Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнхцэцэг: Тунаж үлдсэн үнэ цэнэтэй бүхнийг нэг далайлтаар хувьчилж болохгүй

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Дэгийн тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг өндөрсгөх асуудал яригдаж байгаа. Энэ парламент хэр ёс зүйтэй, хариуцлагатай ажиллаж байна вэ?

-Хөх тэнгэрийн доор, хөрстийн дээр гишгэж яваа л бол байгалийн хууль гэж хүртэл захирагддаг зүйл байна. Салхи сөрж яваа хүн шиг нүд чихээ таглаж явах боломж ордонд байтугай орцонд ч байхгүй. Бид парламентийн тогтолцооны сул, давуу талыг амсаж, хаа хаанаа хариуцлагажих тийшээ явж байна. Төрийн хүн хэнээс ч илүү өндөр ёс суртахуунтай байх ёстой гэдэг сануулгыг ард түмэн хүчтэй өгч эхэллээ. Энэ нь маш зөв хандлага. Нийгмийг хуулиар засаглахаас гадна хүн чанарын дархлаагаар хэлбэршүүлнэ. Үйлийн үр гэж байна. Үүнийг л санаж явахад хариуцлага өөрөө зүрх сэтгэлд оршдог. Төрийн хуулийг сахихаас гадна түмнийхээ ёсыг дээдэлж, сэтгэл ариун, цагаан мөртэй явахсан гэж хичээдэг.

-Зарим гишүүд УИХ-ын дэгийг хуульчлах шаардлагагүй гэсэн байр суурьтай байна. Ийм хуулийн төсөл эрх барьж буй намаас орж ирж байгаа нь өөрсдийгөө хариуцлагагүй ажиллаж байгааг илэрхийлж байна гээд байгаа. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-УИХ-ын дэгийг харин ч сайн хуульчлах ёстой гэж боддог. УИХ-ын гишүүн хүн ард түмнээ төлөөлж сонгогдсоны хувьд хэлэлцэж буй асуудал бүрт хариуцлагатай хандаж, санал, бодлоо илэрхийлж байх нь чухал. Адуунд явсан хүн гурав хоног алга болоход л айж сандардаг шүү дээ. Өрөөлийн амь амьдралыг үүрч яваа гэдгээ мартах учиргүй. Шаардлагатай бол чөлөө зөвшөөрлөө аваад хэлэлцэгдэж байгаа асуудлууд дээр бичгээр байр сууриа илэрхийлэх бүрэн боломж бий. УИХ-ын гишүүд өөрсдөдөө хариуцлага ногдуулж чаддаг байх ёстой. УИХ-ын дэгийн хуулинд өөрчлөлт оруулж, энэ асуудлыг цэгцлэх нь зөв. Гадаадын улс орнуудын жишгийг ч судалсан байна лээ.

-Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хүлээж авсан. Тиймээс түүний гарч ирсэн тойрогт нөхөн сонгууль явагдах нь тодорхой. Уг сонгууль хэзээ хэрхэн явагдах бол?

-Нөхөн сонгууль мэдээж хуулийн дагуу явагдана. Тойргийн ард иргэдийг хууль тогтоох байгууллагад төлөөлөлгүй удааж болохгүй. Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ товыг зарлана.

-Ерөнхийлөгчийн хориг одоо зөвхөн Д.Мурат гишүүнд үйлчлэхээр боллоо. Хэрэв УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Д.Мурат гишүүн бүрэн эрхээсээ түр түдгэлзэж, шалгуулах болно. Улмаар гэм буруугүй нь нотлогдвол буцаад эрхээ сэргээх байх. Энэ үйл явцыг та хэрхэн харж байна вэ?

-Ерөнхийлөгчийн хоригийг холбогдох байнгын хороод нь дэмжсэн. Тиймээс уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Тухайн үед хувь гишүүн өөрөө байр сууриа илэрхийлэх байлгүй дээ. Энэ асуудлыг шийдвэрлэх хууль хяналтын байгууллага гэж бий. Үнэхээр гэм буруугүй юм бол хууль хяналтын байгууллагаар шалгуулаад нэр төрөө сэргээгээд буцаад ороод ирэх боломж Д.Мурат гишүүнд бий.

-УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн байр суурийг та хэрхэн хүлээн авдаг вэ?

-Энэ удаагийн УИХ-д 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь түүхэндээ хамгийн олон эмэгтэй төлөөлөлтэй болсон. Эмэгтэй хүн ядарсанд зөөлөн, задарсанд хатуу байж чаддаг. Нийгмийн энэ л захиалгаар УИХ-д эмэгтэй гишүүдийн төлөөлөл нэмэгдсэн гэж боддог. Өмнөх эмэгтэй гишүүд нийгмийнхээ халуун цэгт ойр байсан. Энэ удаагийн УИХ дахь эмэгтэй гишүүд бодит ажил хэрэгт илүү анхаарал хандуулж байна. Санхүү, эдийн засгийн боломжоос хамаарч нийгмийн халамжийн хүрээ хумигдаж эхэлсэн энэ үед хязгаарлагдмал нөөцийг оновчтой зарцуулах, нийгмийн халамж хэрэгтэй хэсэгт түлхүү хүргэх, нийгэмд гэрэл гэгээ үүсгэх зүйлс, ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийхэд эмэгтэй гишүүд голлон ажиллаж байна. Гадаадын улс орнуудын жишгийг харахад ч нийгмийн салбарыг эмэгтэйчүүд удирдаж илүү амжилтанд хүргэдэг юм билээ. Энэ ч утгаар боловсрол, эрүүл мэндийн салбарыг эмэгтэй сайд нар удирдаж байгаа нь нүдээ олсон шийдвэр гэж хардаг. Харин өнгө, мөнгө дагасан бүлэглэлээс хол байж гэмээнэ эмэгтэй хүний мөн чанар “толгойны эргээс”-т автахгүй гэж боддог.

-Сүүлийн үед ШХАБ-д элсэх эсэх асуудал олны анхаарлын төвд байна. Таны бодлоор энэ байгууллагад манай улс элсэх шаардлага байгаа юу?

-Дэлхий дахины улс төрийн нөхцөл байдал, уур амьсгал эгзэгтэй байна. Монгол Улс олон улсын түвшинд энх тайвныг тогтоох талаарх байр сууриа тууштай хадгалдаг төвийг сахисан, энх тайванч орон. Энэ байр сууриа баталгаажуулах, хадгалахын төлөө явахаас гадна хөрш орнуудтайгаа найрсаг харилцааг эрхэмлэх ёстой. Энэ чиглэлд баримталж ирсэн байр суурь ч бий. Судалж, хэлэлцэж байгаа үйл явцыг ч мэдээж УИХ-ын гишүүний хувьд анхааралтай хандаж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар задгай ярих боломжгүй.

-Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна. Сүүлийн үед Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүд гарын үсэг зурж эхэлсэн гэх яриа гарсан. Энэ үнэн үү?

-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг Монгол Улсын Ерөнхий сайд биечлэн хариуцдаг. Түүний удирдсан Засгийн газар хэрхэн ажиллаж байгааг энэ л шалгуураар харах ёстой. Энэ утгаар авч үзвэл үе үеийн Засгийн газар гал унтраах байдлаар явж ирснээс асуудал их хуримтлагдсан. Монгол Улсад бүтэн хэрэгждэг хууль байхгүй болчихсон. УИХ-аас баталсан хуулиудыг хэрэгжүүлэх, дүрэм журам, шийдвэрүүд нь гардаггүйгээс муу хууль гэсэн нэр зүүгээд өнгөрч байна. Миний бие энэ асуудлыг хөндөж, УИХ-аас батлагдсан бүх хуулиа эргэж хараад хууль дагаж гарах хичнээн шийдвэрийг үе үеийн Засгийн газар гаргаагүй байгааг тооцож, хууль нь муу байна уу, хэрэгжилт муу байна уу гэдгээ тодорхой болгооч гэдэг асуудлыг тавьсан. Зөвхөн Соёлын өвийг хамгаалах асуудлаар 24 журам батлах ёстойгоос 15-ыг нь одоо хүртэл батлаагүй бодит жишээ байна. Нөгөө талаар нийгэм, эдийн засгийн ямар нөхцөл байдалд хэрхэн ажиллаж байгааг ч бодолцох ёстой. Миний бие УИХ, Засгийн газар хамтарч, зөвхөн улс эх орны эрх ашгийн төлөө нэг чигт харж ажиллаасай гэсэн байр суурийг хадгалж ирсэн. Ер нь Засгийн газрыг огцруулах яриа бодитой, бодигүй нь мэдэгдэхгүй л явж байдаг асуудал болчихжээ. Нэг намын Засгийн газар гэлтгүй өндөр хариуцлагатай ажиллах ёстойг сануулсан цаг үеийн сэрүүлэг гэлтэй. Үе үе гэрээ нураагаад байвал үнсэн дээр хаясан шалз гэдэг шиг үнэний сүүдэргүй болчих вий гэж түгшдэг.

-Төрийн өмчийн 27 байгууллагыг хувьчлах асуудал яригдаж байна. Өмч хувьчлах асуудал үргэлж маргаан дагуулсаар ирсэн. Энэ удаагийн өмч хувьчлалын асуудлаарх таны байр суурь ямар байна?

-Монгол Улс 27 жил өмч хувьчлал явуулсан. Төр муу менежер гээд л хувьчлаад байсан. Гэтэл төр сайн менежерийг л олж тавих ёстой юм байна гэдгийг хоёр хөрш маань баталчихлаа. Бүхэлд нь хувьчлах биш, тодорхой нөхцөлтэйгөөр, тогтоосон хувийг хувьчлах нь зөв ч байж болохоор харагдаж байна. Өнгөрсөн хугацааны хувьчлалд дүн тавьж, дүгнэлт хийж, алдаа оноо, сургамжаа санамжиндаа эхлээд авч байж, хувьчлалыг үргэлжлүүлэх эсэхийг шийдэх нь зөв. Тунаж үлдсэн үнэ цэнэтэй бүхнийг нэг далайлтаар хувьчилж болохгүй. ААН, байгууллага бүр дээр нэг бүрчлэн хэлэлцэх хэрэгтэй. Газар дээр нь танилцах, ажиллагсдынх нь байр суурийг ч сонсох шаардлагатай. УИХ-ын даргын за-хирамжаар том ажлын хэсэг гараасай гэж хүлээж байна.

-Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Уг хуулийг өмнөх хуулиасаа дордуулж оруулж ирлээ. Түүхий байна. Зарим нэг заалтууд нь Үндсэн хуультай зөрчилдөж байна. Төсвийн орлогыг багасгах гэх мэт сөрөг үр дагавартай хууль орж ирлээ гэж сөрөг хүчнийхэн дүгнэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Бүтээж буйгаас нь илүү олж байгааг нь хянах гээд байдаг муу зуршил бий болчихжээ. Тоолж баршгүй, тооцож давшгүй нийгмийн тус бүтээж байгаа хүмүүсээ илүү хараад байдаг. Энийг л засах агуулгаар татварын хялбаршуулсан тогтолцоо бий болгох гэж энэ хуулийн шинэчилсэн зохицуулалт орж ирсэн гэж ойлгож байна. Хэлэлцүүлгийн шатанд мэдээж анхаарах, засах боломж бий. Манай улс татварын хэмжээгээрээ бусад улс орнуудтай харьцуулахад их биш, дундаж юм билээ. Харин татвар тооцож, хураах, тайлагнах, хяналт тавих тогтолцоо гээд хэрэгжүүлэхэд хүндрэл чирэгдэл ихтэй байсан. Өөрөөр хэлбэл татварын байгууллага, байцаагчдын үзэмж, нөлөөлөл их ордог, төвөгтэй зохицуулалттай гэж байнга л шүүмжлэгддэг. Гадаадын зарим улсад жижиг, дунд аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд маш хялбар зохицуулалттай байдаг юм билээ. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд бол сургалтандаа суугаад л тогтмол хэмжээгээр татвараа төлөөд явчихдаг. Тайлагнах хугацаа нь жилдээ нэг байдаг. Манайд болохоор улирал бүр тайлан өгдөг, тэр бүхнээс нь татвар тооцох гээд байдаг. Гэтэл манай бараг бүх бизнес улирлын чанартай. Энэчлэн ажлын байр бий болгож, амьдралаа аваад явж байгаа иргэддээ ээлтэй баймаар байна. Мөн орчин үеийн технологийн дэвшил, цахим тайлан, мэдээллийн тогтолцоог ашиглах талаас ч дэвшилттэй заалтууд орсон байна. УИХ дээр ажлын хэсэг гарч, хэлэлцүүлгүүд явагдана. Үүнд иргэд, ААН, мэргэжлийн байгууллагууд орж ажиллан, саналаа өгөх хэрэгтэй. Энэ чухал хуулиа хамтраад зөв зүйтэй болгоод гаргачихвал аштай юу даа.

-Удахгүй хаврын чуулган өндөрлөх гэж байна. Энэ чуулганы хугацаанд та ямар хуулийн төсөл дээр голлон ажиллав. Ирэх намрын чуулганы хугацаанд хэрхэн ажиллахаар төлөвлөж байгаа вэ?

-УИХ-ын нэг удаагийн чуулганаар дунджаар 30 гаруй бие даасан хууль, 100 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, 50 орчим тогтоол, шийдвэрийг гаргадаг. Энэ бүхэнтэй нэг бүрчлэн танилцаж, саналаа хэлж, тусгуулж, ард иргэдийнхээ дуу хоолой болж ажилладаг. Өнгөрсөн чуулганы хувьд Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай болон нийгмийн хамгааллын салбарын хууль тогтоомжид олон том өөрчлөлтүүд орсон. Миний хувьд ажлын хэсэгт нь орж, зарим нэг ажлын хэсгийг ахалж ажилласан. Ямагт чухал байдаг нэг асуудал бол жил, жилийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, бодлогын баримт бичгүүд байдаг. Энэ чуулганы хувьд эдгээрт анхаарч, Байнгын хорооны гишүүний хувьд боловсрол, соёл, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, байгаль орчны асуудлаар голлон санал бодлоо тусгаж, тодорхой ажлуудыг барьж авч үр дүнд хүргэхийн төлөө ажиллалаа. 1996 онд батлагдсан Соёлын өвийн тухай болон 2014 онд батлагдсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, цаашид боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээг тодорхойлж гаргаж ирэх ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Төв номын сан, Соёлын өвийн үндэсний төв, Байгалийн түүхийн музейн барилгуудын ажил урагшлахгүй байгаа. Хүүхэд залуучуудын урлаг соёлын байгууллагууд үндсэндээ байхгүй болчихож. Салбарын боловсон хүчин 5600-гаадхан хүн бий. Тэдний цалин хангамж, төрийн албан хаагчдын жишгээс бараагүй хоцорчихсон байна. Улс, орон нутгийн чанартай музейнүүд засвар арчилгаа байхгүй, соёлын хосгүй үнэт өвүүд тоосонд дарагдаж, дусаалд идэгдэж, устаж үгүй болоход ойрхон боллоо. Улаанбаатар хотод байгаа бүх музей, урлаг, соёлын байгууллагууд эзэмшил газраа өм цөм алдсан. Бүгд маргаантай гээд Монголын соёл дайны талбарт байгаа юм шиг хүнд байдалд байна. Гэтэл хөрш орнуудад монгол үндэстний соёлыг ямар өндөр түвшинд бодлогоор авч дэмжиж хөгжүүлж байна вэ. Гэтэл бид энэ их оюуны баялгийг дэлхийн соёлын өвд ч бүртгүүлэх зардалгүй, бүртгүүлснээ хамгаалах чадалгүй, улсын тусгай хамгаалалтад авах гэхээр хамгаалалтын захиргаа байгуулах зардлаа ч шийдвэрлэж чадахгүй сууж байна. Бид хөрш, орнуудаасаа ядаж л үндэснийхээ соёл, урлагаар хоцрох эрхгүй. Энэ бол тусгаар тогтнолын үндсэн баталгаа.

-Энэ чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх болов уу. Гол өөрчлөлт оруулах заалт нь юу байгаа юм бол. Таны байр суурь ямар байна?

-Мал мянга хүрэхээр алж идэх хонь олддоггүй гэдэг. Монгол Улс тавхан хуультай байхдаа товхон явж ирсэн. Одоо таван зуу гараад баригдах, мөрдөгдөх нь цөөн болжээ гэж санагддаг. Үндсэн хууль руугаа бид өнөөдрөөс илүү маргаашаа бодож орох ёстой. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал гээд тухайн улсын үнэ цэнийг илтгэх туг сүлднээсээ хүртэл эхлэх ёстой гэж хардаг. Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийт ард түмнийхээ санал хүсэл дээр тулгуурлаж хийх ёстой гэсэн чиглэлийг би анхнаасаа барьсан. Жил тойрон ард түмнээсээ санал асууж, орон нутгаар хэлэлцүүлэг хийж, эрдэмтэн судлаачдаар олон удаа хэлэлцүүлсэн. Гэхдээ цөөхөн хэдэн чиглэлээр буюу санал нэгдэж болох хэмжээндээ л өөрчлөлт оруулахаар боловсруулж байгаа юм байна лээ. Өргөн баригдлаа гэхэд хэлэлцэн батлах онцгой дэгтэй. Энэ хаврын чуулганаар амжихааргүй болж байх шиг байна. Нэлээд нухацтай хэлэлцэх шаардлага гарна. Миний хувьд төсөл өргөн баригдахаар заалт бүрээр судалж, тойргийн сонгогчид, эрдэмтэн судлаачид, туршлагатай хүмүүсээс санал авах ажлыг чадах хэрээр хийнэ гэсэн бодолтой байгаа. Одоогийн боловсрогдож байгаа төсөлд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн, сайдаар давхар ажиллахыг хязгаарлах, мөн УИХ-ын гишүүний хариуцлагыг чангатгах, эгүүлэн татах нөхцөлийг тусгах, сонгогдох насыг нэмэгдүүлэх, аймаг, хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох гээд ард иргэдийн тавьдаг асуудлуудыг түлхүү тусгаж байгаа. Үндсэн хууль ард түмний язгуур эрх ашгийг тусгаж илэрхийлж байдаг тул тогтвортой хэрэгжүүлэх нь чухал ч зайлшгүй шаардлагаар өөрчлөлт оруулахад болохгүй зүйлгүй гэж боддог. Мөн Үндсэн хуулиндаа хүрэхгүйгээр хийж хэрэгжүүлэх боломжтой зүйлийг заавал тусгах гэж зүтгэх хэрэггүй болов уу.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *