“Карат Монголиа” К-Поп оддын тоглолт энэ сарын 23-нд болж өнгөрлөө. Энэхүү тоглолтод Монголоос OPOZIT хамтлаг, К-ПОП World тэмцээний шилдгүүд оролцсон бол БНСУ-аас NTB, LAU, Analogue Sunday зэрэг хамтлагууд, DJ HOT DOG нар ирж шүтэн бишрэгчдээ баярлууллаа. Тоглолтыг Солонгосын IMS, 7 IMS компани болон Монголын “Чоно орд” групп хамтран зохион байгууллаа. 7 IMS болон IMS хөрөнгө оруулалтын компаниуд нь Зүүн өмнөд Азийн орнуудад түлхүү хөрөнгө оруулдаг аж. “Чоно орд” группийн захирал Д.Отгонцагаан “Монгол улсаа төлөөлөн манай групп Солонгосын томоохон компаниудтай хамтарч соёлын, аялал жуулчлалын, техник, технологийн салбарт хөгжүүлэлт хийхээр гэрээ байгуулсан. Хамтын ажиллагааны анхны ажил маань энэ тоглолт. Дараагийн удаа Монголын урлагийг төлөөлөх залуус маань Солонгос улсад тоглолтоо хийх боломжтой. Ингэснээр нүүдэлчдийн соёлоо дэлхийд таниулах боломжийг нээж өгөх юм” гэлээ. К-ПОП урсгал сонирхогч Л.Энхтуяа “Өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал энэ удаагийнх өндөр түвшинд боллоо. Бидний хайртай хамтлагууд ирсэнд сэтгэл өндөр байна” гэв. NTB, LAU, Analogue Sunday, DJ HOT DOG нар Монголд анх удаа ирж байгаа юм байна.
Л.АНУДАРЬ