн өмчийн хуримтлал эдийн засгийн өсөлтийн хурдыг гүйцэхгүй байна. Тиймээс төрөөс хуулиар шаардлага тавьж, банкны эзэд буюу банкны даацыг нэмэх гэж байгаа юм. Энэ том шаардлага нь. Шалтаг, шаардлага нь ОУВС-тай хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд орчихсон. Банкны системийн аюулгүй байдал, тогтвортой байдлын системийг бид ингэж хийж баталгаажуулна гээд хоёр талаасаа тохиролцсон. Том утгаараа бид үүнийг заавал хийх ёстой. Иргэдийн төрд болон банкны системд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.
-Хуулийн төслийг нууцын зэрэглэлд хэлэлцээд баталсан. Хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Ердийн горимоороо явна. Ердийн горим гэдэг нь хууль батлагдаад Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэний дараа хэрэгжээд явна гэсэн үг.
-Ийм хууль баталлаа гээд банкуудын зүгээс ямар байр суурь илэрхийлж байгаа вэ?
-Ерөнхий утгаар нь үүнийг дэмжих ёстой. Банкууд үүнийг дэмжиж байгаа ч гэж итгэж байна. Банкны эзэд, харилцагчид ч дэмжих учиртай. Банкинд итгэх итгэлийг алдагдуулахгүй, цаашид тогтвортой барьж явах учраас банкны эзэд энэ хуулийг дэмжих үүрэгтэй. Банкны систем эмзэг. Хаа нэг газар доголдол гарвал систем рүүгээ нөлөөлж байдаг. Тэр утгаараа энэ систем бүхэлдээ эрүүл явах ёстой. Ингэж гэмээнэ хөрөнгө оруулагчдын хувьцааны үнэлгээ тогтмол байна, иргэдийн итгэл нэмэгдэнэ. Банкнаас мөнгө гадагшлах үйл явц болохгүй.
Засгийн газраас хуулийн төслийг нууцын зэрэглэлд хамруулаад өргөн барьсан учраас хуулийн концепцийг танилцуулах, зөв ойлгуулах ажил нь хязгаарлагдмал болчихдог юм байна.
-Нууцын зэрэглэлд багтаан оруулж ирсэн нь эрх баригч МАН-ынхан өөрсдийн намын гишүүдийнхээ банкинд төрөөс мөнгөн дэмжлэг үзүүлэх гэж байна гэсэн хардлага байсан. Үнэний ортой гэж хүмүүс ярих юм?
-Тийм зүйл огт байхгүй. Хуулийн төслийг батлахаар хэлэлцэх явцад огт тийм концепци байгаагүй.
-Уг хуульд хамрагдах системд нөлөө бүхий 5-6 банк байдаг талаар та дурдсан. Яг ямар банкууд үүнд хамаарч байна вэ?
-Засгийн газар хууль өргөн барихдаа нууцын зэрэглэлд хамруулсан тул нэрлэх боломжгүй.