Categories
мэдээ цаг-үе

Хоёр жилийн соёолонгийн түрүүтэй Тод манлай уяач Д.Одгэрэлийн ажнай хүлгүүд өнгөтэй байна

Хүй долоо худаг өнгөрөөд төрийн наадмын даага зурхайгаас эргэдэг Цагаан хөтөлийн наахна жалга өгсөөд гараад иртэл хурдан морь унасан хүүхдүүдтэй халз тааралчихлаа. Барагцаалбал, 50 гаруй хурдан их насны морь явж байгаа харагдлаа. Хэдэн талаас нь машин, мотоциклиор шахаад л “Эргэх болоогүй байна. Зурхай хүрэлгүй эргэвэл морийг чинь уралдаанаас хасна” гээд л хашхирах. Харин нөгөө талд хижээл насны эр “Эргэх болоогүй. Юугаа хийгээд байгаа юм бэ. Яваад өгөөч” гээд л машиныхаа цонхоор хашхирах. Хүүхдүүд түүний хэлж байгааг тоож, сонсож байгаа шинж алга. Өөдөөс нь “Эндээс эргэ гэж хэлсэн ш дээ. Ямар хол явуулдаг юм бэ. Эргээрэй, гүүг” гэж хашхираад ташуураа агаарт хий эргүүлэх юм. Энэ мөчид хурдан морьд тогтож ядан дүүхэлзэн, хоёр тийшээ ханараад байх. Хурдан морь унаад удаагүй байгаа бололтой жаалууд архаг унаач ах нарынхаа өөдөөс хараад нүд нь бүлтэлзээд, айж сандарч байгаа бололтой. Хэдхэн хормын дараа зурхайгаас морьд эргэлээ.

Хөндий талаар дурдан шаргал тоос тэнгэр баганадан босч, морьдын туурай газрын хөрс бөмбөрдөх аж. Бөөн тоосон дундаас хүүхдүүдийн гүүглэх цолгиун дуу л холдож, ойртон сонсогдоно. Гарааны зурхайгаас эргэсэн морьд салхи исгэрүүлэн бөөндөө хурд булаалдан давхилдаж, километр хүрэхгүй явсаар зул задарч, цуварлаа. Тод ногоон хувцас өмссөн хүүхэдтэй улаан буурал зүсмийн морь ганцаараа гараад зугтаачихлаа. Араас нь элбэгхэн биетэй, тавиухан давхилтай хээр, ухаа хонгор, цавьдар зүстэй гурван морь зуузай холбоотой, уралдах юм. Хурдан их насны морьд даган давхисаар хуучин Баянцогт сумын төв байсан газарт ирлээ. Ямар морь түрүүлж ирснийг харж амжсангүй. Барианд орсон морьдынхоо хөлсийг уяачид нь хусаад, нүүр нь халтар болсон унаач хүүхдүүд хүйтэн ундаа залгилж байхад нь очлоо. Багийн төвийн өдөрлөг наадам болж байгаа нь энэ аж. Наадмын баруун талд гандсан дээлтэй, бүсэндээ хусууртай өвгөд тойроод суучихжээ. Хажуугаар нь өнгө өнгийн шинэхэн дээлээр гангарсан залуус, морьтой, мотоцикльтой тоос татуулан давхилдах ажээ. Ай дэлхий дэлэгнэсэн дэлгэрхэн тал нутагт минь наадам айсуй. Хүн бүрийн амнаас наадам, наадмаар тэгнэ, наадам гэсэн үг гарах нь даанч сайхан. Монгол наадам хаяанд ирээд ирээд айлсчихжээ.

Хуучин Баянцогтоос зүүн хойш давхисаар Хар чулуутын өвөлжөөний хажууханд зусаж байгаа Монгол Улсын тод манлай уяач Дэшцэрэнгийн Одгэрэлийнд хүрч очлоо. Уяа дүүрэн, багширсан морьд уяатай байна. Зургаан гэр эгнүүлээд барьчихжээ. Уяач Д.Одгэрэл торгон цагаан монгол цамц өмсөөд тод манлайн тэмдэг бүхий улаан залаатай малгайгаа тавьчихаад уяан дээрх морьдынхоо хазаарыг амгайвчлаад зогсож байлаа. Түүний хажууханд Монгол Улсын начин Г.Батбаатар өнгөрсөн жилийн соёолон насанд түрүүлж, тод магнай болж торгон жолоо өргүүлсэн саарал үрээгээ сойзоор тоосыг нь буулгаж байв. Тэдэнтэй мэнд мэдэлцлээ. Д.Одгэрэл тод манлай болон “Унаган хурд” галынхныгзуны дунд шар морь сарын шинийн гуравны шарагчин туулай өдөр морьдоо барьж байхад нь очиж таарсан юм. Төв аймгийн Баянцогт сумаас Монгол Улсын тод манлай уяач хэд хэд төрөн гарсан байдаг. Тэдний нэг нь Д.Одгэрэл билээ. Тэрбээр уяач төрийн наадмын торгон ногоон дэвжээнээ сүүлийн 20 гаруй жил одтой сайхан наадаж, олон түрүү айраг хүртэж байгаа гэдгийг уншигч та бүхэн мэдэх биз ээ. Гэрэлээ уяач аавынхаа өвлүүлж үлдээсэн унаган адуугаараа улс бүсийн наадамд уралддаг. Түүний уясан морьд түрүүлж, айрагддаг гэдгээрээ ихээхэн онцлогтой. Өнгөрсөн жил анхны цас орох үед Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг руу адуугаа аваад оторт явсан гэнэ. “Олон адуутай оторлож ирлээ” гэж нутгийн иргэдэд нүд үзүүрлэгдэн хэцүүдсэн талаараа ярьж байна. Мөн цагийн хатууд олон адуу эндсэн гэдгээ ч нуулгүй хэлж байна лээ, Д.Одгэрэл уяач. Хавар ногоо гарах үед адуугаа туугаад нутаг руугаа зүтгэжээ. Ингээд лам багшийнхаа зааж өгснөөр зуны дунд сарын шинийн гуравны билэгт сайн өдөр морьдоо барьж байгаа нь энэ аж.

Д.Одгэрэлийн аав аймгийн алдарт уяач байсан. Сумынхаа эмнэлэгт их эмчээр олон жил ажилласан байдаг. Дөрвөн хүүгээ морь уях, адуунд хайртай болоход нь уруу татсан гэнэ. Цаг наргүй ажилтай эмч сумынхаа төвийн ойролцоо хөдөө гарчихдаг. Буурлын буян болсон морьдоо уячихдаг байжээ. Хүүхдүүдээ тэр мориноосоо хөлс ав, энэ үрээндээ тийм ажил хий гэж зааварлаж хэлчихээд явчихдаг байсан гэдгийг тод манлай уяач дурсан ярив. Тэднийх сумын наадмын түрүү, айраг алдаж үзээгүй гэнэ. Дөрвөн хүү нь аавынхаа зааснаар нэг л мэдэхэд сумандаа гайхагдсан уяачид болжээ. Тэрбээр “Миний аав улсын наадамд соёолон айрагдуулж байсан уяач хүн л дээ. Тэр жил Төв аймгийн Баянцогт сумаас гурван соёолон дараалан орсон гэдэг. Самдангийн халзан, Даваасүрэнгийн халиун алаг, аавын бор дараалаад орсон байдаг юм” хэмээн ярив. Д.Одгэрэл хүүхэд байхдаа хурдан морь сайн унадаг хүүхэд байсан гэнэ. Аавынхаа уясан морийг түрүүлж, айрагдуулаад гэр бүлээрээ баяр хөөртэйгөөр нааддаг байжээ. Харин долдугаар ангид байхдаа өөрөө морь уяад сумынхаа наадмаас айраг, түрүүг хоёр гурваар нь авдаг болжээ. Анх морь уясан жил сумынхаа наадамд хоёр хязаалан уясан нэг нь түрүүлээд,нөгөө нь таваар ирж байсан аж. Уяачийн анхны хамгийн том наадам нь Эрдэнэтийн овооны тахилга наадам байсан гэнэ. Анх удаа холын наадмыг зорьж очин тэртээ 1997 онд шүдлэн үрээгээ мордуулсан байна. Шүдлэн нь долоолж, анхны “Их хурд” наадамд морио уралдуулах урилга авсан байна. Тэр ингэж л улс, бүсийн томоохон наадам уясан мориороо уралдах боломж нээгджээ. Хамгийн анх аавынх нь унаган адуу Туулай хээр азаргаараа “Баянцагааны хурд” улс бүсийн наадамд мордуулан айрагдуулжээ. Эцэг, өвгөдөөс уламжлагдан ирсэн Туулай хээр азаргаараа залуухан уяач томчуудтай уралддаг байсан бол одоо азарганыхаа төлөөр наадмын дэвжээн дээр дийлж уралдах болжээ. Туулай хээр хэмээн алдарт азарганы үр төл нь түүний өнөөдрийн Монгол Улсын тод манлай уяач хэмээх эрхэм цолонд хүргэсэн билээ. Туулай хээр азарганы 11 төл улс, бүсийн наадмаас есөн түрүү, 14 айраг эзэндээ авчирсан байдаг. Туулай хээр азарганыхаа төл “Алтан үст” ухаа “Орхоны хурд 2003” хангайн бүсийн даншиг наадамд түрүүлсон байдаг. Ламын гэгээний наадам, Говь-Алтай аймгийн бүсийн наадам, Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавын нэрэмжит Зүүн бүсийн наадам гээд л олон наадмаас түрүү айраг хүртсэн байдаг. Д.Одгэрэл уяач “Олон жил улс бүсийн наадамд уясан хүлэг минь түрүүлж, айрагдлаа. Уясан морь давхиад ирж байгааг харах шиг жаргал хаана байх билээ. Миний санаанаас тэр жилийн сумын наадам ердөө гардаггүй юм. Намайг цэргээс ирсний дараа манай гурван азарга сумын наадамд хоёр километр шахуу тасархай гурвуулаа холбоотой орж ирсэн юм. Тэгэхэд л их баярласан даа. Тэр наадамд аавын маань хул азарга түрүүлж, миний туулай хээр аман хүзүүлж, дүү Одноогийн маань хул азарга гурав тасархай орж байлаа” гэв.

Алдарт туулай хээр азаргандаа зориулж,

Сонор хайрханы энгэртээ сойлго нь ханасан хүлэг минь

Хоёр төхмөөс ундаалсан

Ховорхон төрсөн ажнай мину зээ

Цацалсан хээр давхилтай нь Туулай хээр ээ

Цалгилсан их домогтой Монголын тал хээр ээ

Бумбалсан алтан тоостой Унаган хурдын хурд аа

Буян хишгийн даллагатай Дуун хадагтай хээр ээ гэсэн дуу бүтээлгэжээ.

АВАРГА Ч.САНЖААДАМБА МОРЬДОО ЁСЛОХООР ИРЭВ

Биднийг ийн ярилцаж байтал гэрийн гадаа машин давхилдаад ирлээ. Уяан дээр байсан хүмүүс ч “За, нөгөөдүүл чинь ирж байна. Одоо ч морь барих ёслол болох нь дээ” гээд л хоорондоо ярилцах аж. Хурдан морины хүүхдүүдийг моринд нь мордуулаад уяа тойруулж эхэллээ. Унаач хүүхдүүдийн хөндий талаар дүүрэн хоолой нийлүүлэх гийнгоон дуу хадаж, хүлэг морьд уяа дэрлэн зүүрмэглэх ажээ. “Унаган хурд” галын уяачид болоод Д.Одгэрэл уяачаар морио уяулж байгаа хүмүүс ар араасаа цувран давхилдаад ирэв. С.Будням, Б.Буяннэмэх гээд л олон зочин ирсэн байна. “Унаган хурд” галынхан сүүлийн жилүүдэд улс, бүсийн наадмаас 20 гаруй түрүү, айраг аваад байгаа. Хар чулуутын зүүн хойноос гялалзсан хар жийп чигээрээ давхисаар хүрээд ирэв. Машинаас улаан өнгийн подволктой том биетэй хүн буугаад ирсэн нь Монгол Улсын аварга Ч.Санжаадамба байв. Тэрбээр сүүлийн жилүүдэд Гэрлээ уяачаар морио уяулж байгаа гэнэ. Өнгөрсөн жилийн намар зүүн аймгаар тэр хоёр хамт явж олон хурдан адуу авчирсан байна. Өнөө жилийн баяр наадамд хурдан хүлгүүдээ хэрхэн давхихыг харах гэж байгаа гэнэ. Аварга хүмүүстэй гар барин мэндлээд шууд уяа рүү гүйгээд очих юм. Зөв хийцтэй, дун бүрээ хамартай азарган хүрэн үрээний хоёр талд гараад л хараад байх. Тэгснээ очоод л магнайг нь илж, сүүлний шуултыг нь засч янзлав. Мань эрд хүрэн үрээгээ сайхан давхичих болов уу гэсэн баярын совин байгаа нь илт.

Өглөө босч бэлтгэлээ хийчихээд л наашаа давхижээ. 61-ийн гарамны тэнд Архангай аймгийн бөхчүүд өнөө жил бэлтгэлд гараад байгаа гэсэн. Аваргын бэлтгэл сайн байгаа гэдгийг багш нь хэлж байна лээ. Одоогоор хүчний бэлтгэл сайн хийж байгаа аж. Аварга өнгөрсөн жил будлиантай барилдаж, Төв аймгийн бөх улсын начин Г.Ганжадад тахимаа өгсөн. Аварга “Сүүлийн үед бөхчүүд сэргээш хэрэглэх нь хэрээс хэтрээд байна. Бас сэргээш илэрсэн бөхчүүдийг барилдуулаад байх юм. Сэргээш хэрэглэсэн хүнтэй барилдах хэцүү. Амжилтаас арагш нь татаж байгаа гэдгийг хэлж байв. Бас бөхийн холбооныхон сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг нууцалж байгаа. Тэр хүмүүстэй оноолтоор таарвал би барилдахгүй шүү. Наадам бужигнуулсан энэ тэр гээд байв. Та нарт эртхэн хэлж байна шүү гээд хэлсэн” гэж ярив. Д.Одгэрэл манлай ирсэн олны хөлийг тоосон шинжгүй өмнөх ажлаа хийгээд завгүй. Хэрэг болгож, түүнээс хэн нэгэн лавлахгүй л бол барагтай дуугарахгүй, баргийн юмыг бусдаар хийлгэхгүй юм.

СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛИЙН СОЁОЛОНГИЙН ТҮРҮҮ ЭНЭ УЯАН ДЭЭРЭЭСМОРДЖЭЭ

Д.Одгэрэл уяач өөрийнхөө морьдыг уяхаас гадна өөр хүмүүсийн морийг уяж өгдөг. Сүүлийн хоёр жилийн соёолонгийн түрүү энэ уяан дээрээс тодорсон. 2016 оны баяр наадмаар Сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадоржын хурдан бор соёолон уягдаж түрүүлсэн. Түүний дараа буюу өнгөрсөн жил Г.Батбаатар начины саарал үрээ магнайдаа тоосгүй ирж, уясан эзэн, уралдсан хүүхэд, наадамчин олныг баярлуулсан билээ. Энэ жил ч энэ уяан дээрээс хурдан морины түрүү тодрохгүй гэх газаргүй.

Д.Одгэрэл уяач “Сүүлийн үед унаач хүүхдийн эрхийн асуудал яриад байгаа. Өвөл уралдаж болохгүй. Хүүхэд хүйтэнд даарна гээд байдаг. Үнэндээ морины илчинд дулаацаад хөлөрчихсөн явдаг юм. Унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах талаар яриад л байдаг. Үнэндээ мориноос унаж байгаа хүүхдийн 80 орчим хувь нь тоосжилт, замын бартаа нүхнээс болж байна шүү дээ. Тэгэхээр зам засаад өгчихвөл хүүхэд унахгүй болно. Уяачдыг буруутгах хүн олон болжээ. Бид Монголын эдийн засагт маш их эргэлт авчирч байгаа хүмүүс шүү. Өвс, тэжээлнээс эхлээд нэмнээ, хазаар, чөдөр, туслах уяач, унаач хүүхдүүдийн цалин, идэж уух хоол хүнс,өмсөж зүүхээс авахуулаад бүх зүйлд хөрөнгө оруулалт хийж байна. Бас өв соёлоо тээж байгаа хүмүүс. Цөөхөн хэдэн хүн л хурдан моринд хайртай байна. Тэд морь худалдан авч уяулж байгаа. Гэтэл биднийг ад үзээд байх юм” хэмээн ярилаа. Мөн эрлийз, монгол адуу гэсэн ойлголтыг нэг тийш шийдэх ёстой. Монгол адуу тийм ч давжаа, жижигхэн байгаагүй. Эрлийз гэх нэрээр өндөр адууг хасдаг байдлыг таслан зогсоох ёстой талаар онцлон ярьж байлаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат н.Шинэбаатар Д.Одгэрэлийн туслах уяачаар ажиллаж байна. Тэрбээр “Цалин боломжийн. Бас морь уях сонирхолтой болохоор сайхан байдаг” хэмээн ярив. Мөн Говь-Алтай Халиун сумын Ж.Дүгэржавч сайн уяач болох мөрөөдөлтэйгөөр тэднийд туслах уяачаар ажиллаж байгаа нь энэ. Д.Одгэрэл уяачийн уясан морьд өнгөрсөн жил түрүүлж, айрагдсан болохоор 13 настай Г.Эрхэмбаяр хүү “2016 оны шилдэг унаач хүүхэд” болжээ. Хүү“Д.Дагвадорж аваргын бор үрээг унаж түрүүлсэн гэнэ. Төв цэнгэлдэхэд Дагваа аваргаар морио хөтлүүлээд орох хамгийн гоё байсан. Хүмүүс шуугилдаад микрофон барьж байгаад чанга дуугаар гийнгоолоход үзэгчид хашхираад алга ташсан” хэмээн баяр хөөртэй ярих юм. Харин өнгөрсөн жилийн саарал соёолонг унаж түрүүлгэсэн н.Өсөх-Од 2017 оны шилдэг унаач хүүхэд болжээ. Тэрбээр мөн гарьд хээр, Г.Батбаатар начингийн саарал үрээг түрүүлгэсэн байна.

Нар баруун тийш хэвийжээ. Уяан дээрх морьдоо хөлс авахаар нэмнэж байв. Унаач хүүхдүүд салхи сөргүүлэн цогиулах ажээ. Уяан дээр хөлстэй нэмнээ өнгө өнгөөр нь дэлгээд тавьчихсан байна. Үүрийн гэгээ хаяараагүй байхад босч, үдшийн бүрийгээр унтах залуу уяачид өдөржин борви бохис хийх чөлөөгүй ажиллаж байна лээ. Тун удахгүй морьдынхоо нарийн ажлыг хийж, торгон ирийг нь оруулах биз ээ. Наадам ойртох бүрт хүн, морины цог хийморь улам сэргэж, хөндий талаар хүүхдийн гийнгоо хадаж, уяа нь ханасан морьдын сувдаг хөлс хусуур дүүргэдэг билээ.

Монгол Улсын тод манлай уяач Д.Одгэрэлд “Манай сонины сэтгүүлчид жил болгоныг наадмын өмнө улсын алдарт уяачдын гэрт өнждөг юм. Өнжсөн айл болгоны азарга төрийн наадамд түрүүлээд байгаа шүү” гэж хэлтэл ихэд бэлгэшээн хүлээн авч байна. Тэрбээр “Ах нь улсын наадамд олон шүдлэн түрүүлгэж, айрагдуулсан байдаг. Төрийн наадамд азарга түрүүлгэж үзээгүй байна. Энэ жил сайхан наадах байх” гээд инээсээр биднийг үдэн гаргасан юм. Энэ жил бороо хур тэгширсэн сайхан зун болох төлөвтэй байна лээ. Наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд Монголын хөдөөд наадам ярьсан хүн олон байна. Бөх, харваа, морины түрүүгээр таамаг гарган цэц булаалдаж, наадмын налгар өдрүүдэд яарах түмэн олон тэмүүлж, хүлээх зүйлтэй дэлгэр жаргалтай зусаж байна аа.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *