Categories
мэдээ спорт

Олимпийн медальтнуудын хөргөөр зоос хийж, марк худалдаанд гаргана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат тэргүүтэй яамны удирдлагууд Олимпийн медалтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 1992 оны Барселоны олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Баярсайхан тэргүүтэй олимпийн наадмаас медаль хүртсэн үе үеийн тамирчдыг хүлээн авч уулзсан байна. Тодруулбал, уулзалтад 1968 оны олимпийн наадмын анхны хүрэл медальт, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, 1968 оны олимпийн наадмын анхны хүрэл медальт, ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, 1976 оны олимпийн наадмын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, 1988 оны олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Энхбат, 1996 оны олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах нарын ахмад тамирчид ирсэн юм. Мөн 2008 оны олимпийн наадмын алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-ууган, 2008 оны олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, 2016 оны олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай нарын залуу тамирчид оролцжээ.

Монгол Улсын түүхэнд 1968 онд олимпийн наадмаас анхны медаль хүртсэнээс хойш энэ онд 50 жилийн ой тохиож буй. Тиймээс Олимпийн медалтнуудын холбооноос 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулахаар төлөвлөснөө саналаа салбарын сайдад танилцуулсан байна. Тухайлбал, олимпийн наадмыг ирээдүй хойч үедээ сурталчлан таниулах ажлын хүрээнд олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдын хөргөөр зоосон мөнгө хийх, цуврал маркыг худалдаанд гаргах, алдартай олимп, дэлхийн аваргын медалтнууд болон дасгалжуулагч багш нарын тухай ном хэвлэх, олимпийн аваргуудын хувцас сэлтийг Үндэсний түүхийн музейд тавьж, гадаад, дотоодын жуулчдад сурталчлах зэрэг ажлыг танилцуулжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тэдний тавьсан саналыг бүрэн дүүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд “Улсын баяр наадмаас өмнө олимп, тив дэлхийн аваргуудтай Ерөнхий сайд, яамны удирдлагууд уулзалт зохион байгуулна. Токиогийн 2020 оны олимпод бэлтгэх, үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хэрхэн хангах гээд олон чиглэлд ажиллаж эхлэх хэрэгтэй байна. Тэрчлэн Ерөнхий сайдын дэргэд ажиллах орон тооны бус Үндэсний зөвлөлийг байгуулах цаг нь ирлээ. Өнгөрсөн жил батлагдсан спортын тухай хууль ирэх жилээс хэрэгжинэ. Хууль хэрэгжсэнээр анх удаа биеийн тамирын арга зүйч улс даяар ажиллана. Гэтэл зургаан сарын дараа хууль хэрэгжих гэж байхад ажил эхлээгүй явна. Тиймээс та бүхэн энэ мэт бидний ажлыг дэмжиж, саналаа хэлээрэй” хэмээн онцолсон байна.

Олимпийн медальтнуудын хөргөөр зоос хийж, марк худалдаанд гаргана

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *