Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Арвай: Равжаа хутагт бол Монголын агуу эх оронч

НҮБ-ын нийгэм, эдийн засгийн зөвлөлд зөвлөх эрхтэй мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн академич, Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайтай хөөрөлдлөө.

-Төгөлдөр сайхан уу, та. Наяын давааг давсан ч наадаж явдаг сайхан “амьтан” шүү?

-Амрыг эрье ээ.

-Цэргийн хүн гэдэг нас ахисан ч янзаараа л байх юм даа. Мэнд нь хүртэл…

-Тэгдэг юм байна.

-Та дорнын говийн Өргөн сумын хүн. Энэ жил Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой болно доо. Та 210 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралд оролцон илтгэл тавьж дэд, тэргүүн байр эзэлсэн юм билээ. Равжаа хутагт ч аргагүй дорнын агуу хүн дээ?

-Тийм ээ. Тэр сайхан хуралд урьж оролцуулсан нөхдөдөө, аймгийн удирдлага, “Данзанравжаа судлалын академи”, музейн эрдэм шинжилгээний ажилтнууд, хутагтын тахилч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн З.Алтангэрэл, IX ноён хутагт Данзанлувсантүдэв, лам, хувраг, эрдэмтэн мэргэд, судлаач нартаа их баярладаг. Би бодол санаагаа хэлье. Энэ их үйлст цацал нэмэрлэх болсонд баярлаж байна. Тэгэхдээ энэ гэгээнтнийг гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаачид олон талаас нь мэргэжлийн онцлогийг харгалзан судалдаг. Миний хувьд үндэсний аюулгүй байдал, цэргийн ба хил шинжлэлийн ухаан талаас нь судлахыг оролддог. Энэ л хүрээнд санаагаа хэлье. Тэгэхдээ онол арга зүйн хувьд анхаарал татах юм их байдаг юм билээ.

-Та хутагтын бүтээлүүдээс нийтэд хамааралтай гэж үздэг сургаалиудаас нь ярьж өгнө үү?

-“Бие, сэтгэл хоёр нь биетэй, биегүй хоёр юм”, “Сайн муу явдал өөрийн сэтгэлээс болно”, “Саруул, мунхаг хоёр нь онох, эндэх хоёр”, “Үйлийн шалтгаан нь өөрийн сэтгэл мөн. Тэр сэтгэл ариусваас үүссэн үйл нь ариухан”, “Гэм хор хоёрыг сэтгэл дээрээс ялгадаг, тус хор хоёрыг үр дээрээс амсдаг”, “Нарны гэрэл хурц болоход үүл нь үгүй бол нэн сайн, насны багад эрдэм сурахад залхуугүй бол даанч сайн”, “Авах хүнд хэрэгтэй үг хатуу боловч ариухан”, “Зөв сэтгэлтэй хүн буруу үгийг ч бол хүлцэнэ”, “Бодь сэтгэлтэй хүн нялх боловч олныг айлгана, хорлох сэтгэлтэй хүн идэр хүчтэй боловч дайсныг арвитгана”, “Зүрхэндээ сүсэг эс төрвөл залбиравч ямар тус болох вэ”, “Өнчин хүнд ариун үзэл мэт нөхөр үгүй. Олон хүнд буруу онол мэт гутамшиг үгүй”, “Ёстныг хүндэл, настныг баярлуул”, “Ачтанаа өргө, бачтанаас зайл”, “Муу нөхөртэй бүү нөхц”, “Ямар юм муухай вэ гэвэл үл мэдэгч муухай, ямар юм муу вэ гэвэл ном үгүй нь муу”, “Юу хортой вэ гэвэл өст сэтгэл хортой”. Энэ бүхэн Данзанравжаагийн бүтээлүүдийн онолын үндэс төдийгүй амьдралынх нь зарчим байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл хутагт өөрийгөө нээх үндсийг тавьжээ гэсэн сэтгэгдэл надад төрдөг. Энэ мэт зуугийн талыг наслахдаа хутагтын туурвисан олон зуун төрлийн бүтээлд нь тэр аяараа өнгөрсөн, өнөө, ирээдүй үеийн орон зайг хамарсан, мөнхийн ачит сургаалиар дүүрэн. Ийм алдартай хүний бүтээл хүн төрөлхтний түүхэнд мартагдаж байсан удаа үгүй. Ой тэмдэглэхийн утга учир энд л байгаасай.

-Хутагтын тавдугаар дүрд өргөмжлөгдсөн Д.Данзанравжаа шашны нэрт төлөөлөгч дөө. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Буддагийн айлдсан зөв үзэл, зөв санаа, зөв үг, зөв явдал, зөв амьдрал, зөв тэмүүлэл, зөв ухаан, зөв төвлөрөл. Энэ найман зөв зам бол улс, нийгэм, ард иргэдийн зайлшгүй дагаж мөрдөх сургааль мөн. Буддагийн бас нэгэн айлдвар бий. Тэр бол “Зэв төмрөөс үүсэж, эргээд төмрөө иддэгтэй адил нүгэл нь хүнээс бий болж эргээд хүнээ иддэг” гэсэн айхтар сургааль байдаг. Хутагт бол бурхныхаа замаас хазайгаагүй. Харин монгол нөхцөлд авах гээхийн ухаанаар урлаг болгон ашиглаж ирсэн зүтгэлтэн гүн ухаантан шүү дээ. Хүний үйл ажиллагааны онцлогийн тухай хутагт айлдахдаа

“Ахархан энэ насны үйлдлээр өдрийг өнгөрөөнө

Авст үхэл шиг хэвтэж шөнийг өнгөрөөнө

Арван буяны талыг дайсанд үзнэ

Арван хар нүглийн талд нь баясана

Алхах хоёр хөлт адгуус мөн юм аа” гэх буюу өөр нэгэн бүтээлд нь хутагтаас өөр хэний ч хэлж зүрхлэхгүй байх гэж бодмоор үг хэлжээ.

“Алж, алж махыг нь борцлоод

Амьтан хөөрхий гэдэг хувраг шүү ертөнц,

Хүний юмыг авч авч

Хүсэл олзонд дургүй шүү ертөнц” гэсэн байна. Энэ бол ариун хутагтын үнэнийг байгаагаар нь хэлсэн үг. Зөвхөн монголчуудад хандсан үг биш. Энэ санааг бурхан будда ч зөвшөөрсөн байдаг.Шашин, төрийн ухааныг хослуулан хэрэгжүүлсэн гавьяатай хүний нэг бол бүтээл нь ЮНЕСКО-д зохих байраа эзэлсэн Данзанравжаа хутагт мөн л дөө.

-Бидний мэдэхээр Равжаа хутагт Монголын аргагүй л гайхамшигт хүн дээ. Магадгүй Чингис хаанаас хойш ийм хүн Монголд мэндлээгүй байх аа?

-Төрийг жолоодон, улсаа мандуулахад шашин, номыг хүндлэн дээдэлж, үр шимийг нь гайхамшигтай харуулсан хүн бол Чингис хаан. Түүний жолоодлого дор хоёргүй сэтгэл, зүтгэл гаргасан хүмүүс бол монголчууд, бидний өвөг дээдэс. Чингис хаан дэлхийн мянганы суут хүнээр тодорч монголчуудын үнэ цэнийг байх ёстой байранд нь тавьж алдаршуулав. Энэ бол Чингис хаан тэнгэрт хальснаас хойш найман зууны дараа болж байгаа явдал. Чингис хаан “Нэр алдар хэмээх ахуй төртэй адил эрхэм. Нэр, төр хоёрыг аминаас илүү дээдэл. Нартад төрөөд нэр төр эс олбол, хэвлээс унаад хүмүүжин эс өсвөл хүмүүн төрөл олсны хэрэг юун” гэж айлдсан билээ. Чингис хаан эзэнт гүрэн байгуулах үндсийг тавиад Их Монгол Улсаа төвхнүүлээд айлдсан нэгэн сургааль ийм. “Би өргөн бөгөөд уудам улс байгуулж төвхнүүллээ. Та нарт гэрээслэхэд эе эвтэй байж, нөхрөө дээдлэхдээ ч, дайснаа дарахдаа ч нэгэн санаатай бай. Та нар төрийнхөө сүлдийг дээдэлж, жаргаж, бүх эд зүйлээр хангалуун амьдрах учиртай. Намайг залгамжлах хүмүүс төрж, миний суудалд таван зуун жил, мянга, түмэн жил суувч… Чингисийн цаазыг өөрчлөлтгүй хэвээр дагаж, мөрдөх учиртай” гэжээ. Энэ эшлэлийг Рашид-Ад-Дин “Судрын чуулган”, Б.Я.Владиморцов “Чингис хаан” бүтээлээрээ дэлхийд сонордуулсан юм. “Их ёс” буюу “Их засаг” хууль бол монголчуудын амьдралын хөлс, цусаар бичигдсэн хууль гэдгээрээ давтагдашгүй гэдгийг хэлье. Яагаад гэвэл “Амьдрал гэдэг бол ямар ч номоос илүү сургадаг өнө мөнхийн багш. Түүнд итгэ”. Энэ үгийг хүн төрөлхтний үүсэл Монголоос эхтэй гэж үздэг алдарт гүн ухаантан И.В.Гёте авхайн айлдсан сургааль. Тэгэхлээр “Их засаг” хуулийнхаа амин сүнсийг амьдралын цус, хөлсөөр бий болгосон онол, практиктай холбоод эе, эвийг эрхэмлэн дээдлэж чадваас арван мянган жил Монгол Улс оршин, мандан хөгжих хувь заяа бидэнд байна гэсэн үг. Бид Чингис хааны хэлсэн тэр үеэс хойш нэгхэн мянганыг туулж байна. Д.Данзанравжаа өнгөрөгч зуунд амьдарч байсан ч Чингис хааныхаа гэгээн сургааль, түүнийг эрхэмлэн дээдэлж байсан хутагт болохыг бүтээлүүд нь ямар ч маргаангүй баталж байгаа юм.

-Өндөр гэгээн Занабазарын үйлсийг залгамжлагч эрхмүүдийн нэгэнд хутагтыг оруулж та ярьж байсан даа?

-Монголын анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазар 1634-1723 оны хооронд амьдарч байсан. Тэр таван настайдаа Монголын шашны тэргүүнээр өргөмжлөгдсөн. Харин Говийн ноён хутагт Данзанравжаа Өндөр гэгээнийг жанч халснаас наян жилийн дараа мэлмий гийж, есөн насандаа хутагтаар тодорч, 1803-1856 онд аж төрсөн. Цаг хугацааны хувьд зөрүүтэй ч үзэл бодол, үйл ажиллагааны хувьд Өндөр гэгээний номын шавь нь хутагт байсан гэдэгт эргэлзэх шалтгаан байхгүй. Тэд аргагүйн эрхэнд де-факто хэлбэрээр Манжийн хааны эрхшээлд орсон. 1691 оноос хойш Монголын тусгаар тогтнолыг хадгалж, бэхжүүлэхийн төлөө сэтгэл, зүтгэлээ зориулсан шашин, төрийн зүтгэлтнүүд байлаа. Өндөр гэгээн, шашин төрийн бодлогыг зүйрлэшгүй бүтээлчээр хослон хэрэгжүүлсэн бөгөөд их эзэн Чингисийн хүсэл, эрмэлзэл, уриа дуудлагыг энхийн аргаар хэрэгжүүлсэн гэгээнтэн. Тэрээр Манж хааныг Богд хаанаар өргөмжилж байсан. Тэнгэрийг тэтгэсэн Богд хаан ч Өндөр гэгээнийг номын багшаар залж бодлого, үйл ажиллагааг нь өвөрмөц хэлбэрээр дэмжиж ирсэн байдаг. Манж-Чин улсын хаан монголчуудын асуудал хариуцсан тусгай яам байгуулж байлаа. Насан өндөр болсон номын багшдаа зориулан өөрийн мэдлийн хөрөнгөөр эх оронд нь Амарбаясгалант хийдийг байгуулсан. Монголчууд, тэдний ихэс дээдсийн ухаан бодол, үйл ажиллагааг үнэлж Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Алдаж болохгүй агшин” бүтээлдээ “Улс орноо бүтнээр нь, хүн ардаа цэврээр нь, мал сүргээ удмаар нь авч үлдсэн төдийгүй бусдад эзлэгдэх аюулаас манж нараар хоёр зуу гаруй жил хамгаалуулж чадсан нь ирт сэлэм, их цэргээс ч илүү хүчтэй төрийн мэргэн бодлого байжээ” гэж бичсэн нь тун оновчтой. Өндөр гэгээнээс хойчийн дүрийг нь хэрхэн дүрслэн үлдээх вэ гэж асуухад “Миний дүрийг монгол дээлтэй, баруун гарт илд бариулж, зүүн гарыг тарган хонины ууц түшүүлэн урлаарай” гэж айлдсан. Өндөр гэгээнтний бүтээлийн үнэ цэн өнө мөнхийн шинжтэй, түүний урлан үлдээсэн гүн ухааны оргил шингэсэн “Соёмбо”-ыг Монгол Улсын төрийн дээд чимэг болгон эдүгээ манай улс өргөн дээдэлж байна. Харамсалтай нь энэ эрхэм хүний үзэл бодол, ур ухааны мөн чанарыг ухан ойлгож чадаагүйгээс доголдолтой хандаж ирсэн үе бий. Одоо ч оргилд нь хүртэл үнэ цэн, ач холбогдол, агуулга, утга чанарыг бүрэн төгс ухааран ашиглаж амжаагүй л байна гэмээр харамсмаар энэ байдлыг Английн эрдэмтэн, монгол судлаач Баудин ажиглан хэлэхдээ “Занабазарыг буруутган муулсан улс Монголоос өөр дэлхийд хаана ч байхгүй” гэж шүүмжилсэн байдаг. Монголын анхны Богд маань Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байх чанар, улс орноо гадаадын түрэмгийллээс хамгаалах ухааныг өөрийн бүтээсэн Арвай буюу “Нааш” тамгаар илэрхийлснийг эрдэмтэн С.Ичинноровын “Өндөр гэгээн Занабазарын намтар бүтээлийн зарим асуудал” хэмээх бүтээлд өгүүлжээ. Гэгээнтэн айлдахдаа ”Дугуй цагираг үүсгээд дотор нь дөрвөн арвай тавихад дундаа зайтай таван нүд гарна. Дунд нь үлдсэн нүд нь оройн багш (төр) оршино. Бусад дөрвөн зам нь дөрвөн аймаг (чиглэл) байх болно” гэжээ. Судлаачдын үзэж байгаагаар дугуй цагираг нь улсын хил, төв хэсэгт нь төр мөнх оршиж, дөрвөн чиглэлийн аль ч талаас халдсан түрэмгийлэгчдийг тухайн чиглэлд найдвартай хааж, нөгөө гурван хэсгээс хүчээ маневарлан шилжүүлбэл цөмөрсөн ямар ч дайсныг бут цохиж, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангаж байх боломж, санаа урган гарч байна. Эзэн Чингис чухамдаа торгон цэргийг хамгаалалтын төвд байлгаж, улсаа дөрвөн хэсэгт хуваан ангилаад тухайлбал баруун чиглэлийг хариуцсан Боорчи жанжинд “Өрсөлдөн ирэх дайсны өмнөх замыг бөглөж байх”, харин зүүн ба өмнө чиглэлийг Мухулай жанжинд хариуцуулан “Халдах дайсны харайх замыг хааж, буцах дайсныг бултаар нь хяргаж байх” зарлиг буулгаж, бүх зүйл төлөвлөгдсөн ёсоор биелж байсан түүх, сургамжийг Өндөр гэгээн онцлон анхаарч бүтээлдээ үндэс болгон сургамжилсан байх гэдэг таамаглал гарч ирдэг. Энэ онол одоо дэлхийн бараг улс бүхэнд хэрэгжиж байна. Наймдугаар хутагт Богд хаанаас үндэсний эрх чөлөөний хувьсгалд оруулсан хувь нэмрийг тухайн үед Оросын эзэнт гүрний элчин, консулаар Монголд ажиллаж байсан Люба үнэлж “Хэзээ нэгэн цагт Монголын сүүлчийн жилүүдийн түүхийг бичих бол түүхнээ хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг ч зүрхлэхгүй, тийм зүйлийг хэрэгжүүлэгч наймдугаар Богд гэгээний зоригтой, шийдэмгий санаачлагыг талархалтайгаар тэмдэглэх болно” гэж бичээд дээд удирдлагадаа илгээсэн тайландаа илгээжээ. Ноён хутагтын бүтээлээс уншиж үзэхэд бас тийм хувь заяа, буян харагдаад байдаг.

-Манжийн хаанчлалын үед буюу хоёр зуу гаруй гаруй жилийн түүхээс сөхөхөд Монголын анхны Богдын шашин, төрийн бодлогыг хослон хэрэгжүүлсэн тухай ярилаа. Тэгвэл Догшин ноён хутагтын Монгол Улсын төрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын найдвартай байдлыг хангаж хамгаалахад оруулсан хувь нэмрийн талаар яриач!

-Юуны урьд хутагтыг Ноён гэж дуудах нь аливаа эрхэмсэг эрчүүдийг авгайлдаг үг биш юм. Монголчууд аравт, зуут, мянгат, түмтийг удирддаг эрхмүүдийг Ноён гэж өргөмжилдөг байсан утгаар авч үзэх нь зөв. Ноён хутагтын амьдарч байсан үед Монголын өмнө, өрнө, дорно, умар гэсэн дөрвөн талаас аюул нүүрлэсэн, хожим наймдугаар Богдын оношилсноор хаанаас ч тусламж авах боломж тасарсан “овоолсон өндөг” мэт харагдаж эх орноо харьд алдах аюул заналд орсон үе байлаа. Өндөр гэгээний тодорхойлсонтой адил тухайн үеийн Монголын өмнөд чиглэл буюу Сэцэн хан аймгийн өмнөд хязгаарын баруун зах, тухайлбал Аргал уулаас ялимгүй зүүн өмнөд зүгт орших Гурван үүдийн худгийн дунд овооноос баруун тийшлэн Сайн ноён хан аймгийн өмнөд хязгаарын зүүн зах, ойролцоогоор Оньч хайрхан хүртлэх Бүүргийн говь, Галбын говь, Цэрдийн их говийн умард хэсэг, цаашилбал Цэнхэр номингийн зүүн хаяа хүртлэх их говь нутгийн хил хязгаарын хамгаалалт, аюулгүй байдал бүхлээрээ тавдугаар ноён хутагтын хувь заяатай холбогдож байжээ. Түүнд шашнаас гадна төрийн шинжтэй үүрэг хавсран гүйцэтгэх ноёны зиндааны захиргааны чиг үүрэг үүрэхээс өөр аргагүй болсон байв. Эзэнгүй нутгаасаа өгөхийг хүсч өмнийхөн Модун шаньюйд хандан гуйхад “Газар нутаг бол улсын орших үндэс” гэж айлдаад зөвшөөрсөн этгээдэд цаазын ял оноож авч үлдсэн нутаг орон бол өнөөгийн өргөн их говь нутаг. Энэ мэт гадаадын өнгөлзлөгөөс газар нутгаа хамгаалж, улс орноо элгэн талаас нь халхлан хамгаалах зорилт хангууд, засаг ноёд, мөн ноён хутагтын өмнө тулгарч, түүнийг гайхамшигтай сайнаар гүйцэтгэж өнөөдөр бид тэрхүү яндашгүй баялагтай говь нутгийн үр шимийг нь хүртэж байна. Манжаас Ар, Өмнөд Монголын нутгийн зааг тогтоож, тэгэхдээ Ар Монголоос ахиухан нутаг дэвсгэр авах оролдлого хийж, улсын хэлхээ, улсын сүв(шалган нэвтрүүлэх боомт)-ийг зүй бусаар ашиглан улс, нийгмийн эрх ашигт учирсан аюул заналыг арилгах, зайлуулахын тулд Ноён хутагт төр, шашин хосолсон олон төрлийн арга хэмжээ авсан. Бодлого, зүтгэл, түүхийн бодит жишээ нь, Дорноговь аймгийн нутагт байсан Хамарын гурван хийд, Бүрдний сүм, Өмнөговь аймагт байгаа Галбын говийн гурван хийд, Ухаа таргалтын хийд юм. Ноён хутагт тавь шахам дацан, сүм хийд хил хязгаарт байгуулж Монгол Улсын нутаг энд байна гэдгийг хаанаас, хэн ч харах бололцоотойгоор айл өрхийг хилийн зааг, хязгаар нутагт ойр байршуулан тогтвортой байдлыг нь хангах үүднээс сүм, хийд байгуулж, ном хуруулан, жүжиг ший, концерт үзүүлж, сургуульд охид хөвгүүдийг сургаж, иргэдэд ашигтайгаар гадаад, дотоод худалдаа хөгжүүлж, худаг, усаа гаргаж уул овоогоо тахиж, найр наадмаа явуулж, эмч домчоор засал үйлчилгээ хийлгэх тийм таатай орчин бүрдүүлж, дэд бүтцийг бий болгов. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт дорноговьчууд “хэвлийд урсах цус нэг, хээр хэвтэх яс нэг” гэсэн уриан дор монголчуудын эв нэгдлийг хангаж түүхэнд гавьяа байгуулж мөнхөрсөн Батмөнх даян хааны өлгий нутаг, Алтан гадас болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт өмнөговьчуудын аз жаргалтай амьдрал, хөгжил дэвшлийн эх үндэс тавигдан хөгжихөд Ноён хутагтын оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй. Манжийн талаас хардах, сэрдэх, хавчих шахах зовлон учруулахаас биш өөр тусламж дэмжлэг үгүй. Мөн Монголын хангуудын талаас туслан дэмжих сонирхол байвч чадал, бололцоо дутмаг байсан тэр үед Ноён хутагтад найдах, орон нутгийн боломжоо ашиглахаас өөр найдвар байгаагүй. Энэ тухай Ноён хутагт

“Үүл нь гараад бороо орохын цагт

Үүдэн гэмээ хоймор ялгаа юун

Үхэл байгаад авч одохын цагт

Хөгшин гэмээ залуугийн ялгаа юун” гэж айлдсан нь домог биш, амьдралын шалгуур болжээ.

-Ноён хутагт Данзанравжаад хүссэн зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэхэд даанч олон бэрхшээл учирч байж дээ?

-Данзанравжаагийн бүтээл тэр аяараа тохиолдож байсан бэрхшээл, түүнийг даван гарах ухаан, арга, билэг, сургамж нь улс, нийгэм, ард түмний туулсан амьдралын үнэн түүх, үнэ цэнэд шингэсэн байдаг учраас их ач холбогдолтой.

“Залуу нь хөгшнөө басна

Хөгшин нь залуугаа үл тооно

Үнэн үгтэн омогтны тоонд орно

Башир үгтэн цэцний суудалд сууна

Гэмтэй нь гэмгүйгээ ноцно

Гэмгүй нь гэмтнийг өмөөрнө

Эвлэвэл хардана

Дээр явбал атаархана

Доор явбал дарлана” энэ бол Хутагтын хоёр зуугаад жилийн тэртээ айлдсан айлдвар. Яг л өнөөдрийг хэлж байгаа юм шиг байгаа биз.

-Тийм ээ. Гайхалтай юм аа. Ирээдүйнхэнд, тухайлбал өнөөдрийн бидэнд хандсан сургаалиас нь хэлж өгнө үү?

-“Эрхтэний чадлыг доройтохоос нь урьд шимийг авбал сайн сан”, “Худал үнэн хоёр сүүлдээ тодордог, жаргал зовлон хоёр өөрийн үйлээс болох тул сэтгэлийн шантрал үгүй, буянтай сэтгэлийг хадгалбал үхэвч санаа амар”, “Ухаан билгээ нарны гэрэл мэт гийгүүлж яв”, “Зөв бол бүхэнд дайсан боловч үйлд, буруу бол хааны суудалд суулгавч зайл, буян болох бол хилэнц мэт болох боловч үйлд, хилэнц болох бол буян мэт болох боловч тэвч”, “Буян хилэнц хоёроос жаргал зовлон үүсдэг, сайн муу хоёроос өөрийн явдлыг мэддэг”, “Анхлаад болгоомжил, дунд нь шинжилж оно, эцэст нь зохицуулан тавь”, “Худалгүй үнэн үг, хоргүй сайхан сэтгэл, гоомойгүй бат явдал гурвуул нэгдвэл мэргэний тууль”, “Идэр залуу цогоо буурахаас нь урьд их тустай хэргийг бүтээвэл сайн сан”, “Буян хураагаагүй насжсан хөгшид ичиг, номыг сэтгэлдээ нийцүүлсэнгүй мэргэд ичиг, албатаа алаглагч ноёд ичиг, аавыгаа өргөхгүй эрийг өргөгч охид ичиг, төрийг шуугиулагч түшмэд ичиг, тустай сэтгэлийг бодохгүй өртөг бодогч эмч нар ичиг, нүд нь царай харавч сэтгэл нь бөгсөнд эргэгч охид ичиг, өөрөө айл хэсэж ирээд эхнэрээ шалгаагч эрчүүд ичиг, эрчүүдийн үгэнд орохгүй бусадтай ханилагч эхнэрүүд ичиг” гэх мэтчилэн цаашлан үгийн ур, ухааны сэц үргэлжилнэ.

-Таны дурдсан ноён хутагтын айлтгасан үг, сургаалийн эх үндсийг хаанаас харж, үзэж болох вэ?

-Хутагтын бүтээлүүд, түүнээс гадна “Нууц товчоо”, бусад судар. Товчилсон байдлаар үзье гэвэл эрдэмтэн Ч.Жазагийн бүтээл “Гэгээн судар” хэмээх дөрвөн ботийг уншихад болно.

-Та ч хутагтын нутгийн хүн дээ. Сайхан шүү…

-Бид Мэргэн вангийнхан. Хутагт одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт мэлмий гийсэн байдаг. Би Эрдэнэ сумынх. Дорноговьчууд ер нь алдартай эх орончид. Догшин ноён хутагтынхаа аравнайлж алдаршуулж, Монгол төдийгүй дэлхийд нэр алдрыг нь бадруулсан газар орон, өвөг дээдсээрээ бахархдаг. Ноён хутагт дорнын их соён гэгээрүүлэгч төдийгүй, даян дэлхийд нэр нь үл мартагдах гэгээнтэн, гүн ухаантан, шашин төрийн нэрт зүтгэлтэн, хосгүй яруу найрагч, энэрэлт багш, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, түүний сургааль мөнхийн шинжтэй гэж онцлон хэлмээр байна. Хутагтын хэлсэнчлэн “Буруу онол хижиг мэт, Ариун үзэл эмч мэт” гэсэн сургаалийг сонордуулж, Ноён хутагтынхаа гэгээн дурсгалд зориулж яруу найрагч, гавьяат зүтгэлтэн Ц.Хулангийн

“Гал голомт шиг үнэтэй

Тусгаар тогтнолоо манаж

Ганц олдох насаа

Цацал мэт өргөнөм”

“Улсын минь хил бидний зүрхэн дээгүүр өнгөрдөг

Найман зүгтээ эх орон, судсанд минь байдаг

Насаараа хамгаалах омог цусанд чинь байдаг” гэсэн шүлгээр өргөл барья.

Бидний мэдэх “Үлэмжийн чанар” хэмээх дуунд Ноён хутагтын дэвшүүлсэн

“Хүний энэ насанд

Хүссэн хэргээ бүтээгээд

Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт

Хөлгүй жаргалангийн далайд

Хөвж хамт жаргая” гэсэн ерөөлөөр цацлаа өндөрлөе.

Л.Батцэнгэл

Ц.Уранболор

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *