БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ
Олон жил уулзаагүй хуучны танил маань тааралдаад: “Чи минь яажшуухан явна даа? Орон даяар чамайг хараагаад, үзэн ядаад байхаар их л хэцүү байгаа биз дээ?” хэмээн мэндлээд ихэд өрөвдсөн бололтой эгээтэй л нулимс дуслуулсангүй. Би гайхан: “Хаана хэн тэгж үзэн ядаад байгаа юм?” гэвэл “Олон нийтийн сүлжээгээр” гэлээ.
Би гадаад дотоодгүй ил задгай явдаг, хэзээ ч бие хамгаалагч, жолооч, дагалдантай байж үзээгүй, автобус таксигаар зорчдог, дэлгүүр захаар байнга орж гардаг. Үзэн ядагчтай нэг ч удаа таарч байгаагүй. Харин ч залуучууд тааран хамт сэлфи хийлгэнэ, гарын үсэг авна гэж шална, нүүр улайтал магтан амжилт хүсч ерөөнө. Хөгшчүүл болохоор улс төрийн яриа өрнүүлэх гэж элдэв асуулт тавин дагана. Зүгээр л гар барих гэсэн хүмүүс зөндөө таардаг. Ихэнхдээ урьд нь зүс үзээгүй хүмүүс.
Ганц намайг биш, хасаг тэрэгнээс толгой нь илүү гарсан болгоныг мунадах явдал нийтийн сүлжээний гол сэдэв мөн нь мөн л дөө. Гэхдээ энэ нь сүлжээгээр нүдүүлсэн болгоны толгой бөндийдөг гэсэн үг биш. Фэйсбүүкт Монголоос нэг сая таван зуун мянган хаяг бий. Твитэрт 200 мянган хаяг байна. Гурван сая хүн амтай гэж бодоход энэ нь аварга тоо. Гэвч энд нэг хүнд хамаарах давхардсан хаяг маш олон байгаа. Фэйсбүүкт хаяг эзэмшигчдийн дийлэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд аж. Фэйсбүүк нь оролцогсдыг бүлэглэдэг болохоор нэг хаягт хамаарагсад тийм ч олон биш. “Баянхонгорын Шинэжинстийн сургуулийг 1980 онд төгсөгчид”, “Шанхай пүүз сонирхогчидынх”, “Ондатр малгай худалдан авах хүсэлтэнгүүд” гэх мэтээр хэдэн арван мянган хаягт хуваагдана. Өөрөөр хэлбэл бүх монголчуудад нэгэн зэрэг нөлөөлөх чадамж фэйсбүүкт байхгүй. Онцгой хов, сонин хачинг хоорондоо дамжуулах үйлдэл их ч гүтгэлэг сэнсаацаар үерэлсэн орчинд тэр болгон нь тогтоогддоггүй, тогтоосон ч дараагийн шуурганд автан амархан мартагдана.
Харин твитэр нь фэйсбүүктэй харьцуулахад нэгэн зэрэг бүх хаягтнуудад хүрч чаддагаараа давуу талтай. Нөгөө нэг давуу нь гэвэл энд хүүхдүүд бараг байхгүй, юутай ч бичиг үсэгтэй насанд хүрэгчдийн талбар. Түүнээс гадна элдэв зүхэл хараал гүтгэлгийг тараахад илүү чадварлаг. Трамп фэйсбүүктдэггүй, твитэрээр бүх дэлхийтэй харилцдаг учир энэ. Фэйсбүүкийнхэн голдуу сонирхлоороо нэгддэг болохоор мэдээллийн маш олон сэдэвт хуваагддаг бол, твитэрийнхний гол сэдэв нь улс төр. Үгүйдээ л Монголд тийм.
Гэвч хамрах хүрээ нь аль зэрэг вэ гэсэн асуулт гарна. 200 мянган хаягийн талаас илүү нь нэг хаягтанд хамаатай давхардсан байх нь маш түгээмэл үзэгдэл. Идэвхтэй твитэрчид 5-6 давхардсан хаягтай байх нь ховор юм биш. Хаяг эзэмшигчдийн дийлэнх нь өөрийн нэр ус, нүүр царайгаа нуудаг. Үүнийг хуурамч хаяг гэх. Чухам ийм хуурамч хаягийн араас гүтгэлэг доромжлол тарна. Жинхэнэ нэр, царайныхаа цаанаас “ал, бул цаазал, үр удмыг нь устга, цусыг нь холь, толгойг нь ав” гэх мэтээр зүхэж чадах зүрхтэн үгүй нь ойлгомжтой. Твитэрт хаягтай боловч бараг хэзээ ч бичдэггүй ажиглагч нар маш олон. Монгол твитэрийг ажиглаад байхад нэртэй болон нэрээ нуусан 200-300 орчим идэвхтэн бичигчид байдаг. Тэдний нэг нь би өөрөө л дөө. Гэхдээ нэр усаа нуудаггүй, нэгэнт ил болохоор ална шулна гэж заналхийлдэггүй, гүтгэлэг тараадаггүй. Надад хандсан асуултад хариулахыг голчилдог.
Нийгмийн сүлжээ аль зэрэг нөлөөтэй вэ? Сонин судалгаа хийж үзлээ. “Эм Си Эс компани ямар бизнис эрхэлдэг вэ?” гэсэн асуултад судалгаанд хамрагсадын бараг 60 хувь нь “коко кола үйлдвэрлэдэг” гэсэн бол ердөө 4 хувь нь уул уурхайн компани гэжээ. Гэтэл нийгмийн сүлжээ үүссэн өдрөөс л Монголын фэйсбүүк, твитэр энэ компанийг уул уурхайтай холбогдуулан алаад шулаад булаад сүйдийг нь хутгаа биз дээ? Хүмүүс бүгдээрээ кола уудаг, иймээс кола бүгдэд нь хамаатай өдөр тутмын амьдрал нь. Уул уурхайн асуудал бол үер. Хүн болгонд хамаатай ч юм биш. Энэ компаний муу муухайн тухай сонсоод л мартчихна. Тэгээд ч твитэрээр цөөхөн хүний хүрээнд яригдаж байгаа хэрэг. Судалгаагаар манай иргэдийн 90 орчим хувь нь мэдээллийг зурагтаас авдаг гэнэ. Гэтэл 420 орчим бие даасан зурагтын суваг буй. Өөрийн гэх бараг арван сувагтай томхон сумд ч бий. Монгол Улс зурагтын сувгийн тоогоор дэлхийд эхний аравт багтдаг ба манай араас Герман, Бразил зэрэг аваргууд жагсдаг. Иймээс мэдээллийн гол эх үүсвэр болох зурагт ч нийгмийг бүхэлд нь хамарч чаддаггүй. Тэгэхэд ердөө 200 идэвхтэн бичигчтэй твитэр, сонирхлын дагуу хэдэн арван мянган бүлэгт хуваагдсан фэйсбүүк юу ч юм билээ дээ! Гэтэл нөгөө талаас нийгмийн сүлжээг нийгэмд нөлөөгүй гэвэл ёстой худлаа. Асар их нөлөөтэй, бүр улс орны бодлогыг залах чиглүүлэх нөлөө түүнд бий.
Нийгмийн сүлжээний улс төрийн хэлэлцүүлэг олонд танигдсан тоотой хүмүүсийг онилдог. Айл хотлоор нь сүйтгэж гэр орныг нь шатаасан хөв хөдөөний гэмт хэрэгтний тухай тоож хэлэлцэхгүй. Их бодож нэг шуугиад өнгөрнө. Томоохон улс төрийн маргаанд хааяа ишлэгдэж л болох. Хэрэв тэр этгээд олны танил аль нэг зүтгэлтний хамаатан гэсэн баримт илэрвэл харин шуугина, гэхдээ гэмтэн рүү биш, үнэн худал нь батлагдаагүй өнөөх нэрд гарсан “хамаатан” руу бууны онь чиглэнэ. Энэ нь зөвхөн манай онцлог биш, хаана ч хүмүүс дундын танилынхаа тухай л хов хэлэлцдэг. Хэн нь ч таньдаггүй мэддэггүй аль нэг хүний шунахай, худалч, хүний үнэргүй тухай хэлэлцээд сууж байх нь утгагүй шүү дээ.
Онилогдогсод өнөөгийн Монголын шалгуураар төрийн дивтаат, сайд, алдартай жүжигчин, тамирчин, зурагтаар байнга гардаг чөдөр галзуучууд, шуугиантай хэрэгт холбогдсон дунд тушаалын албан хаагчид, байнга хэрүүл хийсээр байгаад олны анхаарал татаж чадсан “ердийн” ангиллынхан, томоохон компаний эзэд, нийгмийн амьдралд идэвхтэй оролцогсод, улсыг хамарсан том гэгдэх олон нийтийн байгууллагын удирдагчид, шуугиантай том гэмт хэрэгт холбогдогсод гэх мэт. Гэхдээ эдний хамрах хүрээ янз бүр, өөрийн зиндаатай. Аймаг сумын дарга гэхэд орон нутгийн хүрээндээ хэлэлцүүлгийн баатар, улсын нийт сүлжээгээр төдийлөн таньдаггүй болохоор ноцтой хэрэг тарьчихгүй бол тэр болгоныг авч хэлэлцэхгүй. Улс даяар шившгээ дуудуулагсдын тоо тухайн цаг үедээ мөн л 200-300-аас хэтэрдэггүй болохоор бүхий л улс төрийн асуудал хэлэлцүүлэг энэ хэд дотроо л эргэлдэнэ. Ийм тооны хүмүүс идэвхтэй бичиж, мөн ийм тооны “алдартнууд” өргөн хэлэлцүүлгийн бай болно. Өөрийн цаг хугацаатай. Их хурлын танхимд боов идээ л биз, бөөн шуугиан, учир нь дивтаат. Дивтаат болохоосоо өмнө гудамжинд согтуу унасан байсан ч тоохүй, яагаад гэвэл хэн ч танихгүй учраас. Дивтаатаа больсны дараа гэр бүл үймүүлсэн байсан ч “өө!” гэсхийгээд л өнгөрнө, яагаад гэвэл толгой нь хасаг тэрэгнээс цухуйхаа больсон учраас.
Ихэнх онилогдогсод нийгмийн болон төр улсын шийдвэр гаргагсад, эсвэл шийдвэр гаргахад нөлөөлөгсөд байдаг учраас тэдний бие хүн рүү нь чиглэсэн сум байгаа яг зөв онодог. Гай болоход бай болоод байгаа эрхмүүдийн ихэнх нь нийгмийн сүлжээнд асар их ач холбогдол өгдөг. Нийгмийн сүлжээний далайц, хамрах хүрээг ойлгодоггүй учраас үүнийг бүх ард түмний үзэл бодол, аягүй бол дэлхий даяар шившиг болж магадгүй гэж ухаардаг учраас чухам нийгмийн сүлжээнд зөв хүн болж харагдах гэж хамаг анхаарлаа ийш чиглүүлнэ. Тэд шийдвэр гаргах эрхтэй, эсвэл үүнд нөлөөтэй болохоор нэг үгэндээ нийгмийн сүлжээний идэвхтэн бичигч 200-300 хүнд шууд хөтлөгдөнө. Тоохгүй яваад байгаа хүн тэгтлээ доройтдоггүй, ард түмэн коко кола хийдэг хүн гэсэн ойлголттойгоо хоцордог гэдгийг ер анзаардаггүй.
Эдний энэхүү эмзэг байдал довтлогсодод илүү боломж олгодог. Энэ дэвсгэр дээр довтлогсод өөрийн арми байгуулдгийг “хөлсний коментчид” гэж нэрлэх. Довтолгоонд өртөгсөд ч мөн өөрийн арми байгуулна. Ингээд цусгүй тулалдаан даамжирсаар интернэтээр дүүрэн ална шулна гэсэн заналхийлэл, огт ор үндэсгүй гүтгэлэг дүүрч буй нь тэр. Хэн нь довтлогч тал, хэн нь довтлуулагч нь ч танигдахаа байна, таниад ч яах юм билээ, аль алин нь түрэмгийлэгч. Сонгуулийн үеэр энэ нь оргил цэгээ даван хальж аазгайтах аж. Хэн ялах нь тактикийн асуудал. Сүүлчийн сонгуулийг ажихад Миеэгийн тал Баттулгыг хэдэн зуун хэрэгт холбогдуулан дайрсан бол цаадах нь “хужаа”, “60 тэрбум” гэсэн хоёрхон асуудлыг тогтвортой баримтлан сөрсөн нь ялалт авчирсан. Компьютер л биш юм бол хэн тэр хэдэн зуун ялыг тогтоож цээжлэх билээ дээ. Тэгээд ч нэгтгэн дүгнэх чадвар цөөн хүнд байдаг.
Хэн нэгний толгойлсон нийгмийн сүлжээний армиуд нь цалинтай цэргүүд юм. Тэдэнд онцын зорилго, үзэл санаа байхгүй, тогтмол бичихгүй. Зөвхөн тодорхой зорилго руу чиглүүлж хэн нэгнийг “алах” ажиллагаанд дайчлагддаг. Өөрсдийг нь удирдан давшилтанд оруулдаг байнгын штабтай. Сонгууль мэтийн их үйлсэд хамгийн завгүй байдаг цэргүүд. Ер нь ч орлого олдог сезонуудтай.
Гэтэл ерөөсөө цаанаас захиалагч удирдлага байхгүй золбин идэвхтэнүүд нэлээд олон. Тэдний нэг хэсэг нь юу ч байсан хамаагүй харлуулж муутгаж харааж загнадаг, сэтгэцийн юмтай болов уу гэмээр этгээдүүд. Интернэтээр гарч буй бүх мэдээний дор хараал зүхэл бичиж сууна. Дон юм даа. Ганцаардсан хүмүүс ингэж донтох нь их бий. Вашингтон, Чикаго, Сөүл, Хөххот, Лондон, Бээжин гээд монголчууд олонтой газар ийм донтон барагтай бол байхгүй атал харь газар цөөн монголчуудтай газраас улаан галзуу нэг хоёр нь алгасалгүй идэвхтэй коментолж суудгийг өөрөөр тайлбарлах аргагүй. Равдан, Зоригоо гэх мэтээр өөртөө пароль нэр өгчихөөд ямар ч мэдээний дор занал зүхэл бичиж суудаг хүмүүс донтон гэхээсээ сэтгэцийн өвчтөн байх юм билээ. Хэд хэдэн идэвхтэн илэрсэн нь эмнэлгийн байнгын хяналтанд байдаг хөөрхийс.
Нийгмийн сүлжээгээр өөрийн нэр ус, зураг хөрөг, хаягтайгаа орж байнга бичдэг хүмүүсийн дийлэнх нь эрүүл саруул нийгмийн идэвхтэй хүмүүс. Нийгэм, улс төр, эдийн засаг, ёс суртахуун гээд олон асуудалд өөрийн санал бодолтой, түүнээ бусадтай хуваалцах гэсэн бодолтнууд байдаг. Зарим нь нэрээ нуусан байдаг ч хандлагат харилцаа нь занал зүхэл огт биш. Бүгдийг зүхэгчид дорхноо блоклуулчихдаг учир идэвхтэн бичигч байлаа гээд тоогдох нь ховор.
Хүний энергийг хамгийн их оргилуулдаг юм бол атаархал, хонзогнол, комплекс гурав. Энэ дотоод бухимдлаа гаргах нь олон хүнд мөнгөнөөс хавьгүй чухал. Ийм коментчид тодорхой хүн рүү цуцахыг мэдэхгүй шүршинэ. Надтай гэхэд тасралтгүй 30 жил “барилдаж” яваа сайн эрчүүд ч бий. Гүтгэнэ, хараана, зүхнэ, байж ядна, тачаадна. Хужаа л гэнэ, түүх гуйвууллаа л гэнэ, гадны гар хөл л гэнэ, хөлсний бичээч л гэнэ, энд тэндээс хахууль авсан гээд л яг таг огноо, мөнгөний тоог бутархай зоос хүртэл нь нарийвчлан гаргаж ирнэ. Ганц нь ч нотолгоо үгүй. Нотлох хэрэг ч тэдэнд байхгүй л дээ. Тээр жил казиногийн гурвыг анхлан баривчлагдсан хэргийг нь шүүх хэрэгсгэхгүй болгох мөртөө татварын асуудал нь будлиантай гээд ял өгч шоронд суулгасан. Би тэгж их мөнгө энд тэндээс авсан юм бол татварын асуудлаар цагдаад өгөхөд л шоронд сууж хөөрхийг нойртой хонуулмаар. Олон хүн иймэрхүү өдөөлтөд автан хариу өчиж олны анхаарал шуугианд өртдөг. Атаархагч чухам үүнийг л хүсэж эрүүлд дуудсан хэрэг. Харин үл тоон чимээгүй өнгөрвөл бусдаас дутуу төрсөндөө шатаж яваа хөөрхийг улам хүндрүүлж бараг л амиа хорлоход хүргэдэг. Бусдыг зүхэж, доромжилж, гүтгэчихээд зовлонд унагачихлаа гэж хөөрч байтал ямар ч хариу ирэхгүй болохоор чааваас өөрөө шаналалд автана. Байдаг бүхий л оюунаа шавхан шавхан хийсэн уран бүтээл нь хумхийн тоос боллоо гэсэн үг.
Зарим онилуулагчид шүүмжлэлийг хүлээж аваад хийж бүтээн чимээгүй хариу өгдөг. Хотын шинэ даргыг Улаанбаатарыг минь сөнөөхөөр хаа газраас ирсэн амийтан бэ гэж олон хүн бодож байсан. Харин тэрээр твитэрийн идэвхтэй сонсогчийн хувьд дор нь алдаагаа зассан. Залуусын гудамж байгууллаа, замын уулзвар өргөсгөлөө, мод тарьлаа. Хамгийн шуугиантай нь өөрийнх нь орлогч гэгдэг цочмог гарын аймаар шинэ санаачилгуудыг нь цаг тухайд нь цуцалж олны талархал хүлээсэн. Тийм орлогчтой байхад атаархагчид, гүтгэгчид, хонзогногсод хэрэггүй юм билээ дээ.
Төрийн байгуулагуудын интернэт дэх нийгмийн сүлжээг хаах шийдвэр гарчээ. Төрийн байгууллага хийх юмаар хомс болохоор ажиллагсадынх нь ганц зугаа, ер нь дагнадаг ажил нь нийгмийн сүлжээ гэдэг нь үнэн боловч хааж бариад дэмий дээ. Тэднийг ажлаа хийхгүй байна гэж хааж байгаа юм биш шүү дээ, нэр нүүрээ нууж байгаад дарга нарынхаа хошногыг ухаад байна гэж эмзэглэсэн хэрэг. Хааж боохоор тэд улам азаартана. Яаж ийж байгаад аргаа олно. Хонзогнол нь улам бадарч илүү хортой явуулга хийнэ дээ, харж л байгаарай!
2018.06.03