Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Даага унаж уралдсан хоёр настай хүүгийн ээж Н.Отгонцэцэг: Нөхрөө яагаад нялх үрээ даага унуулж уралдуулсныг ойлгохгүй байгаа

Дорнод аймгийн Баянтүмэн сумын алдарт уяач Г.Батболд өнгөрсөн тавдугаар сарын 18-нд зээ хүүгийнхээ даахийг үргээх найр хийхдээ хууль, журам зөрчиж, даага уралдуулсан байдаг. Дээрх уралдааны үеэр хоёр настай хүүхдээ эмээл дээр нь уяагаар хүлж, уралдуулсан нэгэн эцгийн хэрэг мандаж, нийгэм даяар дуулиан шуугиан тариад буй. Хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн дээрх үйлдэлтэй холбоотой асуудлыг олон нийт “Хөдөөний, хэнэггүй нь дэндсэн эрчүүд морь нь уралдаж л байвал хүүхэд үхэх нь хамаагүй. Тэр аав хүүхдийнхээ төрсөн эцэг нь биш байх. Хоёр настай хүүхдээ морь унуулж байхад ээж нь хаана, юу хийж явсан юм” гэх мэтээр шүүмжилж, дор бүрнээ хариуцлага нэхэн шогширч байна. Тэгвэл хоёр настай хүүхдийг ямар учраас даага унуулж, уралдуулсан талаар сурвалжлахаар манай сонины сурвалжлах баг Дорнод аймгийн Баянтүмэн сумыг зорьсон юм. Баянтүмэн сум төдийгүй Дорнод аймгийнхан “Ганц нэгхэн хүнээс болж нутгийн нэр сэвтэж байна. Фэйсбүүкээр дүүрэн сум, аймгаараа гоочлуулж байна. Телевизээр хүртэл хүүхдийн амь насаар наадах дөхсөн аймгийнхан гэж гарч байна лээ” гээд л ярьцгааж байв. Хоёр настай хүүхдээр даага унуулж уралдуулсан бэсрэг наадмын талаар бид нэхэн сурвалжиллаа.

Сумандаа хурдан морьдтой гэдгээрээ алдартай сумын алдарт уяач Г.Батболд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн галын зээ хүүгийнхээ даахийг үргээх гэж байгаа талаараа ах дүү, хамаатан садан, нутгийнхандаа зар тараажээ. Мөн нутгийнхаа уяачдад “Найрны үеэр даага уралдуулна. Бай шагнал өгнө” гэдгээ дуулгажээ. Энэ нь өнгөрсөн зунаас хойш огт морь уралдуулаагүй уяачдын ёстой л гижгийг хүргэсэн мэдээ болж дуулдсан байна. Учир нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны зургадугаар сарын нэгэн хүртэл улс даяар хурдан морь уралдуулахыг хориглох шийдвэр гаргасан билээ. Өвөл, хаврын улиралд морь уралдуулж сэтгэлийн цэнгэл эдлээгүй уяачдын нар нь гарч, даага сургаж эхэлжээ. Сум даяар “Уяач Г.Батболд зээ хүүгийнхээ даахийг үргээхдээ даага уралдуулах гэнэ” гэх яриа хуурай өвсөнд тавьсан түймэр шиг л хурдацтай тархаж, хүн бүрийн чихэнд хүрчээ.

Бүр сумын Засаг даргын Тамгын газарт хүртэл яригдсан байна. Тавдугаар сарын 18-ны өглөө морь цагт зээ хүүгийнхээ үсэнд хүрч, тал талаас цугларсан уяачид даагаа мордуулжээ. 23 даага бүртгүүлээд гарсан байна. Сумын Засаг даргын Тамгын газарт ажилладаг хүмүүсээс эхлээд тэнд олон хүн цугларсан байна.

Г.ХАНГАЛХУЛАН ХОЁР НАСТАЙ ХҮҮГЭЭ ЭМЭЭЛ ДЭЭР НЬ ХӨДӨЛГӨӨНГҮЙ БОЛТОЛ НЬ ДАРУУЛЖ ХҮЛСЭН ГЭВ

Дааганы уралдаанд хээр даагаа сойсон Г.Хангалхулан хоёр настай хүүгээ машиндаа суулгаад уралдаан болох газарт очжээ. Гэвч яг даага уралдах өдөр дунд сургуулийн хүүхдүүд улсын шалгалт өгч байсан учир унаач хүүхэд нь ирж чадаагүй байна. Унаач хүүхэд ирээгүйгээс зарим уяач даагаа уралдуулж чадалгүй буцсан гэнэ. Харин Г.Хангалхулан хоёр нас хүрээд удаагүй байгаа хүүхдээ унуулахаар шийдэн эмээлийг нь янзалж, дөрөө сурыг нь богиносгож, хүүгээ эмээлтэй нь хүлжээ. Тэрбээр хүүгийнхээ зузаан гуяар нь даруулж, эмээлтэй нь хүлсэн байна. Наадамчид ч “Хаашаа ч хөдлөх боломжгүй болтол нь даруулж уясан байсан” хэмээн ярьсан байна. Г.Хангалхулан хүүгээ хөтөлж яваад гарааны зурхай дээрээс эргүүлээд тавьжээ.

Хоёр нас гурван сартай Х.Од-Эрдэнэ хүү хээр дааганыхаа нуруун дээр давхиж явахдаа “Ээдээ, Ээдээ” гээд л ээжийгээ нэхэн уйлж явсныг унаач хүүхдүүд дараа нь ярьж байсан гэнэ. Хүү дөнгөж хэлд орж байгаа болохоор ээжийгээ “Ээдээ” гэж дууддаг байна. Ээжийнхээ мөөмнөөс өөр зүйл ширүүхэн барьж үзээгүй булбарай жаахан гараараа жолоогоо тас атгачихаад л толгой нь гэдэлзэж, хэдэн тийшээ савлаад л давхиж явсан байна. 20 гаруй даага гарааны зурхайгаас улаан тоостой эргэж, юу ч харагдахгүй шахам тоосон дунд орох үед хөөрхий хүү бархирч эхэлжээ. Хурдан морины унаач хүүхдүүдийн гүүглэх хашхираан дундаас Х.Од-Эрдэнийн уйлах дуу илүү чанга сонсогдож байсан гэнэ. Дааганы уралдааны таван километр замд хүүгийн унаж явсан хээр даага гурван ч удаа үлийний нүхэнд бүдэрсэн гэнэ. Азаар хүү, даага хоёр уналгүй торойтол давхисаар барианд оржээ.

ХҮҮГ “МОНГОЛ ЭР ХҮН ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ БАЙНА ДАА. ОДОО ДААГАТАЙ УРАЛДАЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ИРЭХ ЖИЛ ИХ НАСНЫ МОРЬ УНАХ ЮМ БАЙНА” ГЭЖ НААДАМЧИД ӨХӨӨРДЖЭЭ

Дааганы уралдаан үзсэн хүмүүс “Ямар хөөрхөн юм бэ. Ийм жаахнаасаа даага унаад эхэлж байгаа юм уу. Даага нь ч хөөрхөн байна. Хүүхэд нь бүр хөөрхөн, эгдүүтэй юм. Тэр нүүрийг нь хараад байгаарай, халтайгаад битүү шороо болчихсон байна. Ёстой л монгол эр хүн гэдэг чинь энэ байна даа. Одоо даагатай уралдаж байгаа юм чинь ирэх жил их насны морь унах юм байна” гээд л тал талаас нь барьж авч үнсэж өхөөрджээ. Хээр даага зургаад давхисан байна. Г.Хангалхулан хүүгээ мориноосоо уналгүй давхиад ирсэнд, уясан даага нь шандастай байсанд баярлаж байсан нь илт. Дорнод аймгийн Баянтүмэн сумын хоёрдугаар багийнхан сумын алдарт уяач Ш.Батболдын зээ хүүгийнхээ даахийг үргээх ёслолд болсон дааганы уралдааныг ингэж л үзэж, хөөрцөглөжээ.

Наадамчид дундаас хэн ч хоёр настай хүүгээ дааган дээр мордуулаад зогсож байхад нь болиулаагүй байна. Мөн Баянтүмэн сумын Морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга хоёр настай хүүг даага унаад барианд давхиад орж ирж байхад нь гар утсан дээрээ бичлэг хийгээд зогсож байжээ. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар сумын уяачдын холбооны даргадаа ерөнхий нарийн бичгийн дарга нь дургүй гэнэ. Тэгээд “Баянтүмэн сумын уяачдын холбоо ажлаа хийхгүй байна” гэх утга бүхий зүйлсийг дээрх бичлэгтэйгээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын фэйсбүүк хаяг руу явуулсан байжээ. Ингээд улс орон даяар энэ асуудал анх цацагдаж, дуулиан шуугиан тарьжээ. Улмаар Дорнод аймгийн цагдаагийн хэлтэс, Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүдийн баг наадам зохион байгуулсан Г.Батболд, хоёр настай хүүхдээр морь унуулсан Г.Хангалхулан нарын гэрт очиж, шалгалт хийж эхэлжээ. Хүүгийн аав, ээжээс цагдаа нар мэдүүлэг авч, прокурор хэргийг нь хянаж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас аав, ээжийг нь хүүхдээ асран хамгаалж чадах эсэхийг судалж, сумын Засаг даргын Тамгын газраас ажилтнууд ар араасаа цувран иржээ. Ингээд хууль зөрчин морин уралдаан зохион байгуулсан Г.Батболд, хоёр настай хүүхдээрээ даага унуулж, уралдуулсан Г.Хангалхуланд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 3.2 дугаар хэсэгт заасан “Хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюултай тоглоом наадамд оролцуулсан” гэх үндэслэлээр торгох арга хэмжээ авчээ.

Бид Дорнод аймгийн төвөөс зүүн урагшаа давхисаар Хуурай марз нуурын урд дэнжид зусаж байгаа Г.Хангалхулангийн гэрт очлоо. Гэрт нь хүн байсангүй. Саахалт айлын хүмүүс гэрийн эзэгтэй хүүгээ дагуулаад аймгийн төв явсан гэв. Харин гэрийн эзэн сүүлийн хэд хоног малын эрэлд яваад гэртээ тогтохгүй байгаа хэмээн ярьсан юм. Нутгийн иргэдээс сурагласаар хоёр настай Х.Од-Эрдэнэ хүү болон түүний ээж Н.Отгонцэцэг нарыг өвөө О.Мөнхжаргалындаа байхад нь очлоо. Бага таван ханатай гэрийн гадаа хэдэн ишиг, хурга тонгочиж байх ажээ. Хажууханд нь хоёр нас дөнгөж хүрч байгаа болов уу гэмээр бор хүү ишиг, хурганы араас тэнтэр тунтар алхаж байх юм. Сэвлэг нь салхинд хийсчихсэн хүү машин ирээд зогсох үед гэрийнхээ зүг хурдан хурдан алхсаар орчихлоо. Төд удалгүй 60 орчим настай болов уу гэмээр өндөр бор хүн хүүг хөтөлсөөр гарч ирэв. Хурга, ишигний араас хөөцөлдөж зогссон жаахан хүү даага унасан өнөөх хүү мөн байжээ. Гэрийн эзэдтэй мэнд мэдээд,сурвалжлага хийж яваагаа дуулгав.

Баянтүмэн сумын гуравдугаар багийн малчин О.Мөнхжаргал “Хүүхдүүд хэл аманд ороод хэцүүхэн байдалтай байна. Г.Хангалхулан миний зээ охины гэр бүлийн хүн. Цөөн хэдэн малтай, өөрсдийгөө болгоод л амьдарч яваа улс. Манай хүргэн хүү морь уях сонирхолтой. Аав нь ч аймаг, сумандаа нэртэй, алдартай уяач. Хүргэн бүр бага байхдаа морь унаж сурсан, хурдны морь ч сайн унадаг гэж ярьж байсан. Хоёр настай энэ муу жаахан хүүгээ яагаад даага унуулаад уралдуулсан талаараа ярихгүй л байна. Би уралдаан болсных нь дараа хаврын туранхай даага унуулдаг нь яаж байгаа юм бэ гээд загнасан. Энэ муу жаахан амьтнаар даага унуулж л байдаг. Хүүхдээ даага унуулсан асуудлыг би огт өмөөрч хаацайлахгүй. Залуу хүмүүс дэндүү зоригтой, хэцүү хатуу зүйлийг мэдэхгүй болоод ийм болчимгүй үйлдэл гаргасан байх” хэмээн ярьсан юм.

МАНАЙ НӨХӨР НАДАД ХҮҮГЭЭ ТОМ БОЛОХООР Л МОРЬ УНУУЛЖ СУРГАНА. БАГА БАЙХАД НЬ АДУУНД ОЙРТУУЛАХГҮЙ ГЭЖ АМ ӨГСӨН” ГЭВ

Хоёр настай Х.Од-Эрдэнэ хүүгийн ээж Н.Отгонцэцэгтэй цөөн хором ярилцлаа.


-Хоёр настай хүүгээ даага унаж уралдсан гэдгийг хэзээ мэдсэн бэ?

-Болд ахынх дааганы уралдаан хийж байгаа гээд хээр даагаа уясан. Наадам болсон өглөө хүүгээ дагуулаад явсан. Би хонио хараад үлдсэн юм. Тухайн үед хүүхдээрээ даага унуулах талаар юу ч хэлээгүй. Миний санаанд ч тийм зүйл огт бодогдоогүй. Аавыгаа дагаж яваад ирнэ биз гэж бодоод л явуулсан. Тэгээд удалгүй даага зургаад орсон, бай авсан гээд л ирсэн. Тэгэхдээ даага унах хүүхэд олдохгүй хүүхдээрээ унуулчихлаа гэсэн. Эхэндээ тоглож байгаа юм байх гэж бодоод итгээгүй. Харин сүүлдээ итгэж ийм жаахан хүүхдээр яагаад даага унуулсан юм бэ гээд л уурласан. Надад манай хүн юу ч хэлээгүй.

-Хүүхдийнхээ зузаан гуяар нь эмээлтэй нь даруулж хүлсэн байсан гэсэн. Хөл нь зүгээр байсан уу. Биеийнх байдал зүгээр байгаа юу?

-Зүгээр байсан. Бие нь зүгээр байгаа. Ямар нэгэн өөрчлөлт ажиглагдаагүй байна. Манай нөхөр амьдралаа босгох гэж айлуудын олон адуу хардаг. Сардаа 400 гаруй мянган төгрөгийн цалин авдаг юм. Өдөржин адуунд яваад завгүй байдаг болохоор хүүхдийн эрхийг хамгаалах хууль, журам зэргийг мэдэхгүйгээс ийм үйлдэл хийчихсэн байх. Яагаад нялх үрээ дааган дээр мордуулаад явуулсан гэдгийг одоо бодоод ч ойлгохгүй байгаа. Хэрэв би дагаж явсан бол юу гэж ийм нялх хүүхдээ даага унуулах вэ.

-Танайд хүүхэд хамгаалах байгууллагын олон хүн ирсэн үү?

-Хамгийн анх сумын морины холбооны нэг хүн бичлэг хийсэн. Түүнийгээ Улаанбаатар хотын хүүхэд хамгаалах газрын дарга руу явуулсан гэсэн. Тэрний дараа маш олон хүн ирсэн. Нөхөр бид хоёр ч аймаг орж асуугдаж байцаагдсан. Хүүхэд чинь танай нөхрийн хүүхэд мөн үү гэх зэргээр олон асуулт асууж байна лээ. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг дахин дахин сөхөөд нөхрөөсөө асуугаад байх хэцүү байна. Хүүгээ эсэн мэнд хүрээд ирсэнд баярлаж байна. Уралдааны талаар бодохоор айдас хүрээд хэцүү байгаа. Дахиж ийм асуудал гаргахгүй гэж л хэлмээр байна даа. Манай нөхөр ч надад хүүгээ том болохоор л морь унуулж сургана. Бага байхад нь адуунд ойртуулахгүй гэж ам өгсөн гэв.

Х.Од-Эрдэнэ хүү хурдан морь унаж, салхи эсгэрүүлэн давхих нь битгий хэл, шилбүүр ч унаж чадахгүй нялх. Дөнгөж хэлд орж байгаа хүү “гого, аабаа, ээдээ, ий, баба” гэх мэт хэдхэн үг хэлж чаддаг. Зургийг нь дарахаар манай зурагчин дээр тэнтэр тунтар алхсаар хүрч ирээд өөрийнхөө зургийг гараараа заагаад “гого” гэж хэлэх нялх үрээ зэрлэг цэнгэл догшин адуун дээр хүлээд зогсох аавыг буруутгахаас өөр аргагүй. Нөгөө талаар хөдөө, орон нутагт амьдарч байгаа малчдын зарим нь XXI зуунд амьдарч байгаагаа мэдэхгүй эзэнгүй хөдөөд захиргаагүй ардууд юу дуртайгаа хийж, хууль дүрэмгүй мэт амьдарч байна. Үүний тод жишээ нь хоёр настай хүүхдээ хурдан морь унуулсан явдал. Түүнчлэн малчид хуулийн мэдлэгээ дээшлүүлэх талаар огт анхаардаггүйг захын хүн хэлж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинээр батлагдсан хуулийн талаар мэдээлэл гардаг ч ач холбогдол өгч олж, үзэх хүн өдрийн од мэт гэдгийг ч онцолж байсан юм. Олонх нь зохиолын дуучдын тоглолт, хурдан морины уралдаан, олон ангит солонгос киног л чухалчилж байна. Улс төрийн холбоотой мэдээллээ “Монгол коммент”-оор төсөөлж, бараг энэ нэвтрүүлгийн мэдээллээс өөр сонин сайхан, боловсролгүй шахам сууж байгаа нь тэднийг хууль зөрчих, гэмт хэрэгтэн болгох зүйл рүү түлхэж байгаа гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт амьдарч байгаа залуусын олонх нь мэдлэг боловсролгүй, харанхуй бүдүүлэг байсаар байна. Дорнод аймгийн иргэдээс шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн талаар асуухад мэдэх хүн бараг л олдсонгүй. Зарим нь “Тийм хууль батлагдсан гэж сонссон” гэж хариулж байв.

Үргэлжлэл бий



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *