ДАШТ-ий өмнөх өдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо Олон улсын хөлбөмбөгийн холбоо/ФИФА/-ны 18 дахь Их хурал /FIFA congress/-д Монгол Улсаас МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, Гадаад харилцааны дарга С.Монголжингоо нар оролцлоо.
МХБХ-ны удирдлагууд хамтран ажилладаг Унгар, Катарын хөлбөмбөгийн холбоодтой уулзаж, хамтын ажиллагааны хүрээнд санал солилцжээ. Монголын төлөөлөгчид уг хурлаар Сингапур, Камбож, Шри Ланка, Лаос, Вьетнам, Турк, Катар улсын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр тохиролцсон байна. Тухайлбал “Талын хөх чононууд” энэ оны 10, 11 дүгээр сард Сингапур, Мьянмар, Камбож улстай нөхөрсөг тоглолт хийнэ.
Мөн 2019 оны хоёрдугаар сард ДАШТ-ий эрхийн төлөөх тэмцээний урьдчилсан шатны бэлтгэл болгон Катар улсад нэгдсэн бэлтгэлд гарахаар боллоо. Ирэх 6 дугаар сарын сүүлч, 7 дугаар сарын эхээр манай эх оронд АХБХ-ны Ерөнхийлөгч айлчлах бэлтгэл ажлыг танилцуулахад, Ерөнхийлөгч сэтгэл хангалуун байгаагаа хэлээд энэ сарын 29-нд очихоо амласан бол ОУХБХ-ны Ерөнхийлөгчтэй “FIFA FORWARD” төслийн талаар ярилцав. Түүний үр дүнд уг төслийн хурлыг 7 дугаар сард Монголд зохион байгуулахаар болжээ. Хуралд нийт 12 улсын төлөөлөгч хүрэлцэн ирж, шийдвэрлэх чухал асуудлуудыг хэлэлцэх юм.
Дэлхийн хөлбөмбөгийн нэр нөлөө бүхий алдартнуудтай хийсэн уулзалт үүгээр зогсоогүй бөгөөд Диего Форлан, Роберто Карлос, Хавьер Заннети гэсэн хөлбөмбөгчдөд “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирж оролцохыг урьсан байна. Алдартай хөлбөмбөгчдөөс Монголд ирэх боломжтой нь цаг заваа тааруулаад ирэхээ мэдэгджээ.
Дэлхийн 211 улсын хөлбөмбөгийн холбоод ОУХБХ-ны Их хуралд оролцохын зэрэгцээ төдий тооны улс үндэстний хүүхдүүд “Хөлбөмбөг ба нөхөрлөлийн төлөө” олон улсын фестивальд оролцож байна. Энэ бүх үйл ажиллагаанд МХБХ идэвхтэй оролцохын зэрэгцээ, дотоодын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд шаардлагатай олон ажлыг шийдвэрлэж байгаа аж.