Categories
мэдээ цаг-үе

“Талын хөх чоно”Сейро А.Өнөболд хуримаа хийв

Хур бороо шаагьсан зуны дэлгэр цагийн эхэн болох зургадугаар сарын 10-ны өлзийт сайн өдөр Япон улсын Токио хотын төвийн нэгэн зочид буудалд Монголын хүчирхэг сумочдын нэгэн Сейро А.Өнөболд хуримаа хийж, гал голомтоо бадраах сайхан ёслол боллоо. Түүний гэргийг Г.Халиун гэдэг. Арван жилээсээ үерхэж байсан эртний андууд эргэж Токиод уулзаж, улам дотноссон гэнэ. Тэрбээр Гоо сайханы чиглэлээр сургуулиа төгсгөөд ажиллаж байгаа билээ. Энэ жилийн анхны башёгоос эхлээд тогтмол 50 хувиас дээш амжилттай барилдаж байгаа.

Уг нь хосууд хоёр жилийн өмнөөс гэрлэлтээ батлуулсан боловч бөхийн завгүй амьдрал хуримын товыг өнөөдөрт хүргэж, Монголоос Улсын заан аав Д.Амгаа, ээж Ц.Цэвэлмаа, ах эгч, гэргий Халиуны аав Г.Гантөмөр, ээж Б.Орхон болон хамаатан садан, Хакухо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд аврага, монгол сумочдоос эхлээд 250-иад зочин хуран цуглаж, найрлав. Хосууд эхлээд япон үндэсний кимоно, дараа нь монгол үндэсний хувцас, сүүлд нь цагаан даашинзаар гоёж зочдодоо мэндчилэв. Хуримын үеэр Сейро А.Өнөболдын төрсөн эгч МУГЖ Д.Ширмэнтуяа уртын дууны шуранхай хадаан Монголын цэлгэр талд очсон мэт санагдуулав. Тэрбээр япон дууг ч цээл сайхан уянгалуулж найр хөгжөөсөн юм. Найрын гол эзэн болох мэргэжлийн сумо бөхийн холбооны жүрёо зиндааны сумоч бөх 1988 оны наймдугаар сарын 18-ны өдөр дөрвөн найм давхцуулан Д.Амгаа зааны отгон хүү болж мэндэлжээ.

Арван зургаан настай байхад нь аавынх нь найз Д.Долгорсүрэн зааны хүү Их аврага Асашёорюү Д.Дагвадорж гэнэт л утсаар ярьж “Бэлдэж байгаарай. Тав хоногийн дараа очиж авна шүү” гэснээр Япон улсад анх удаа хөл тавьж, Аса аваргын гэрт хүртэл хэсэгтээ байж, Шикорояма дэвжээнд элсэн оржээ. Удалгүй Терао Цүнэфүми ояагата Монголд очиж, аав ээжтэй нь албан ёсоор уулзан “Эцгийнх нь оронд эцэг болж, эхийнх нь оронд эх болж, хүүг нь сумоч бөх болгоно” гэж амласан гэнэ. Арван удаа шөвгөрч хориод жил үндэсний бөхөөр барилдаж, 1980 оны олимпт жүдогийн төрлөөр оролцож явсан олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын заан Д.Амгаа хэлэхдээ “Ер нь аав ээжийнхээ нас тогтсон үед нь төрсөн хүүхдүүд ихэнхдээ улсын аврага, арслан гээд л бөхчүүд болох нь нийтлэг байна. Бид хоёрын 37-ны жил дээр мэндэлсэн хүү байгаа юм. Луу жилтэй. Мөнхбат аврага ээжийнхээ 44 насанд, Баянмөнх аврага 42-тойд нь, би ээжийнхээ 41-н дээр, ер нь дандаа л бөхчүүд ээжийнхээ 37 наснаас хойш төрсөн нь их байдаг. Гурван хүү, гурван охинтойн хамгийн бага нь энэ Өнөболд билээ. Аавынхаа шийрийг хатааж яваа юм болов уу гэж бодож байна. Бөхийн амьдралд дасгах, дуртай болгоход нь байнга бэлтгэлд хамт дагуулж явдаг байсан” гэлээ. Энэ үеэр Сейро А.Өнөболд “Багадаа нэг их барилдаж явсангүй. Наадмын бэлтгэл дагаж, Булган аймаг их явдаг байсан. Сагсаа сайн тогло. Өндөр болно гэдэг байлаа. “Эрдмийн ундраа” цогцолбор сургуульд сурдаг байв.Хонхны баяртаа ч оролцож амжилгүй, Япон улсад хөл тавиж, сумочийн замналаа эхэлжээ. Анхнаасаа шийдчихсэн хүн харина гэсэн бодолгүй байлаа. Гэвч хэл, соёл мэдэхгүйтүүнд заримдаа халшрах, хүний нүднээс далд хөнжил дотроо нулимсаа урсгах нь энүүхэнд байлаа.Дэвжээний ахмад бөх макүчид барилдаж байсан Хомашёо бас их сэтгэлийн дэм өгч, ахын ёсоор их зүйлийг зааж сургажээ. Хоол нэг дор их идэх хэцүү. Гурван жил болчихоод байхад 100 кг хүрэхгүй байв. Шөнө хоёр цагт тогтмол сэрүүлэг тавьчихаад онигири будаа, бэлдсэн хоол идэх ёстой” гэсэн юм.

Сейро А.Өнөболд өглөө бэлтгэлийн дараа бас идэж байж сая нэг жингээ нэмж байжээ. Ясны бөх хүн болох аав нь “Хайртай морио хазаартай нь усалж сурга” гэдэг юм. Хүүг минь тийн сургаарай гэж ояагатад захисан гэнэ. Үгчлэн орчуулж өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Яг ойлгосон бол ояагата намайг илүү чанга, ширүүн байх байсан ч магадгүй гэж инээж байлаа. Анх 2005 онд 17 настайдаа Кюүшюү башёд барилдаж эхлэв. Хоёр жилийн дотор л дээшээ гарчихна даа гэж бодож байтал нүдээ гэмтээснээр хагалгаа хийлгэж, жижиг сажиг бэртлүүдийг амссаар найман жилийн дараа 25 настайдаа 2013 онд жюүрёо дэвжээнд дэвшихэд Асашёорюү аваргатай адилхан Талын хөх чоно гараад ирлээ гэж нэг хэсэг хэвлэлээр шуугьсан билээ. Какүрюү Ананд аваргын туслахаар хоёр жил ажиллаж, их л зүйлийг ойлгожээ. Нэг удаа Аваргын хөлийг угааж байтал гэнэт түүнээс “Хүний хөл угаах ямар байна? Дандаа ингэж явах уу” гэж хэлэхэд нь хурдан л өсч ахих ёстойг гүнзгий ойлгосон гэнэ. Түүнийг ирэхээс нь л эхэлж харж хандаж, дэмжиж, ямар ч үед нь цуг байсан үнэнч хөгжөөн дэмжигчдийн нэг болох япон ээж болсон хатагтай Такаги Акико хамгийн анх монгол хүн харсан нь Сейро бөх байлаа. Харандаа шиг нарийхан биетэй жаахан хүү ингэж том болон, ханьтай болж, айл гэр үүсгэж байгааг нь харахад сэтгэл хөдлөхийн аргагүй байна гэж догдлон өгүүлж байсан юм.

Ийм сайхан халуун дулаан гэр бүлд өссөн хүүхэд нэртэй төртэй бөх болоод явж байхад гайхах зүйлгүй юм байна гэж бодогдсон гэв. Сумо бөхөөр дамжин Монгол, Японы найрамдалт харилцаа улам гүнзгийрэн зузаарч буйн нэг илрэл нь энэ биз ээ. Ийм чин үнэнч япон хөгжөөн дэмжигчид их байдаг билээ. Хуримын үеэр байн, байн магнайгаа арчиж, хөлсөө шудрах Сейро А.Өнөболд олон хүний өмнө сандарч байгаа нь илт байлаа. Хакухо М.Даваажаргал алиалан ийнхүү зөвлөв. “Хорвоо дээр гурван төрлийн эмэгтэй байдаг. Тэнэг мөртлөө хөөрхөн. Тэнэг мөртлөө тэнэг. Тэнэг мөртлөө ухаантай гэж байдаг. Гэргийд нь захиж хэлэхэд тэнэг мөртлөө ухаантай байгаарай” гэж хошигнолоо. Ананд аварга түүнд гэргийтэйгээ хамт нэгэн сэтгэлийн хүчээр макүчид хурдан дэвшихийг ерөөлөө. Хосууд гурван хүүхэдтэй болох хүсэлтэй. “Чин сэтгэлээсээ хайрлаж, гэр бүлээ хариуцлагатай авч явна” гэж өрхийн тэргүүн хэлсэн.

Хуримын үйл ажиллагаа Ояагата бүгдэд талархан мэндчилж, сүйт хархүү, бүсгүй нар өөр өөрийн аав ээждээ цэцэг өргөн мэндчилснээр өндөрлөлөө. Тэдний нүдэнд баярын нулимс цийлэгнэж байсан юм. Оролцсон хүн болгоны сэтгэл хөдөлсөн нь лавтай. Нэгэн монгол гэр бүл япон оронд өрх гэрээ тусгаарлалаа.

Япон дахь “Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *