Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ Мексикийн хөлбөмбөгийн холбоог 10 мянган ам.доллароор торгожээ. Ийм шийдвэр гаргасан нь Герман болон Мексикийн шигшээ багийн хооронд болсон тоглолтын үеэр Мексикийн хөгжөөн дэмжигчдийн гаргасан үйлдэлтэй холбоотой юм. Энэ тухай “Ассошиэйтед пресс” агентлагийн сурвалжлагч Роб Харрис “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
ФИФА Мексикийн хөгжөөн дэмжигчдийг буруутгаж байгаа нь анхных биш юм. Тоглолтын үеэр Мексикийн хөгжөөн дэмжигчид өрсөлдөгч багийнхаа хаалгачид шахалт үзүүлэхийг оролдох тохиолдол олонтаа гардаг бөгөөд “puta” хэмээн хашгирч эхэлдэг нь Мексик хэлэнд бэлгийн цөөнхийг басамжлан доромжилсон утга агуулдаг аж. 2017 онд ОХУ-д болсон Холбоодын цомын тэмцээний үеэр ФИФА Мексикийн Хөлбөмбөгийн холбоонд хандан тус улсын хөгжөөн дэмжигчдийг дахин ийм үг ашиглахгүй байхыг уриалж байжээ.