Categories
мэдээ нийгэм

Зэрлэг амьтдад зориулсан гарц бий болгоно

“Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц” байгуулах стандартыг Стандартчилал, хэмжил зүйн газар албан ёсоор баталжээ. Тодруулбал, дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын талуудтай хамтран олон талын судалгаанд үндэслэсэн боловсруулсан байна. Энэхүү стандартыг боловсруулах, батлуулах ажилд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, биологчид идэвхи санаачилгатай ажиллажээ.

Манай улс 2015 онд төв Азийн орнуудаас анх удаа “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу нүүдлийн туруутан амьтдад зориулсан гарц” байгуулах стандарттай болж байсан юм. Ийнхүү хоёр стандарттай болсноор Монгол орны аль ч хэсэгт авто зам, төмөр зам барихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах ёстой болж байгаа аж.

Уул уурхай эрчимтэй хөгжиж буй энэ үед шугаман дэд бүтцийн хөгжлийг дагаад зэрлэг амьтдын нүүдлийн зам хаагдах, амьдрах орчин тасархайтах өндөр эрсдэлтэй байдаг. Шинээр батлагдсан стандартуудыг хэрэгжүүлснээр дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн зэрэг амьтдын нүүдлийн замд саад учрахгүй байх боломж бүрдэж, хамгааллын зөв эхлэл тавигдсан тухай байгаль орчны салбарынхан онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *