13 дахь жилдээ зайдас, хиам, нөөшилсөн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн 25-30 хувийг хангаж буй “Очир Дагинас” ХХК нь Налайх дүүрэгт экспортын шинэ үйлдвэр байгуулж, нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, “Очир Дагинас” компанийн гүйцэтгэх захирал Х.Тэмүүжин нар оролцсон.
86 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа тус үйлдвэр хүчин чадлын хувьд өмнөх үйлдвэрээс гурван дахин их бөгөөд өдөрт 5-6 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Үйлдвэрийн шугам, тоног төхөөрөмжүүд олон улсын стандартад бүрэн нийцсэн бөгөөд 80 хувь нь автомат, 20 хувь нь гар ажиллагаатай.
Энэхүү экcпортын үйлдвэрийн нээлтийн үеэр “Очир Дагинас” ХХК, БНСУ-ын “The O” корпорацитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ийнхүү хамтран ажилласнаар БНСУ руу энэ онд гэхэд үхэр, хонь, адууны лаазалсан мах зэрэг 4 төрлийн 160 тонн бүтээгдэхүүн нийлүүлэхээр болж байна.