XX зууны нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн баримт бичгийн эмхэтгэл гурван боть номын нээлт их хүмүүний нэрэмжит Арт галлерейн байранд боллоо. Номын нээлтэд их эрдэмтний үр хүүхдүүд, УИХ-ын гишүүн Л.Болд, “Бодь” группийн Ерөнхийлөгч Л.Болдхуяг болон “Лувсанвандан сан”-гийн Гүйцэтгэх захирал Ш.Сүхбаатар нар оролцлоо.
УИХ-ын гишүүн Л.Болд “Номын буян хурсан энэ сайхан өдөр аавын маань гурван боть ном нээлтээ хийж байгаад маш их баяртай байна. Өмнө нь аавын маань бүтээлийн есөн боть цуврал хэвлэгдэн гарсан. Харин энэ удаагийн ботиудын онцлог нь тухайн үед хийж бүтээж байсан ажил, үйлстэй нь холбоотой түүхэн баримтуудыг цуглуулан эмхэтгэсэнд оршиж байна. Өнөөдрийн соёл, урлаг судлаачид, залуу судлаачдад XX зууны Монголын соёл урлагийн сэргэн мандлын үеийн тэрхүү агуу их уран бүтээлчид, сэтгэгчдийн бүтээлийг баримт, эх сурвалж дээр тулгуурлаж харуулсан, судалгааны эргэлтэд оруулсан ийм сайхан бүтээл болсонд баяртай байна” хэмээсэн юм.
Үнэхээр ч СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн Судалгааны баримтын сан, С.Лувсанвандан сангийн хамтран хэвлүүлсэн “Сономын Лувсанвандан-I, II, III” баримт бичгийн эмхэтгэл ном нь судлаачдад нэн чухал баримт, эх сурвалжуудыг өргөн дэлгэр агуулснаараа онцлог. Энэ эмхэтгэлүүд нь Монголын төр нийгмийн зүтгэлтэн, шинжлэх ухааны ноён оргил, сүмбэр уул болсон эрдэмтний ажил амьдралын замналыг харуулах төдийгүй өнгөрсөн зууны монголчуудын түүхийг илтгэхүйц олон зуун баримт, эх сурвалж, захидлууд, хурлын илтгэлүүд, хүмүүсийн дурдатгал, ярилцлагууд багтсанаараа онцлог юм. Эдгээр баримт, эх сурвалжууд цугларч эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд орсноор хойч үеийн олон салбарын судлаачдын жим мөрийг зөв замд татан оруулж өгөх нь гарцаагүй тухай нээлтэд оролцсон хүмүүс онцолж байлаа.
Өнгөрсөн 2017 онд их эрдэмтний 85 насны ойгоор “Сономын Лувсанвандан: Монголын соёл урлаг судлал ба баримт эх сурвалж” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохиогдсон бөгөөд “Улирал ба зохиолч” сэтгүүлийн тусгай дугаар, амьдралынх нь чухал үйл явдлууд, ах дүү, үр хүүхдүүд, нутаг нугын зон олных нь талаар гэрэл зургийн цомог ном зэргийг хэвлүүлж олны хүртээл болгож байсан юм.
Номын нээлтийн үеэр “Лувсанвандан Арт галлерей”-н авьяаслаг залуу зураач Б.Содномдаржаагийн “Хүмүүн, Тэнгэр, Газар” уран зургийн үзэсгэлэнд тавигдсан зургууд хүрэлцэн ирэгсдийн оюуны мэлмийг мялааж байлаа.
One reply on “Их эрдэмтэн С.Лувсанвандангийн гурван боть номын нээлт боллоо”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru