Categories
мэдээ цаг-үе

Ш.Мөнхбаяр: Ойр ойрхон хоолой өвдөх, шүдээ эмчлүүлэхгүй байх, даарах зэрэг нь бөөрийг өвчлүүлдэг

Бөөрийг дотоод эрхтний язгуур, бүх нүх сүвийн эх, амьдралын үндэс гэж үздэг. Бөөр бол тархийг тэжээх, нурууны ясыг бэхжүүлэх, биеийн элч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх үйл ажиллагаатай холбоотой эрхтэн юм. Бөөр муудахад хүний цусан хангамж дордож, булчин шөрмөс сулран, биеийн ерөнхий эсэргүүцэл аажмаар доройтдог. Бөөр нь хүний биеийн хортой бодисыг гадагшлуулж цэвэршүүлэх үүрэгтэй хос эрхтэн бөгөөд биед үүсдэг хортой илүүдэл шингэнийг өвчилсөн бөөр бүрэн зайлуулж чадахгүй болсноос хамаг өвчний шалтгаан болдог байна. Дашрамд дурдахад энэ өвчнөөр эмэгтэйчүүд өвчлөх нь элбэг. 35-45 насны хүмүүст архаг үрэвсэл илүү өндөр илэрч, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс гурав дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилж байна. Энэ нь бүсгүйчүүд хүйтний улиралд доороосоо даардагтай холбоотой. Мөн эмэгтэйчүүдийн шээсний сүв богино байдаг нь өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг гэнэ. Манай улсын 10 хүн тутмын нэг нь бөөрний эмгэгтэй гэсэн судалгаа байдаг. Иймд бид бөөртэй холбоотой өвчин эмгэг яагаад гардаг, түүнээс яаж урьдчилан сэргийлэх болон өвдсөн тохиолдолд ямар төрлийн эмчилгээ хийх талаар “LUX Dialysis” эмнэлгийн тасгийн эрхлэгч, бөөр гемодиализийн их эмч, анагаах ухааны магистр Ш.Мөнхбаяртай ярилцлаа.


-Сүүлийн үед бөөрний өвчлөл нэмэгдэж байна. Тэр дундаа хүүхдүүдийн дунд гүйлсэн булчирхайн үрэвслээс болж бөөр өвдөх нь их болсон гэсэн яриа байна?

-Бөөрний архаг эмгэгийн тархалт жилээс жилд нэмэгдсээр байна. Бөөрний архаг эмгэг нь хүн амын дунд өргөн тархсан бөгөөд янз бүрийн шалтгаантай өвчний улмаас бөөрний үйл ажиллагаа алдагдсанаар бөөрний архаг дутагдалд хүргэж байна. Манай улсад бөөрний эмгэгийн тархалт эрүүл мэндийн сүүлийн 10 жилийн үзүүлэлтээр нийт хүн амын өвчлөлийн шалтгаан дотор гуравдугаар байр, хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөлийн шалтгаан дотор тэргүүлэх байр эзэлж байна.

-Энэ төрлийн өвчлөл ихсэж, залуужиж байгаагийн гол шалтгаан нь юу байна вэ?

-Дэлхий дахинд хүн амын жилийн дундаж өсөлт 7% байгаагаас Азийн орнуудад хоёр сая хүн бөөрний архаг эмгэгээр өвчилж байгаагийн ихэнх нь залуу, хөдөлмөрийн насныхан эзэлж байна. Бөөр шээсний замын тогтолцооны өвчлөлүүд дотроос бөөрний үрэвсэлт өвчин 56 хувийг эзэлж байна. Үүнээс гадна бөөрний архаг үрэвсэлд 16-29 насны залуус илүү өртөмтгий байгаагийн зэрэгцээ эмэгтэйчүүд эрчүүдээс 2.6 дахин илүү өвчилж байна. Мөн бөөртэй холбоотой өвчлөлийн насны байдал 20-44 байгаа нь судалгааны явцад илэрсэн. Өвчлөл ихсэж, залуужиж байгаагийн гол шалтгаан нь бага насандаа хоолойны өвчнөөр ойр ойрхон өвдөх, шүд цоорох өвчнийг эмчлүүлэхгүй удаан явах, дороосоо даарах, цаашлаад хөдөлмөрийн насандаа ирэхээрээ өөрийн биеийн ачаалал даах чадвараас хэт хүндэдсэн ажил хөдөлмөр эрхлэх, хорт зуршилтай болох түүнчлэн зохисгүй хооллолт, таргалалт, эмийн замбараагүй хэрэглээ зэрэг нь ихээр нөлөөлж байна.

-Бөөрөө эрүүл байлгахын тулд юуг анхаарах ёстой вэ. Тухайлбал, хоол хүнс бөөрөнд нөлөөлөх үү?

-Нөлөөлөлгүй яахав. Бөөрөө эрүүл байлгахын тулд эрүүл, чанарын баталгаатай, өдөр бүр шинэ мах, ногоогоор бэлтгэсэн хоол хүнс хэрэглэх шаардлагатай. Хоол нь бөөрний үйл ажиллагааг дэмжих, бодисын солилцооны исэлдэлтийн бүтээгдэхүүнийг биеэс гадагшлуулах явцыг идэвхжүүлэх, эмгэг өөрчлөлтийг арилгахад ач холбогдолтой байдаг. Хамгийн чухал нь хоолны давсны хэрэглээг бууруулж, давсыг хоногт 5-7 граммаас хэтрүүлэхгүй хэрэглэнэ. Харин даршилж нөөшилсөн хүнс, архи согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа, халуун ногоо, хоол амтлагч зэргийг хориглоно.

-Эрүүл хүн гэнэт бөөрний дутагдалд орох тохиолдол хэр их бий вэ. Урьдчилан сэргийлэх шинжилгээг ямар хугацаанд, хэдэн наснаас дээш хүмүүс өгч байх ёстой вэ?

-Ер нь хүүхэд ч бай, том хүн ч бай урьдчилан сэргийлэх үзлэгт жилд хоёр удаа хамрагдаж байх хэрэгтэй. Бөөрний өвчний урьдчилан сэргийлэлт нь анхдагч, хоёрдогч, гуравдагч сэргийлэлт гэж байдаг. Анхдагч сэргийлэлт нь зөв хооллолт юм. Тэжээллэг чанартай хоол хүнс хэрэглэх, ажил амралтын дэглэмээ зөв зохицуулах, аливаа үрэвсэлт өвчнөөр өвчлөхөөс сэргийлэх явдал байдаг. Өөрөөр хэлбэл, ямар нэг өвчнөөс урьдчилан сэргийлэх аргаас суралцаж, биеэ эрүүл авч явах хэрэгтэй гэсэн үг. Хоёрдогч сэргийлэлт нь бөөрний хурц өвчин, эмгэгийг богино хугацаанд гүйцэд эмчлүүлэх, бөөрний эмгэгийн хурцдал даамжирлаас урьдчилан сэргийлэх, давс багатай хоол хэрэглэх, алдсан хөдөлмөрийн чадвараа богино хугацаанд сэргээх, ажил хөдөлмөрийн чадвараа аль болох удаан хугацаанд хадгалахад чиглэгдэнэ. Гуравдагч сэргийлэлт нь тухайн өвчний онош бүрэн төгс батлагдсан тохиолдолд уг өвчнийг цааш нь даамжруулахгүй байх эмчилгээг тогтмол хийлгэж эмчийн заавар зөвлөгөөг дагах, эмчилгээний дэглэм сахих ёстой. Бөөрний өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга нь дулаан хувцаслаж, даарч хөрөхгүй байх явдал бөгөөд хоолой, ам залгиурын үрэвсэлт өвчин, амны хөндийн өвчин, шүдний өвчнийг цаг тухайд нь бүрэн төгс эмчлүүлж, хоол унд, ажил амралтаа зөв зохицуулах явдал юм.

-Танай эмнэлгийн хувьд бөөр орлуулах хичнээн аппараттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна вэ. Өдөрт хэдэн хүн үйлчлүүлэх үү?

-Манай диализийн төв нь 2017 онд дөрвөн жилээр магадлан итгэмжлэхээ авсан албан ёсны биеэ даасан эмнэлэг юм. Манай аппарат, тоног төхөөрөмж, хэрэгсэл АНУ-аас ирсэн, чанарын өндөр түвшинг хангасан байгаа. Одоогоор нийт 12 аппарат бий. Өдөрт хоёр ээлжээр 24 хүн үйлчлүүлдэг бөгөөд байнгын 48 үйлчлүүлэгчтэй. 2017 оноос эхлэн үйлчлүүлэгчдийн гемодиализийн эмчилгээний зардлыг төрөөс хариуцдаг болсон ч жил бүр тендер зарлан үйл ажиллагаа явуулах эрх олгодог нь жаахан учир дутагдалтай санагддаг. Манай улсад нийт 700 орчим бөөрний дутагдалтай хүн байгаа ч жил бүр 100 гаруй хүн шинээр нэмэгдэж оношлогддог. Иймд Эрүүл мэндийн даатгалд хамрагдчихвал тухайн байгууллага болон үйлчлүүлэгчдэд дараалал, хүлээгдэл үүсэхгүй амар хялбар болно гэж боддог.

-Даралт ихэсч, багасах нь бөөртэй холбоотой юу?

-Бөөр нь артерийн даралтын зохицуулгад олон талын үүрэг гүйцэтгэдэг учраас бөөрний эмгэгийн үед цусны даралт ихсэх шинж тэмдэг ямар нэг хэмжээгээр илэрдэг. Цусны даралт ихсэх нь далд хэлбэрээс эхлэн тогтвортой өндөр хорон байдлаар явагдаж болно. Бөөрний гипертензийг шалтгаанаар нь цуллаг эдийн /ренопаренхиматоз/ ба бөөрний артерийн судасны /вазореналь/ гэсэн хоёр том бүлэгт хуваадаг.Бөөрний түүдгэнцрийн цочмог, архаг үрэвслүүд, завсрын эдийн эмгэгүүд, хоёрдогч нефропати, амилоидоз, поликистоз, хавдар, гипоплази гэх мэт цуллаг эдийн өвчнүүд нь бөөрний даралтын шалтгааны дийлэнх буюу 70 хувийг эзэлдэг. Эдгээрийн дотроос бөөрний түүдгэнцрийн үрэвсэл голлох шалтгаан болдог.

-Манайхан “Бөөрний үрэвсэлтэй” гэчихээд тоодоггүй. Энэ нь бөөрний дутагдалд ороход нөлөөлөх үү. Ямар тохиолдолд бөөрний дутагдалд ордог юм бэ. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?

-Бөөр өвдөхөд заавал эмчид үзүүлж, шаардлагатай гэсэн шинжилгээг өгч, эмчийн заавраар эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Хүн бүр адилгүй учир ямар онош тавигдсан байна, түүний дагуу эмчийн зөвлөсөн эмчилгээг хийлгэх ёстой. Бөөрний үрэвсэлтэй байна гэдгээ мэдсэн мөртлөө тоохгүй яваад л байдаг, яваад л байдаг. Ямар ч дэглэм сахихгүй, ямар ч эмчилгээ хийлгэхгүй, эсвэл хэн нэгэн хүнээс сайн гэсэн эмийг дураараа авч хэрэглэсэн зэргээс үүдэлтэй бөөрний өвчнөө архагшуулж орхидог. Энэ нь цааш даамжирсаар бөөрний архаг дутагдалд хүргэдэг. Бөөрний архаг дутагдалд оруулдаг олон янзын өвчин байдаг. Гол шалтгааны 60-70 хувийг гломерулонефрит, пиелонефрит эзэлж байна. Бөөрний архаг дутагдал нь хоёр бөөрийг хамарсан давшингуй явцтай архаг өвчний улмаас бөөрний бүтэц, үйл ажиллагааны хомсдолоос үүссэн эмнэл зүй, лабораторийн иж бүрдэл хам шинж юм. Нийт нефроны 50 хувь ажилгүй болоход клиник шинж илрэхгүй. Шүүлтийн түвшин 30-40 хувь болоход азотын бодис эрс өсөж, эхний шинжүүд илэрдэг. Манай улсад бөөрний архаг дутагдалтай хүний тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа учраас эрт үед нь илрүүлэг хийх, урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмолжуулах шаардлагатай байгааг харуулна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *