Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэг өмнөх оноос 63 хувиар өсчээ

Өнөөдөр Үндэсний Статистикийн Хорооноос энэ оны Монгол улсын нийгэм, эдийн засгийн эхний таван сарын статистик мэдээллийг танилцууллаа.

Нийгмийн даатгалын ерөнхий газар,Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний таван сард 921 тэрбум гаруй төгрөг болсон. Энэ нь өмнөх оноос 100 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 10 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 16 орчим хувиар буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн зарлага 13 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 16 орчим хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 131 УЛСТАЙ ХУДАЛДАА ХИЙЖЭЭ

Улсын хэмжээнд энэ оны эхний таван сард 31574 эх амаржиж, 31785 хүүхэд төржээ.Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр тав дугаар сард хамгийн их хур тунадас Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 54.5 мм-т хүрсэн бөгөөд аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний таван сарын байдлаар 1993 болж, өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар буурчээ.

Улсын хэмжээнд эхний таван сард 17980 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс63 гаруй хувиар өсч, мөнгөний нийлүүлэлт энэ оны таван сарын эцэст 17.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 5 гаруй хувиар, өмнөх оны мөн үеэс 31 гаруй хувиар өссөн байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний таван сард 3.3 наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрлээ.

Төлбөрийн тэнцлийн урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 2018 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 348 гаруй ам долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 6.6 сая америк доллараар буурсан ба Монгол Улс энэ оны эхний таван сарын байдлаар дэлхийн 131 улстай худалдаа хийсэн ажээ. Харин хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оноос зургаа орчим хувиар өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ V сард өмнөх сарынхаас 0.5 хувиар буурсан бол хөдөө аж ахуйн салбарт улсын хэмжээнд өмнөх оны эцэст тоологдсон төллөх насны нийт 28 гаруй сая хээлтэгч малын 19 гаруй сая нь энэ оны эхний таван сард төллөжээ.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний таван сард урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны үеэс 23 гаруй хувиар өссөн ба төмөр замын тээврээр эхний таван сард 10 гаруй сая тонн ачаа, нэг сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.8 сая тонноос өсөж, зорчигчид 3 гаруй хувиар буурсан аж.

Энэ болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг nso.mn-ээс авах боломжтой.

Д.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *