Categories
мэдээ улс-төр

Иргэдийн хандив болон төсвийн хөрөнгөөр Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулах санал гаргав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.15 цагт эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй гэлээ. Тэрбээр, “Зуны гурван сардаа Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээж, хүүхэд багачууд, ахмад настнуудыг чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг бүрдүүлэх асуудлыг хаврын чуулган завсарлахаас өмнө шийдвэрлэх хэрэгтэй. Монгол Төрийн ордон хашаагаар хүрээлүүлчихээд хаалттай байх нь буруу” хэмээв. Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй бологох асуудлыг шийдвэрлэхэд УИХ-ын Тамгын газар анхаарахыг УИХ-ын дарга сануулав.

Мөн Л.Болд гишүүн, “ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ амжилттай эхэллээ. Мөнхийн хөрш орны хувьд Монголдчуудын хувьд ч энэ үйл явдал чухал. Нөгөөтэйгүүр Монгол Улсад хөлбөмбөгийн томоохон цэнгэлдэх хүрээлэн байгуулах хэрэгтэй. Монголын төр ард түмний хандив, тусламж цуглуулан түүнд нь төсвөөс мөнгө нэмэрлэж бүтээн байгуулалт хийсэн тохиолдол олон бий. Тиймээс энэ ажлыг санаачлан эхлүүлэхийг УИХ-д уриалж байна” гэв.

Түүнчлэн Ж.Батзандан гишүүн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан Банкыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг нээлттэй хэлэлцэх хэрэгтэй гэсэн санал хэллээ. Мөн энэ хуулийн хүрээнд 500 тэрбум төгрөгийг хоёр банкинд хуваарилж өгөхөөр санаархаж байна гэсэн юм. УИХ-ын даргын зүгээс уг хуулийн төслийг Засгийн газар анх өргөн барихдаа хаалттай горимоор хэлэлцэхээр өргөн барьсан тул хууль зөрчиж нээлттэй болгох боломжгүй хэмээн тайлбарлав. Гэхдээ Засгийн газраас хуулийн төслийг эгүүлэн татаж, нээлттэйгээр дахин өргөн барих боломж байгаа гэлээ.

Мөн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Засгийн газар Татварын багц хуулийн төслийг эгүүлэн татах хэрэгтэй. Энэ хуульд гадаадын компаниудыг дэмжсэн заалт орсныг гишүүд хэлж байна. Оюутолгой төслийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтыг хянах чиглэлд УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт гарахаас өмнө Татварын хуулийг өөрчилж болохгүй” гэв. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг өчигдөр буюу энэ сарын 14-нд Засгийн газарт буцаасныг УИХ-ын дарга хэллээ.

Ийнхүү чуулганаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *