Categories
мэдээ цаг-үе

С.Баасанбат: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 27 хувь нь сэтгэл зүйн өндөр эрсдэлтэй, 41 хувь нь дунд эрсдэлтэй байна

“Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал, сэтгэл зүйч С.Баасанбаттай ярилцлаа.


-Өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байна гэсэн судалгааг гаргажээ. Судалгааг хэрхэн хийсэн юм бэ?

-Бид 20 сургуулийн 8645 хүүхдээс санамсаргүй түүврийн аргаар судалгаа явуулсан. Ер нь хүүхдүүдийн сэтгэл зүй нь ямар байна вэ, зан төлөвийн эрсдэл байна уу, үе тэнгийнхний дарамт байна уу, бүлэг хамт олонтойгоо хэр зэрэг нийцтэй байна вэ гэдгийг “SDQ” гэсэн олон улсын сургуульд хэрэглэгддэг судалгааны хэрэглэгдэхүүнийг ашигласан юм. Ерөнхийдөө Турк, Америкийн зарим муж, хотод уг судалгааг явуулж байсан юм билээ. Эдгээр оронд хүүхдүүдийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал арав гаруй хувьтай л гардаг. Тэгсэн бидний санаж байснаас манай улсын хүүхдүүдийн сэтгэл зүй гурав дахин илүү эрсдэлтэй гарсан. Тиймээс сургуулийн хүүхдүүдэд сэтгэл зүйн тусламж хэрэгтэй байна. Судалгаанд хамрагдсан өсвөр насны сурагчид бага ангид байхдаа өөрт тулгамдсан асуудлаа шийдэж чадалгүй, өдийг хүрсэн байж болзошгүй юм билээ.

-Яагаад гадаадын “SDQ” гэх судалгааны хэрэглэгдэхүүнийг ашиглах болсон юм?

-Уг судалгааны хэрэглэгдэхүүн нь богино хугацаанд олон хүнийг хамруулах боломжтой, баталгаат чанар өндөртэй, сурагчдын сэтгэл зүйн хямрал, зан төлөвийн эрсдэл, хурцдалыг дөрвөн хэмжээсээр цаг алдалгүй эрт илрүүлдэг. Тухайн хүүхэд хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн дасан зохицож буй нийцэрхэг байдалтай нь харьцуулан шинжилдэг буюу цаг үеийн прогнозыг танддаг судалгаа юм.

-Сэтгэцийн эмгэгийг оношилдог юм уу?

-Уг хэрэглэгдэхүүн нь сэтгэцийн эмгэгийг оношилдоггүй. Сэтгэл зүйн тулгамдсан асуудал, зан үйлийн хурцдал байна уу гэдгийг гаргаж ирдэг. Мөн тухайн хүүхэд анги хамт олон, гэр бүлтэйгээ нийцтэй харьцаж байна уу гэдгийг харьцуулж гаргаж ирдэг судалгаа. Хэрвээ сэтгэл зүйн тулгамдсан асуудал, сэтгэл санааны хямралтай, зан үйлийн эрсдэл хурцдалтай байх юм бол нийцэрхэг байдлыг оноо бага гарна. Сэтгэл санаа тогтвортой, зан үйлийн эрсдэл багатай байвал нийцэрхэг байдал нь өндөр гардаг гэсэн үг.

-Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай гэдгийг тодруулахгүй юу?

-Сэтгэл зүйн асуудлыг гурав хуваана. Сэтгэл зүйн хувьд эрүүл, тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй хүн гэж ангилна. Сэтгэл зүйн хувьд эрүүл хүний оюун ухаан эрүүл ажиллана, амьдралын хүрээлэн буй орчинтой дасан зохицох, даван туулах түүнд бодитой хариу нөлөө үзүүлэх, шүүн тунгаах чадвартай байдаг. Нийгэм, хамт олонтойгоо дасан зохицох чадвартай хүнийг эрүүл хүн гэнэ. Тулгамдсан асуудалтай гэдэг нь ямар нэг зүйлд санаа зовж, уг асуудал нь шийдэгдээгүй гэсэн үг. Ингээд айдас, түгшүүр, гутрал, сэтгэлийн зовиур шаналлыг хоёр долоо хоногоос дээш хадгалагдахыг хэлнэ.

Түүнээсээ болж найз нөхөд, анги хамт олон, гэр бүл хүрээлэн буй орчныхоо хүнтэй дасан зохицох чадвар нь сулраад ирэхээр сэтгэл санаа нь тогтворгүй болох, нөхцөл байдалдаа зохих дүгнэлт хийж чадахгүй болдог юм. Иймээс сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байна гэсэн үг. Сэтгэцийн эмгэг нь тухайн хүн нөхцөл байдлыг шүүн тунгаах чадваргүй болох, оюун ухааны хувьд хэвийн мөртлөө сэтгэцийн хувьд аливаа зүйлд дасан зохицох чадваргүй, хариуцлага хүлээх чадваргүй гэх зэргээр оношлогддог. Тусгай өвчний нэрээр оношлогдохыг сэтгэцийн өвчтэй хүн гэнэ.

-Хэдээс хэдэн насныхан хамрагдсан юм бэ?

-Судалгаандаа 10-17 насны хүүхдүүдийг хамруулсан байгаа. Сургуулийн нэр нууц байх ёстой. Сургуулийн нэр, сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүүхдийг нэрийг ч нууцалсан. Хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлтэйгөөр сургуулийн удирдлагуудтай хамтран ажиллах шаардлагатай. Нууцын зэрэглэлтэй байх ёстой асуудал. Манай улсад сэтгэл зүйн үйлчилгээ хөгжөөгүй байхад хүүхдийн нэр төрд халдсан болно. Болгоомжтой хандах ёстой асуудал.

-Өсвөр насныхны дунд сэтгэл зүйн тулгамдсан асуудал их болсон нь юутай холбоотой вэ. асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?

-Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүүхдэд сэтгэл зүйн оношилгоо, үнэлгээ хийнэ гэсэн үг. Тухайн хүүхдийн сэтгэл зүйн төрөлхийн шинж нь юу вэ, олдмол төлөвшлийн шинж ямар байна, сэтгэл хөдлөлийн байдал ямар байна, дээд мэдрэлийн үйл ажиллагаа, хариу үйлдэл үзүүлэх чадамж нь ямар байна вэ гэдгийг нарийн оношилно. Ингээд юунаас шалтгаалсан байна вэ гэдгийг тогтоодог. Эмчилгээний схем гаргаж, засан залруулахыг төлөвлөж ажиллана. Ихэнхдээ сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүүхдүүдтэй 3-5, 5-15 удаа ажиллаж байж хэвийн байдалд орно. Архаг шинжтэй буюу сэтгэл санаанаас нь гарахгүй зан төлөвт нь амьдралынх нь дадал болчихсон тохиолдолд 1-2 жил ажиллана. Өсвөр насны хүүхдүүдэд тухай бүрт насны онцлог гэж бий. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйг судалсан хүн тусгай лицензтэйгээр ажилладаг.

-Манай улсад сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүүхдүүд гэмт хэрэгт түлхүү холбогдож байна гэсэн үг үү?

-Сургуулийн орчинд хүүхдийн дотоод сэтгэл рүү хандаж, зөвлөгөө өгдөг хүн алга. Гэртээ очиход эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдийнхээ сэтгэл зүй манатай, цаг завгүй болчихож. Төр, засгаас ч гэсэн хүүхдүүдэд мэргэшсэн сэтгэл зүйч, мэргэжлийн эмч нарыг төдийлөн хүртээмжтэй ажиллуулж чадахгүй байна. Иймээс үндсэндээ бага насны хүүхэд, өсвөр үеийнхэнд эцэг эх, багш, төр засгийн хайр халамж дутагдаж байгаа юм. 8645 хүүхдийн 27.5 хувь нь сэтгэл зүйн өндөр эрсдэлтэй асуудалтай, 41 хувь нь дунд эрсдэлтэй гэж гарсан. Гэхдээ энэ нь өсвөр насны хүүхдийн тухайн өдрийн сэтгэл зүйн байдлыг илэрхийлэх өндөр магадлалтай байж болно. Тэгэхдээ эрсдэл өндөр гэдэг бол ужиг гэсэн үг. Амиа хорлох эрсдэл, сэтгэл гутрал бий юу гэдгийг давхар шалгасан. Мөн PC тоглоомын хамаарал, хулгай хийж үзсэн үү, гадуур тэнэдэг үү гэх зэрэг эрсдэлийг үзэх ёстой байдаг. Энэ хүрээнд өндөр эрсдэлтэй гэж гарсан. Өнгөрсөн жил бид долоон сургуулиас авч үзэж байсан. Тухайн үед мөн л өндөр гарсан. Иймээс сургууль болгонд сэтгэл зүйчтэй болох хэрэгтэй. Эсвэл дүүрэгт бүрт сургуулийн өсвөр насны хүүхдүүдтэй ажилладаг сэтгэл зүйн төвтэй болохыг тогтоож, шийдвэрлэх нь зөв. Сэтгэл зүйн чиглэлээр мэргэшсэн байгууллагатай улсын хэмжээнд гэрээ байгуулж, ажиллаж болно. Уг асуудлыг бодлогын түвшинд авч хэлэлцэх ёстой асуудал болоод байгаа юм. Бид 20 сургуулийн захирал, нийгмийн ажилтан, удирдлагуудыг авч ирж, цуглуулж, судалгааг танилцуулсан. Гэхдээ тухай бүрт нь код өгчихсөн учраас өөрийнхөө сургуулийг кодоороо танина. Сургуулийн нийгмийн ажилтан тэр бүр хүүхдүүдтэй тулж харьцдаггүй юм билээ.

-Манай улсад сэтгэл зүйчид хэрхэн бэлтгэгдсэн байдаг юм бол?

-Өсвөр насныхны дунд сэтгэл зүйчид заавал байх шаардлагатай. Энэ нь төрийн суурь үйлчилгээ. Хүүхдийн эрхийн конвенцийн 39 дүгээр зүйлд “Хүүхэд хамгаалагдаж чадахгүйгээс, авах ёстой жам ёсны эрхээ эдлээгүйгээс болж, хохирол амссан бол нөхөн сэргээх үйлчилгээг төр зуун хувь даах ёстой” гэж заасан байдаг. Хүүхдэд зориулагдсан төрийн суурь таван үйлчилгээ гэж бий. Тодруулбал, боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, эрх зүй, халамжийн хүрээнд үнэ төлбөргүй холбогдох үйлчилгээг заавал авах ёстой. Үүнийг хүүхэд төрөөс үнэ төлбөргүй эдлэх эрхтэй юм. Гэтэл сүүлийн үед хүүхэд нийгмийн сэтгэл зүйн үйлчилгээг авч чадахгүй байна. Бусад үйлчилгээг аваад байгаа. Сэтгэл зүйн үйлчилгээ албан ёсных байх ёстой. Хүүхдийн насанд нь тохирсон хэрэгцээг нь хангахын тулд эцэг эх, багшийг нь мэдээллээр хангах, суралцах, харилцах чадварт асуудал үүсч байвал судалж үзээд зөвлөмжөөр хангах нь зүйтэй. Хүүхэд нас насандаа тохирсон өвөрмөц хэрэгцээтэй. Хэрэгцээндээ тохирсон зүйлийн талаар тусгай мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Ийм үйлчилгээг авч чадахгүй. Ингэснээр 20 жилийн дараа сөрөг үр дагавар нийгэмд гарч ирээд байна шүү дээ. Тухайлбал, архи ууж, гэр бүл үймүүлж, хар тамхи хэрэглэж, гэмт хэрэг үйлдэж байна. Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдээ гэдэс цатгалан, мөр бүтэн хангалуун байна гэж үзээд байгаа. Харин сэтгэл зүйд нь яг юу тохиолдож байна, амьдрах чадвар сууж байна уу, сэтгэл санаанд нь дархлаа сууж байна уу, шархалчихсан яваа юм уу гэдгийг анзаарч байгаа хүн алга. Үүнийг шийдвэрлэх цаг болсон.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *