Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр анхан болон ахисан түвшиний “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт тав хоногийн сургалт 2018 оны зургадугаар сарын 18-ны өдрөөс 22-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд амжилттай болов.
Сургалтыг БНСУ-ын Үндэсний цагдаагийн газрын сургагч багш, цагдаагийн хурандаа Жон Даэ Йонг, цагдаагийн хошууч На Чон Гю, цагдаагийн ахлагч Жон Хван Су нар БНСУ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагааны туршлага, холбоо харилцааны сүлжээнд тавих хяналт, тоон ул мөрийг бэхжүүлэх, нээлттэй эх сурвалжаас мэдээлэл цуглуулах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хичээл сургалтыг явууллаа.
Энэхүү сургалтын онцлог нь энэ чиглэлээр ажиллаж байгаа алба хаагчдыг цахим гэмт хэргийн үед үлддэг ул мөрийг тогтоож илрүүлэх чадварыг эзэмшүүлэх зорилгоор алба хаагч бүрийг цахим орчинд ажиллуулж, дадлага сургалтыг явуулж байгаагаараа ач холбогдолтой болж өндөрлөв.
Сургалтын нээлт, хаалтын үйл ажиллагаанд БНСУ-ын элчин сайдын яамны цэргийн атташе Ким Дохан, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Ган-Эрдэнэ, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Амар, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн дарга, удирдлагууд оролцож, сургалт амжилттай болсон юм.