Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны гишүүн байгууллага болох Монголын хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын холбооны гишүүд өнөөдөр “Монгол ньюс” төвд мэдээлэл хийлээ.
МҮЭХ-оос Монгол улсын Засгийн газар болон, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой байгуулдаг хөдөлмөр,нийгмийн зөвшлийг хангах гурван талт хэлэлцээр хангалтгүй, төрийн үйлчилгээний албан хаагчид, хувийн хэвшил, албан бус салбарын ажилтнуудын цалин, орлогын хэмжээ нэмэгдээгүй учир орон нутгийн иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж ард иргэд төдийгүй ҮЭ-ийн гишүүд, ажилтнууд, хөдөлмөрчдийн амьжиргаа доройтож байна.
Түүнчлэн МҮЭХ-оос сүүлийн жилүүдэд явуулж буй үйл ажиллагаа хангалтгүй хэрэгжсэний улмаас үйлдвэрчний эвлэлд итгэх итгэл алдарч байгаагаас үүдэн МҮЭХ-г шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарт шаардлага хүргүүлсэн ажээ.
Тус шаардлага нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий зөвлөлийн хурлыг 2018 оны 06-р сарын 21-ны дотор хуралдуулж, ээлжит бус XXIII их хурлыг 2018 оны 9-сарын 18-ны дотор хуралдуулах товыг тогтоож, уг хурлаар МҮЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах аж.
Дээрх шаардлагыг хэрэгжүүлэх хүртэл 2018 оны 6-р сарын 17-ны өдрөөс эхлэн МҮЭХ-нд төлөх гишүүнчлэлийн татварыг албан ёсоор зогсоож, улмаар шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд гишүүн байгууллагууд, анхан шатны ҮЭ-ийн хороод нь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны гишүүнчлэлээс татгалзахаа албан ёсоор мэдэгдлээ.
Энэхүү хөдөлгөөнд Ховд, Дорнод,Увс аймгийн ҮЭ-ийн холбоод болон эрүүл мэнд, шинжлэх ухаан, хот байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбоод болон анхан шатны ҮЭ-ийн хороод, түүний гишүүд нэгдээд байна.
Ц.УРАНБОЛОР