Эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналт муугаас хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийлэл өнгөрсөн жилээс 70 хувиар өссөн хэмээн өнөөдөр МҮЭСТО-нд болсон “Хүүхдэд хайртай монгол” хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч А.Батсүх онцлов.
НЗДТГ, “Эх орон бүтээн байгуулалтын танхим” ТББ хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд иргэд, эцэг эх, нийгмийн ажилтан, сурган хүмүүжүүлэгчдэд зөвлөгөө өгсөн юм.
Сүүлийн үед бага насны хүүхдийн дунд бие махбод болон бэлгийн хүчирхийлэлд өртөх, гэрээсээ дайжих, эцэг эхдээ хаягдах, төөрөх зэрэг асуудал ихсэх болсон нь эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч, олон нийтийн анхаарал халамж, хараа хяналт сул байгааг харуулж байна. Тиймээс тэдний идэвх оролцоо, үүрэг хариуцлага, сонор сэрэмжийг дээшлүүлэхийг хэлэлцүүлгийн үеэр онцгойлон анхааруулж байв.
“Хүчирхийлэгч багш нарт ногдуулдаг хариуцлага хэтэрхий хөнгөн, ажлаас нь халах юм уу торгоод өнгөрдөг. Гэвч тухайн багш ажлаа солиод дахин хүүхэд хүчирхийлдэг. Хүүхдийг хоолоо идсэнгүй гэж алгадсаар байгаад чихийг нь гэмтээсэн, ам руу нь аалз хийсэн зэрэг аймшигтай хэрэг гарсаар байхад чимээгүй өнгөрч болохгүй. Өнгөрсөн жил 1692 гэмт хэрэгт 1757 хүүхэд өртөж, үүний улмаас 127 хүүхэд амь насаа алдсан, бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсны 12 нь эрэгтэй хүүхэд байсан. Хүүхэд хүчирхийлдэг, эрхэнд нь халддаг этгээдүүдийг хар жагсаалтад оруулж, тэдний мэдээллийг олон нийтэд ил болгомоор байна. Ингэснээр цаашид хүүхэд хүчирхийлэгч этгээдийг олон нийт таньж, энэ хэргийн гаралт буурах болно” хэмээн хэлэлцүүлгийн зохион байгуулагч, сэтгүүлч С.Хүрлээ хэлэв.