Categories
мэдээ нийгэм

​МҮЭ-ийн холбоо татварын шинэчлэлийг шудрагаар хийхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна

МҮЭ-ийн холбооноос татварын хуульд нэмэлт шинэчлэлт оруулахыг санаачиллаа. Шинэчлэлийг орлогын ялгаатай байдал болон амьжиргааны түвшин зэргээс шалтгаалан оруулжээ. Ингэснээр иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлж, баялгын хуваарилалтын тэгш бус байдлыг арилгах зэрэг чухал ач холбогдолтой юм.

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэхдээ “Бид 600-700 мянган төгрөгний цалинтай. Нэг өрхийн ард гурван хүүхэд нэг настан, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл ажилгүй иргэн байдаг. Энэ авч буй цалингаа таван хүнд хувааж үзвэл нэг хүнд 100 гаруй мянган төгрөг ногдож байна. Гэтэл өнөөдөр амьжиргааны баталгаажих доод түвшин 200 мянгад хүрчихээд байна. Эдгээр хүмүүстээ татварын хөнгөлөлт үзүүлэх хүнлэг саналыг МҮЭ-ийн хорооноос хүсэж байна. Улаанбаатар хотод амьдарч буй хүмүүс хотын төсвийн 80 хувийг цалингаас төлсөн татвараас бүрдүүлж байдаг. Иймд бидний санал санаачилгыг бүрэн тусгах ёстой. Монголын хүн амын 30 хувь нь ядуу, тэтгэмжийг хэрэгжүүлэхгүй тохиолдолд 50 хувь нь ядуу, цаашлаад татварын болон бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхгүй бол 70 хувь нь ядуу түвшинд шууд ороход бэлэн байна. Хэрэв татварын бодлогыг найр наадам дөхүүлж, иргэдийн амралтыг далимдуулан ил тод бус батлавал МҮЭ-ийн байгууллага татварын хуулийг хүчингүй болгох, хориг тавиулах асуудалд анхаарах болно” гэв.

Хуулийн нэмэлт шинэчлэлтэд дараах саналуудыг оруулжээ.

– Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлтийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу өрхийн гишүүнд ногдох амьжиргааны түвшинтэй уялдуулан тогтоох

– Хамтын гэрээний дагуу ажил олгогчоос олгож буй хоол, унаа, түлээ нүүрс, цахилгааны хөнгөлөлт, үзвэр үйлчилгээний олговор;

– Өндөр өртөгтэй мэс засал хийлгэхтэй холбогдож, тухайн хүнд зориулсан хандивын тоглолт, бусад орлогоос олсон орлого;

– Соёл урлагийн байгууллагууд, спортын холбоо, спортын клубийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор өмчийн бүх хэлбэрийн байгууллагуудаас өгсөн арван сая төгрөг хүртэлх хандив, түүнчлэн хөдөлмөрлөх эрх ашигтай холбогдох үйл ажиллагаанд зориулсан нийгмийн даатгалын шимтгэл;

– Хүүхдийн хадгаламжийн хуримтлалын орлого, өндөр насны тэтгэвэр авагчид төрөөс үзүүлж буй хувцааны ногдол ашиг;

– Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсэнтэй холбогдсон заалтад татварын хувь хэмжээг шатлалтай болгож, ялгаатай тогтоох, тухайлбал 100м.кв- аас бага бол 0,5 хувь, 100м.кв- аас их бол нэг хувь гэх мэт;

– Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсвэл орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид арван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлэх;

– Мөн татварын хуулийн цоорхойг ашиглан их хэмжээний татвараас чөлөөлөгдөж байгааг зөв шудрагаар ногдуулах гэсэн саналуудыг тусгав.

Хуулийн шинэчлэлтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос орон даяар иргэдийн саналыг авч шинэчилсэн найруулгын төсөлд удаа дараа санал хүргүүлжээ. Гэвч 2018 оны тавдугаар сарын 29-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд саналын ихэнх нь тусгагдаагүй аж.

Н.Энхтэнгэр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *