Наадам хаяанд иржээ. Бөхчүүд ч тус тусын харьяаллын дэвжээнийхэнтэйгээ наадмын бэлтгэлдээ гарсан байна. “Дэлтэй болгон уралдсан ч айраг амсдаггүй наадам, дээлтэй болгон барилдсан ч начин болдоггүй наадам” гэж улсын цолны өндөр босгыг тайлбарласан үг бий . Монгол бөхөд сонирхолтой хэн бүхэн ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмаар улсын цолны өндөр босгоор алхах аймгийн цолтнуудыг дор бүрнээ таамаглаж суугаа. Тухайн жилийнхээ заалны барилдаануудад амжилттай барилдсан аймгийн цолтнууд баяр наадмаараа амжилттай барилдаж цолд хүрэх магадлал өндөр байдаг.
Хонгор нутгийн түмэн Ж.Чулуунбат 2011 онд начин болсноос хойш улсын цолтон өлгийдөж аваагүй л байна. Энэ хүлээлтийг өнөө жил Баянбулаг сумын харьяат аймгийн хурц бадрангуй арслан Нацагсүрэнгийн Золбоо тайлах болов уу. Өнгөрсөн жилийн наадмын дөрвийн даваанд үзүүр бөх Ө.БатОршиход тахим өгсөн тэрээр 20172018 оны улирлын аймаг цэргийн цолтнуудын барилдаанд дөрөв түрүүлж, нэг удаа үзүүр булаасан. “Их богд” дэвжээнээс улсын цолд зүтгэх өөр нэг хүчтэн нь аймгийн хурц арслан Болдын хүү Эрдэнэхүү.
Тэрбээр аавынхаа цолыг ахиулахаар олон наадамд зодоглож буй ч болж өгөхгүй л байгаа. “Азарганыхаа хүрээгүй газар унага нь хүрдэг жамтай. Аавынхаа хүслийн дутууг хүү нь гүйцээдэг учиртай” гэж үг бий. Арслан энэ жилийн наадмаар тав даваад гараад ирж мэдэх л юм. Өнгөрсөн жилүүдийнхээс барилдааны арга барилаа өөрчилж урагш довтолж, задгай барилдаж буй нь улсын цолд хөтөлж ч болно. Тэрээр саяхан болсон монгол туургатны барилдаанаар аймгийн арслан Т.Бэгзсүрэнг босоо өмсөөд чулуудчихаж байгаа харагдсан. Тулж зогсож хүлээх биш, дайраад давшлаад барилдвал хэнийг ч аваад л залах бөх дөө.
Өнгөрсөн жил төрийн наадмын түрүү хүртсэн Хөвсгөл нутгаас улсын цолны тааварт орж сайн барилдаж буй аймгийн арслангууд хэд хэд бий. Сар шинийн барилдаанд амжилттай барилдсан бөхчүүд тухайн жилийнхээ баяр наадмаар амжилттай барилдаж цол ахидаг уламжлал бий. Үүнээс үзвэл Шороон нохой жилийн сар шинийн барилдаанд улсын арслан Н.Батсууриар дөрөв давж “Улсын цолд ойрхон бөх”ийн шагнал гардсан ИхУулын Б.ДавааОчир арслан цол ахих нь баараггүй. Биеэр жижиг ч сэтгэл зүй өндөртэй, дайчин барилддаг энэ залуу 2017 оны баяр наадмын дөрвийн даваанд улсын арслан Э.Оюунболдтой эн тэнцүүхэн хүч үзэж будилаантай барилдаанд өвдөг шороодож цурхиртал уйлаад дэвжээг орхиж байгаа харагдсан. Дөрөв даваад гараад ирэхэд Б.ДавааОчирыг давна гэж зориглоод амлах том цолтон байхгүй дээ.
Хөвсгөл нутгийн нэрийг төв цэнгэлдэхэд сайнаар дуурсгах өөр нэг хүчтэн нь Бүрэнтогтох сумын харьяат аймгийн арслан БатЭрдэнийн ХашЭрдэнэ. Бяртай бас мэдрэмжтэй барилддаг ХашЭрднэ арслан өнгөрсөн жилийн наадмын хоёрын даваанд улсын начин Д.Амарсайхантай оноолт таарч давсан ч хөлийн цэц засуулуудын харалган шийдвэрийн золиос болж, улсын цолтны өнөр бүлд багтах мөрөөдлөө ахин нэг жилээр хойшлуулсан гашуун туршлагатай. Барилдааны үеэр хаяа нэг гаргадаг хайнга алдаагаа засчихвал начин Хөвсгөлийн хүчтэнд начин цол ойрхон байгаа даа. Мөн улсын наадамд арван жил дараалж шөвгөрсөн хүчит арслан Х.Мөнхбаатартай усны дусал шиг адилхан Ц.Сандагдорж гэж залуу улсын цол хүртэхээр бэлтгэлээ шаргуу хийж байгаа сураг дуулдсан. Тав даваад туг тойрч мэдэх л хүчтэн дээ.
Отгонтэнгэр хайрханы өвөрт орших Отгон сумаас ардын хувьсгалын жилүүдэд улсын цолтой бөх хараахан төрж амжаагүй л байгаа. Энэ нутгийн зон олны хүлээлтийг тайлахаар хөдөлмөрлөж буй залуу хүчтэн бол аймгийн арслан Төрмөнхийн Бэгзсүрэн. Дархан аварга А.Сүхбатын гараас “Ирээдүйн аварга” шагналыг хүртсэн бөхчүүд улсын том цолд хүрдэг уламжлал бий. Алдарт аваргын итгэлийг дааж аварга цолд хүрэхийн тулд Т.Бэгзсүрэн улсын цолны босгоор эртхэн алхах хэрэгтэй. Арал чацтэй залуу арслан гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бөхийн чөлөөт барилдааны бэлтгэл хийдэг нь үеийн өрсөлдөгчдөөсөө ялгарах онцлог нь болж өгдөг. Монгол туургатны наадмын буриад барилдааны түрүү бөхөөр тодорсон тэрээр үндэсний баяр наадамд тав давчихвал цаашаа ямар ч цолд хүрэх бүрэн боломжтой. Хутагт хувилгаадын нутгаас улсын цол зүүдэлж буй өөр нэг хүчтэн нь аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьд. Өнгөрсөн зууны шилдэг бөхчүүдийн нэг улсын заан З.Дүвчингийн гарын шавь тэрээр жин массаар ноёлж барилддаг өнөө үед уран хурц барилдаанаараа монгол бөх сонирхогчдын талархлыг хүлээж байгаа. Ямар ч нэр алдартай аварга, арслантай таарсан бэргэлгүй барилддаг залуу арсланг ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмаар улсын цолд хүртэх өндөр магадлалтай бөхөөр нэрлэж байна.
Говьсүмбэрээс сүүлийн жилүүдэд Төмөрбаатарын Пүрэвсүрэн гэж аймгийн арслан тун сайн барилдаж байгаа. Хийгүй нягт, тэвчээртэй барилддаг онцлогтой энэ залуу өнгөрсөн оны арван нэгдүгээр сард зохион байгуулагдсан Лу.Энхбаяр начны нэрэмжит аймаг цэргийн цолтнуудын барилдаанд олон хүчтэй өрсөлдөгчдийг өвдөг шороодуулж түрүү бөхөөр тодорсон. 2008 оны ардын хувьсгалын 87 жилийн ойн их баяр наадмын өсвөрийн барилдаанд түрүүлж байсан жаахан хүү Т.Пүрэвсүрэн өнөөдөр аварга арслангуудыг айлгах хэмжээний мундаг бөх болжээ.
Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээнийхэн өнгөрсөн жил одтой наадаж начин цолтон хүлээж авсан. Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Г.Ганжад энэ цагийн манлай хүчтэн улсын аварга Ч.Санжаадамбаар тав давж начин цолыг “гуйж биш гуядаж” авсан. Түүний амжилтыг түүчээлэх хүчтэн нь Баянчандмань сумын харьяат аймгийн арслан Э.Ууганбаяр юм.
Сар шинийн баярт зориулсан аймаг цэргийн цолтнуудын барилдаанд түрүү бөхөөр тодорсон залуу арслан, улсын цолтнуудад ч сайн барилдаж хурц бадрангуй арслан Н.Золбоогоор гурав давсан. Бяртай арсланд дархан аварга А.Сүхбат “Ирээдүй аварга шагналаа” зүгээр нэг гардуулаагүй биз.Төв нутгаас өөр нэг хүчтэн улсын цолны босгоор алхахад бэлэн байгаа нь Угтаалцайдам сумын харьяат аймгийн арслан Ганболдын Өсөхбаяр. Мэдрэмжтэй барилддаг залуу арсланг бөхийн багш, дасгалжуулачид ирээдүйд том цолд хүрнэ гэж үнэлдэг юм билээ.
Баруун хязгаар Увс нутгаас аймгийн арслан Ц.Мөнхбаяр улсын цолны тааварт яригдаж байна. Өнгөрсөн жил нутгийн арслан П.Бүрэнтөгсөд тахим өгсөн Ц.Мөнхбаяр энэ жилийн баяр наадмаар улсын цол хүртэж бөхийн өлгий Тэс нутгийн зон олныг баярлуулж мэдэх юм. Мөн Дамдингийн Тогтохжаргал, Хүрэлбаатарын Оргилболд, Навааны Хүрэлсүх гээд залуу арслангууд XX зууны манлай монгол бөх, дархан аварга Х.Баянмөнхийн үнэтэй сургаалийг нь сонсож “Увс нуур” бөхийн галд наадмын бэлтгэлээ базааж байгаа.
ГовьАлтай аймгийн “Хантайшир” дэвжээнээс жил бүр л начин төрчихөөд байдаг уламжлалтай. Өнөө жил аймгийн хурц арслан Ц.БямбаОчирын бэлтгэл их сайн байгаа харагдсан даа. Сая аваргуудын нэрэмжит барилдаан төв цэнгэлдэх хүрээлэнд явагдахад бяртай арслан Ц.БямбаОчир их шөвөгт шалгарсан. Мөн Тотохмэндийн Сайханжаргал гэж сийрэгхэн барилддаг залуу арслан энэ жил начин цолны тааварт яригдаж байна. Тэрбээр аваргуудын нэрэмжит барилдаанд энэ жилийн наадмын түрүү бөхөөр нэрлэгдэж буй улсын арслан П.Бүрэнтөгсөөр гурав давж бэлтгэл сайтай байгаагаа харуулна лээ.
Дээр дурдагдсан бөхчүүдээс гадна БаянӨлгийн Н.Мустафа, Өвөрхангайн Т.Ядамсүрэн, Булганы Д.Амаржаргал, Б.Ганбаатар, Төвийн Д.Хүдэрбулга нарын арслангууд улсын цолны тааварт байна. Мөн Булганы Б.Түмэндэмбэрэл, Э.Энх-Амгалан, Увсын Ж.Ням-Эрдэнэ, Өвөрхангайн М.Даваасүрэн нарын аймгийн заанууд тав даваад туг тойрч мэднэ.