1990-ээд оны эхээр Монгол Улсын хэмжээнд Баянхонгор аймгийн Галуут сумын малчин “баян” Ц.Шарав, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын малчин “алтан” Мажиг нар хамгийн анхны мянгат малчин, олон малтай гэдгээрээ алдартай байв. Тухайн үед Баянхонгорын “баян” Шарав төчнөөн малтай, банкиндаа хадгаламжтай баян хүн юм гэнэ лээ гэсэн яриа хүмүүсийн амнаас ам дамжигдан яригдаж хөөрөгнийх нь үнэ цэнэтэйг шагшин ярих нь халгүй байсан гэдэг. Социализмын үеийн нэгдлийн мал хувьд шилжсэнээс хойш Монголын хамгийн анхны олон малтай гэдгээрээ олны анхааралд орж байсан Монгол Улсын гавьяат малчин Цамбажавын Шарав бол өнөө цагийн бизнесмэн хүний ажилсаг зан чанар, амьдралын хэм хэмнэлийг нэвт шингээсэн холч ухаантай малчин хүн байсан гэдэг нь харагддаг.
Ц.Шаравыг унтаж амарч байхыг нь хараагүй гэж нутгийнхан ярьдаг байсан. Өглөө 04 цагаас босч үдэш орой шөнө дундаас хойш унтаж амардаг. Нэг хормыг ч гэсэн зүгээр сууна гэж байхгүй. Гэрт орсон ч аяга, шанага эргэлдүүлж, гарч явахдаа ч гартаа сур нухаж зөөлрүүлэн амьдралын цаг хором бүрийг гар хумхилгүй хөдөлмөрлөдөг байсныг нь миний өөрийн авга ахын хувьд сайн мэдэж байгаа учраас хэлж байгаа юм. Ц.Шарав эцэг, эхээс айлын найман эрэгтэй хүүхдийн дээрээсээ хоёр дахь нь. Хар багаасаа аав, ээжийнхээ сургаалиар ажил хийж сурсан, охингүй айлын хувьд эмэгтэй хүний хийдэг үүрэгт ажлыг найман банди нар ер түүртэхгүй хийж өссөн гэдэг. Ц.Шаравын аав Цамбажав, ээж Ичинхорлоо нар нь нутаг усандаа нэр хүндтэй, ажилсаг гэдгээрээ танигдсан. Бурхан шашныг дээдэлдэг, түвд болон монгол бичиг, криллээр ном уншдаг муухан ламаас дутахгүй номын өндөр боловсролтой хүмүүс байсан юм.
Намайг бага байхад Улаанбаатар хотод авга ах Ц.Шарав маань үе үе ирдэг байв. Ингэхдээ том хар цүнхтэй ирнэ. Цүнхэндээ дүүрэн мөнгөтэй, банкинд тушаачихаад явна. Малчин хүний цаг наргүй их ажлын дундуур хотод хааяадаа ирдэгийн учир нь махны үйлдвэрүүдэд малаа тушаачихаад явдаг байсан юм билээ. С.Дэлэг захирлыг “Мах импекс”-ийн захирал байхад 1000 эр хонь тушааж байсан тухай нь дурссан байдаг юм билээ. Тухайн үед үндэсний махны томоохон үйлдвэрүүдэд найдвартай, чанартай мал тушаадаг малчин цөөн ч байсан байх. Нэгэн удаа авга ах маань гэрт ирчихсэн аавтай жаал жуул юм ярилцаад сууж байсныг нь санаж байна. Аав маань төрсөн дүүдээ олонтой яваарай гэдгийг нь онцлон хэлж, малын буяныг дагаж ирэх их мөнгөнд эвдэгдэхгүй байх тухай зэмлэнгүй бөгөөд сургах шинжээр ярьж байсныг нь тод санаж байна. Ц.Шаравыг айхтар ясны ажилтай, хөдөлмөрч гэдгийг хүмүүс андахгүйн зэрэгцээ “нарийн айхтар” хүн гэж нэрлэчихдэг байсан тал бас бий. Яагаад гэвэл Монголын хамгийн их малтай, баян хүн байж зундаа малын амь тасалж шөлний мах нэг ч гаргахгүй. Хүн харахад хар мянган олон малтай байж харагдсан тааралдсан хүмүүстэй тэр их хониноосоо май гээд ч өгчихгүй гэж ирээд л тэрүүхэндээ муулчих хэмжээний сэдэв гаргаад ирдэг байж.
Хар хөлсөө дуслуулан олсон мөнгөө арвилан хямгадаж зарцуулж байгааг нь хараад олонтой хүн гэдгээрээ алдартай Багшийн дээд сургуулийн багш аав маань ахын хувиар дүүгээ олноос ганцаараа байх вий санаа зовсондоо зэмлэж байсан биз. Гэхдээ баг, бригад, сумын төвийн ойн арга хэмжээ зэрэг орон нутгийн хандив тусламжид хамгийн түрүүнд гар сарвайж өгдөг байсан. Тухайн үед нэг сая төгрөг өгчээ гэж дуулддаг л байв. Магадгүй одоо ухаад бодох нь ээ, хээр хаягдсан өнчин өрөөсөн ядарсан ганц нэг малыг малч хүний мал хайрлах ухаанаар өсгөж өндийлгөснийг нь хүртэл “Мөн айхтар хүн шүү” гэж ирээд хэлэх, харах хүн тухайн үед одоогийнхоос лав олон байсан даа.
Ах минь малаа л гэхээс биш олны дунд орж, налайж үзээгүй. Архи дарс огт хэрэглэдэггүй байж байгаад хожим багахан амсах төдий ууж “сурсан” байх. Айргийг бол сайн ууна. Зундаа айраг нэрж айргаараа хоол хийчихнэ. Дандаа л ажиллаж хөдөлмөрлөж байдаг хүний хувьд бие эрүүл, булчин шөрмөс сайтай одоогийн фитнессээр хичээллдэг хүмүүсээс ер дутахгүй эрүүл чийрэг хүн байсан. Монголын хамгийн, хамгийн гайхамшиг гэж нэрийдсэн Гиннесийн амжилтыг дуурайсан улсыг хамарсан томоохон арга хэмжээ болоход Монголын хамгийн олон малтай гэдгээрээ шалгарч хотод ирэх үеэр Төв аймгийн харьяат улсын сайн малчин Ц.Хэнмэдэх гуай тааралдаад “Шарав, чиний талаар их л олон зүйл сонсч дуулж байснаас дэргэдээс чинь харж явсангүй. Чамайг чинь ахмад хүн байдаг юм болов уу гэж бодож байсан юм. Ид хийж бүтээдэг сайхан идэр насан дээрээ байна даа” гэж хэлээд уулзаж байсныг нь төрсөн дүү нь хамт явсан тул гэрчлэн ярьсан юм. Ц.Шарав дуу цөөтэй. Тэр болгон олон юм яриад байхгүй. Дотроо их бодолтой дороо суурьтай.
Тэр үед Улаанбаатар хотод “Буян” Жаргалсайхан энэ тэрээс эхлээд баян хөрөнгөтэй хүмүүс цөөн. Болвол мөнгөтэй төгрөгтэй нэгнээ ад үзчих хэмжээний социализмын жигдхэн байх сэтгэлгээнээсээ бүрэн салаагүй байсан шилжилтийн үе шүү дээ. Тэр олон малыг яаж малладаг байсан бэ гээч. Гол түшиг тулгуур нь Ц.Шаравын төрсөн дүү нар нь байсан юм аа. Дороо зургаан сайхан дүүтэй хүнд “зарах” дүү олдолгүй яахав. Хоёр ч дүү нь өдгөө Галуут сумандаа олон малтай, ажилсаг гэдгээрээ алдаршсан л яваа. Төрсөн бага дүү нь Архангай аймгийн Их тамир суманд олон малтай ажилтай хүн бас бий.
Говь, хангай хосолсон Галуут сумын Буянт голын Худгийн мухар гэдэг газар нутаглаж ирсэн Монгол Улсын манлай малчин, Монгол Улсын гавьяат малчин, Алтангадас одонтой Ц.Шарав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол авах болзлыг хэдийнэ хангачихсан байв. Намын үзэл бодлоос болоод тухайн үедээ Хөдөлмөрийн баатар болж чадаагүй талаар өөрийн олж сонссоноо бичье. Ерөнхийлөгч байсан П.Очирбат гуай “Мах импекс” ХХК-ийн 50 жилийн ойн хурал дээр Ц.Шаравтай уулзаж тааралдахдаа “Шарав аа, чамайг би Хөдөлмөрийн баатар болгоё гэж тун их бодсон юм. Харамсалтай нь чиний тодорхойлолт ирээгүй” гэж өөрт нь хэлж байсан гэдэг.
Хотод төрсөн ганц ахаасаа өөр таньдаг айлгүй шахам хөдөөгийн малчин хүнд алдар нэр горилон цол нэрний араас юун хөөцөлдөх зав, сонирхол байх билээ дээ. Бүхэл бүтэн Монгол Улсын Ерөнхийлөгч жалгын мухрын малчин Ц.Шарав гэдэг хүний тухай яриаг ард түмнийхээ дундаас олж сонсоод тэр Ц.Шарав гэдэг малчин хүний тодорхойлолтыг гаргаад өгөөдөх гэсэн байгаа юм. Гэтэл аймгийн удирдлагууд нь ардчилалд ээлтэй ханддаг гэх нам төрийн үзэл бодлын дор тухайн тодорхойлолтыг гаргаж өгөөгүй “гүрийчихсэн” байдаг. Малчин Ц.Шарав нутгийн хүн болох одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг таньдаг, дэмждэг байлаа. Ажилсаг хүнд тэрээр их хайртай. Х.Баттулгыг их ажил хэрэгч залуу гэж үнэлнэ. Анх Х.Баттулга аймагтаа сонгуульд нэр дэвшиж байх үед нь “Уг нь Х.Баттулга говь талдаа өрсөлдөөд хэрэггүй л байсан юм даа. Би түүнд зөвлөхдөө хангайд өрсөлдсөн бол дээр байсан гэж хэлсэн” гэж дүүдээ ярьж байжээ.
Үнэхээр тэр сонгуульд ч Х.Баттулга Баянхонгор аймгийн говийн бүсэд өрсөлдөөд сонгуульдаа бүдэрч байсан аж. Цаг агаар, байгаль дэлхийг шинжсэн малчин хүний холч ухаанаар сонгуулийн багцааг тухайн үед бас авчихсан л байгаа хэрэг шүү. Наймдугаар ангийн боловсролоос өөр албан ёсны дипломгүй ч орчин үеийн бизнесмэн хүний хэмнэлээр ажиллаж амьдарсан авга ах Ц.Шарав өөрөө ч бүрэн төсөөлөөгүй байсан амжилтдаа хүрч, малын тоо хэмжээшгүй олон болоод ирэхийн цагт суурингийн шинжтэй фермийн аж ахуй тал руу хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй явж байжээ. Харамсалтай нь өөрийн бодож санаж төлөвлөснөө гүйцээж амжилгүй 50 гаруй насандаа зуурдаар өнгөрсөн юм. Адууныхаа эрэлд мотоцикльтой шөнө дунд явж байгаад гэрэл ойсон гэдэг.
Монголын радиогийн нэрт сурвалжлагч Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимиддорж тэргүүтэй олон сэтгүүлчид малчин Ц.Шарав малчныхаас “Төлийн дуу” нэртэй нэвтрүүлгүүд хийж, малчных нь онцлогийг товойлгон анх удаагаа олны танил болгон гаргаж ирсэн юм билээ. Ажлын төлөө төрсөн мэт өөрийгөө хооллох, ундлахаа ч умартан малын араас үнэн дур сонирхолтойгоор уйгагүй хөөцөлддөг байсныг нь дурссан нэвтрүүлгийг сонссон. Тэрээр хүүхэд байхын мал таних гэж жигтэйхэн. Малыг ямар цагт яаж тааваар нь бэлчээх, ашиг шимийг нь яаж авахыг ягштал нямбай хийдэг. Төл бойжих үед гэртээ гадны хүн ирүүлэх тун дургүй. Хөлстэй морь, хүн ирлээ гэж үздэг. Хонь хургалахад төрсөн цагаас нь 14 хоног гал уурган дээр цугт нь хамтад нь байлгана. Хургатай хонио бусад хониноосоо тусдаа хариулах гэх мэтээр малын арчилгаа, хариулгааг сайтар хийдэг. Туслах малчид гэж нэг их олон байхгүй. Хэдэн дүү нар нь, үр хүүхдүүд нь гар хөлийн үзүүрт нь гүйдэг байсан. Тэднийг бас ажилд сургадаг. Ц.Шарав таван хүүхэдтэй. Гэргий Сүнжидмаа эгч хэвтрийн дэглэм сахидаг эрүүл мэндийн шалтгаантай байсан болоод ч тэр үү ах маань гэрт орж эм, гадаа гарч эр болж гарын таван хуруу шиг таван хүүхдээ өсгөж өндийлгөсөн дөө. Малдаа хайртай “ясны” хоньчин Ц.Шаравын малын тоо толгой нь тухайн үедээ 4000 хол давчихсан байсан. Үүнээс өмнө нэгдэл татан буугдаж, хоршоо хэлбэрээр байгуулагдахад “Түрээсийн гэрээнээсээ илүү давж түмэн сүрэг бойжуулж өгнө” гэж улсдаа амалж байсан гэдэг юм билээ. Амласан зорьсондоо ч хүрч Монгол Улсын хэмжээнд нутаг ус, аавынхаа алдрыг цуурайтуулсан Буянт голдоо нутагласан малчин Цамбажавын Шарав хэмээх эрхэм хүний талаар эргээд нэг дурслаа.
Банзрагчийн Долзодмаа