Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Уранчимэг: Үзэсгэлэнгийн дараа тухайн үеийн санал хүсэлтийн дэвтэрт “Эднийг шоронд хорих хэрэгтэй” гэж бичиж байлаа

Монголын уран зургийн галерейд бямба гаригт “Эхлэл” үзэсгэлэн нээлтээ хийв. Монголын контемпорари урлагийн “Эхлэл”-ийг харуулсан уг үзэсгэлэнгийн куратораар Ардын зураач Н.Цүлтэмийн бага охин, урлаг судлалын ухааны доктор М.Уранчимэг ажилласан юм. Уг үзэсгэлэн түүний кураторын 25 жилийн ойтой давхацжээ. “Эхлэл” үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар ажилласан Ц.Уранчимэгтэй ийнхүү ярилцлаа.


-Та 25 жил үзэсгэлэн зохион байгуулжээ. Монголын уран зургийн галерейд гарч байгаа “Эхлэл” үзэсгэлэнгийн куратороор ажиллалаа. Та бүхэн хүмүүст юу харуулахыг хичээж байна вэ?

-“Эхлэл” үзэсгэлэнгээрээ энэ гайхалтай уран бүтээлчдийн бүтээлийг толилуулъя гэж бодсон маань учиртай. Контемпорари урлаг хүчээ авч байна. Энэ залуус контемпорари гэж нэр томьёо монгол хэлэнд ороогүй байхад 1989 онд энэ урсгалыг эхлүүлж байсан юм. Энэ түүхийг залуус мэдэхгүй байна. Би судлаач хүн учраас энэ мартагдсан түүхийг үзэгчдэд сануулах, танилцуулах хэрэгтэй гэж бодсон юм. Та бидний гучаад жил үзээгүй эдгээр уран бүтээлийг дахин дэлгэн харуулж байгаадаа баяртай байна. Ардчилсан хувьсгал Монголд зөвхөн улс төр эдийн засгийн хүрээнд явсан юм биш. Улс төртэй огт холбоогүй, чөлөөт сэтгэхүй, болон өөрийн үзэл бодлоороо ялгарч, урлагийн талаарх ойлголт (концепци) нь тухайн нийгмийнхээ хүлээсэнд баригдахгүй болсон хэдэн залуу уран бүтээлчид Монголын комтемпорари урлагийн эхлэлийг тавьсан юм. Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-Очир, Б.Гансүх, С.Машбат, С.Баянмөнх, Б.Вандан, З.Өсөхбаяр, М.Хуяг-Очир нар 1989-1990 оны үед “Ногоон морь” гэж анхны нийгэмлэгээс гадна “Тэнгэр”, “Сита арт”, “Эго арт”, “Шинэ урлагийн холбоо” үүсгэн байгуулж, урлагийн шинэ тунхаг зарлаж явсан түүхтэй. Үзэсгэлэнд есөн уран бүтээлч оролцож байгаа. Найман зураач, нэг урлаг судлаач, тус бүр нь нэг нийгэмлэгийг төлөөлөх юм.

Тэдний анхны үзэсгэлэн нь 1989 онд Театрын музейд, дараа нь Уран зургийн галерейд гарсан. Зарим үзэсгэлэнг Соросын сан ивээн тэтгэсэн удаа бий.

Ерээд онд энэ урсгалыг тайлбарлаж олон нийтлэл бичих шаардлага тулгарсан. “Энэ юу юм бэ”, “Энийг яагаад урлаг гэж байгаа юм” гэсэн асуулт их ирдэг. Одоо эргээд харахад контемпорари урлаг Монголд байр сууриа олсон. Хүмүүс ч гайхахаа байж. 2015 оноос л ийм үзэсгэлэн гаргах тухай бодож эхэлсэн. Урлаг гэдэг хүмүүст заавал хүлээн зөвшөөрөгдөх ёстой биш гэдгийг тэд харуулсан юм. Тухайн үедээ “Явц”, “Эрэл” нэртэй үзэсгэлэн гаргаж байлаа. Энэ хүмүүсийн 1989, ерээд оны бүтээлүүдийн тухай сэтгэгдлээ “Санал, хүсэлтийн дэвтэр”-т хүмүүс янз бүрээр илэрхийлсэн байдаг. Зарим нь “Та нар ямар хачин юм хийдэг юм бэ” гэж байхад өөр нэг нь “Эднийг шоронд хорих хэрэгтэй” гэж бичсэн байсан. “Хөөх, ямар сонин юм бэ” гэх байдлаар ч хүлээж авсан. Тэр дэвтрийг “Эхлэл” үзэсгэлэнд тавьж хүмүүст харуулж байгаа.

-Үзэсгэлэн хэд хоног үргэлжлэх вэ?

-Монголын Уран зургийн галерейд 16-нд нээлтээ хийлээ, долоо хоног үргэлжилнэ. Ерээд оноос 25 жилийн турш Монголын урлагийн талаар олон өгүүлэл нийтлүүлсэн. Тэр үеийн “Засгийн газрын мэдээ”, “Үнэн”, “Ням гариг” сонин одоо олдохоо байсан. Тэр нийтлэлүүдээ цуглуулаад, ном болгосон юм. Тухайн үед ямар чиг хандлага нийгэмд байсан нь эндээс мэдрэгдэж байгаа юм. Энэ ном маань бас үзэсгэлэнгийн үеэр гарлаа.

-Монголын уран бүтээлчид дэлхийд хэр хүлээн зөвшөөрөгдөж байна вэ?

-Танигдаж эхэлж байна. Гадаадын нэртэй том үзэсгэлэн, арга хэмжээнд манай уран бүтээлчид оролцож байна. Жишээ нь, Венецийн биеннальд хоёр удаа үзэсгэлэн, “Документа” гэж дэлхийд алдартай орчин үеийн урлагийн арга хэмжээнд манай Ц.Ариунтөгс, Б.Номин нар оролцсон. Солонгост манай үзэсгэлэнгүүд тогтмол гарч байна. Гадаадын хувийн галерейнууд, музейд манай уран бүтээлчдийн бүтээлийг худалдаж авах хандлага байна. Энэ нь зөвхөн тухайн уран бүтээлчид бус Монголд ашигтай. Монгол урлагийг сонирхох нь эндээс эхэлдэг. Нэг уран бүтээлчийн бүтээл музейд очиход “Монгол гэж ямар орон бэ” гэж сонирхоно. Сүүлийн жишээ гэхэд Америкийн Миннесота мужийн том музейд Б.Баатарзоригийн бүтээлийг худалдаж авсан. Тэр музейгээс надад хандаж “Монголын урлагийн тухай ойлголт бидэнд байхгүй байна. Бид Монгол явах хүсэлтэй байна” гэсэн. Нааштай хандлагууд бий. Монголын урлаг гадаадад танигдсан гэж хэлэхэд эрт. Гэхдээ сайхан эхлэл бий.

-Та Америкт амьдарч байгаа гэсэн үү?

-Би Калифорнийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Монгол судлалыг Америкт түгээх нь миний бас нэг том зорилго. Манай сургууль 1935 оноос эхлээд монгол хэл зааж байсан түүхтэй. Монгол хэлний толь бичиг гаргаж байсан. Ерөнхий сайд А.Амарын “Монгол Улсын товч түүх”-ийг Калифорнийн их сургууль 1962 онд хэвлэсэн. Ийм түүхтэй сургууль учраас эргээд Монгол судлалын хөтөлбөрийг нээе гэж хөөцөлдөж, Монгол, Америкийн Засгийн газар дэмжлэг үзүүлж, гурав дахь жилдээ монгол хэл зааж байна. Орчин үеийн ярианы монгол хэл, уйгаржин монгол бичиг, Монголын түүх, соёлын сэдэвтэй хичээлүүдийг бид заадаг. Хоёр багштай. Цаашдаа Монгол судлалын төв байгуулах бодолтой байгаа.

-Та Ардын зураач Н.Цүлтэм гуайн бага охин, зураач Ц.Энхжин, Ц.Мөнхжин нарын дүү. Энэ зураачдын уран бүтээлийг хадгалдаг уу?

-Би өөрийн цуглуулгатай болохыг мөрөөддөг. Гэхдээ бэнчин байхгүй. Боломжоороо цуглуулахыг хичээдэг. Би аль болохоор зураач нарт туслах байдлаар үзэсгэлэнгээ зохион байгуулдаг. Миний үзэсгэлэн дээр ямар ч уран бүтээлч мөнгө төлдөггүй. Менежмэнт, урлаг хоёрыг би салгаж ойлгодог. Уран бүтээлчид үүнийг ойлгож, талархдаг. Өөрсдөө надад бэлэглэсэн бүтээлүүд бий. Бяцхан цуглуулгатай гэж болно. Ц.Мөнхжин ахын том ажил бий. Би гуйж байгаад авсан юм.

-Зураач Ц.Энхжин, Ц.Мөнхжин хоёрыг хүмүүс андуурдаг. Харин ихэр зураачдыг танай гэр бүлийнхэн андуурсан тохиолдол байдаг уу?

-Адилхан юм шиг мөртлөө их өөр л дөө. Дуу хоолой нь адилгүй. Харектер нь тэс ондоо шүү дээ. Нэг нь дуу цөөтэй, нөгөө нь яриа. Ээж, аав хоёр маань их өөр араншинтай хүмүүс. Ц.Мөнхжин ах бид хоёр яриа. Ээжийг дуурайсан. Чанга чанга ярина. Ц.Энхжин ах, эгч, аав бол дуу цөөтэй хүмүүс. Намуухан дуутай. Хүүхдүүд нь багадаа холоос харчихаад “Аав аа” гэж гүйж очоод, цочиж зогтусаад уйлж байсан удаа бий.

-Зураач аавын хүүхдүүд бүгд л багадаа зураг зурж байсан биз. Та зураач болох магадлал байсан уу?

-Зураач болох нөхцөл надад байлаа. Тэр үед урлан гэж байсан биш. Аав гэртээ зургаа зурдаг. Ц.Энхжин ах Германаас ирээд бас гэртээ зураг зурдаг. Би “Яагаад ногоон нүүртэй хүн зурчихав” гэж хардаг байсан. “Урнаа хойшоо, би зургаа зурж байна. Уранхай хувцас байвал бийрээ арчина шүү, хувцсаа битгий хаяарай” гэдэг сэн. Урлагийн талаар хоорондоо нэг их яриад байхгүй мөртлөө ийм уур амьсгал дунд өссөн. Ц.Энхжин ах урлагийн түүх ярьдаг байсан нь нөлөөлсөн байх. Би 15-16-тай байхдаа урлагийн талаар уншиж эхэлсэн. Харин зургийн авьяасгүй. Зургийн хичээл дээр тааруу дүн авдаг, зурах дургүй байлаа. Бичих, хэл сурах дуртай. Англи хэлийг ном уншиж, дуулж сурсан. “Битлз” сонсч дагаж дуулдаг байв. “Инээмсэглэл”-ийн Н.Ганхуяг ах манай бэр эгчийн дүү. Хуягаа ахаас англи хэлний дүрэм асуудаг байсан.

-Н.Цүлтэм гуайд ямар нэг өвөрмөц зуршил байсан уу?

-Аав хөгжимд их дуртай. Анх аав зураач болно гэж бодоо ч үгүй. Бөмбөгөр театр гэж байхад аав баянхуур тоглодог, Л.Цогзолмаа эгч бүжиглэдэг байсан гэдэг. Аав “Цогт тайж” кинонд туслах зураачаар явсан. Л.Гаваа гуай ахлах зураач нь байжээ. Кинотеатрын сандлуудыг дугаарлаж, анх бийр барьсан гэж өөрөө ярьдаг байлаа. Түүнээс хойш зурахаар шийдсэн юм билээ. Зураг зурахдаа хөгжим их сонсдог. С.Гончигсумлаа гуайнх яг манай дээд давхарт байсан. Түүний төгөлдөр хуурын аялгуу манайд сонсогддог. Одоо бодоход их сайхан байж дээ. Аав С.Гончигсумлаа гуайтай дотно. Ц.Энхжин ах ярихдаа “С.Гончигсумлаа гуай хөгжмийн хүн ч модерн урлагийг ойлгодог байсан” гэдэг. Ц.Энхжин ахын бүтээлийг тэр бүр хүн ойлгодоггүй байхад С.Гончигсумлаа гуай их дэмждэг байж л дээ. Унгарт сурч байхад маань аав “Шинэ гоё хөгжим байна уу” гэдэг. Наян хэдэн онд Унгарт байхдаа “Dire straits” гэж английн хамтлагийн дууг аавд өгч байснаа санадаг. Аав дуртай сонссон.

Аав үндсэрхэг үзэлтэй хүн байлаа. Монгол буурай ч урлаг нь хэзээ ч буурай байгаагүй гэдэг аавын санаатай би ч санал нийлдэг. Аав мах голлосон хоолонд дуртай. Шар тос, цагаан идээ их хэрэглэдэг байлаа. Сүүлийн үеийн судалгаагаар ургамалын тос муу, шар тос илүү болох тухай ярьцгааж байна шүү дээ. Аав сар болгон мацаг барьдаг. Мацаг барихдаа цагаан идээ иддэг. Хатуу ааруул, ээзгий хүлхэж явдаг байлаа.

Аав хамгийн сүүлд надад захисан үг нь мартагддаггүй. Тухайн үед аав эмнэлэгт байсан юм. Намайг эргэж очиход “Монгол орныг тэр чигээр нь галерей гэж хэлж болно шүү” гэсэн. Монголд хадны сүг зураг байхгүй газар үгүй. Тэр чигээр нь галерей гэж нэрлэмээр байна. Чи тэрийг л судалбал дундаршгүй далай гэсэн үг. Монголын бас нэг гайхалтай эрдэнэ бол Занабазар. Үнэхээрийн сонгодог бүтээлүүд. Үүнийг судлах хэрэгтэй гэсэн юм. Бараг эцсийн үгээ надад хэлж байж.

Үнэхээр л миний баруунд гаргах гэж байгаа ном маань Занабазарын тухай байна. Би “Монголын хүрээ хийдийн шашны урлаг” гэж ном 2016 онд гаргасан.Тэр ном маань Америкт гарахаар болсонд баяртай яваа.

Занабазарыг уран бүтээлчээс гадна тухайн үеийн улс төрийн золиос болсон гэж үздэг. Тэр үед Далай лам хүчээ аваагүй байхад манай Чингис хааны удмыг Далай ламын шавь болгочихож байсан юм. Тэр бол бидний ч буруу биш Манж, Түвдийн Монголыг эрхшээлдээ авах, алтан ургийн хүмүүсийг шашинтай холбох улс төрийн тоглоом байсан гэж боддог.

-Бурхны шашны урлаг судлаач хүний хувьд өөртөө шинэ нээлт хийсэн үү?

-Сүүлийн үед түвд хэл гадарлаад, ном уншдаг болоод байна. Монголын эрдэмтэй лам нарын Буддын шашныг монгол ухаанаар хүлээж авч, ойлгож байгаа нь гайхалтай санагдсан. Энэ миний хувьд нээлт. Бурхны шашиныг монголчууд өөрийн болгож, бөөгийн шашинтай зохицуулан, байгаль шүтлэгтэйгээ тохируулах ажлыг эрдэмтэн лам нар маань хийж байжээ. Монголын буддизм гэж бид нэрлээд байна.

-Та гадаадад Монголынхоо соёлыг түгээж яваа. Монголд амьдрахсан гэсэн бодол байдаг уу?

-Монголд амьдрах бодол надад байнга байдаг. Би тэгж хичээсэн. Сургуулиа төгсчихөөд Монголдоо ирсэн. МУИС-д багшаар орсон. Хоёр жилийн дараа байх аргагүй болоод нөхцөл байдал нь тохирохгүй явсан. Америкт амаргүй. Би бол Монгол Улсын иргэн. Ямар ч тохиолдолд иргэншлээ солихгүй. Үүнийг нөхөр ч дэмждэг. Хүү маань ч Монгол Улсын иргэн. Би Монголын урлаг судалдаг эрдэмтэн. Хаана амьдрах нь чухал биш гэж өөртөө хэлдэг. Монголын урлагийн тухай миний бичиж, бодож байгаа зүйлс хүнд хүрч байгаа цагт учир нь олдоно л гэж найддаг.








Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *