Соёл урлагийн газар, Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газар Монголын соёл урлагийн байгууллагын мэргэжилтэн, уран бүтээлчдийг урт болон богино хугацаанд мэргэжил дээшлүүлэх чиглэлээр ОХУ-ын Улаан-Үд хотноо энэ сарын 08-нд албан айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд Улаан-Үдийн Дорнод Сибирийн Улсын соёлын дээд сургуулийн захирал Перова Елена Юрьевна, Сургалтын бодлого, хүмүүжил хариуцсан проректор, доцент Редько Татьяна Леонидовна, Уран бүтээлийн хэлтсийн проректор, доцент профессор Столбовский Виктор Геннадьевич, Шинжлэх ухааны тэнхимийн проректор, профессор Цыремпилова Ирина Семеновна, Нийгэм соёл, аялал жуулчлалын тэнхимийн декан, профессор Татарова Светлана Петровна нар Монголын соёл урлагийн байгууллагын мэргэжилтэн, уран бүтээлчдийг урт, богино хугацаанд ВСГАКИ-д мэргэжил дээшлүүлэх талаар санал болилцов. Мөн Өвөрхангай аймгийн БСУГ-аас ВСГАКИ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулах асуудлыг хэлэлцэн тохиролцож талууд гарын үсэг зурсан юм.
Айлчлалын бүрэлдэхүүнд Монголын талаас Соёл урлагийн газрын урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Дүрслэх урлаг, дизайны бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Ариунзаяа, Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.Пүрэвсүрэн, Соёлын өвийн хэлтсийн дарга Л.Пүрэвлхам, мэргэжилтэн Н.Баярцэнгэл, Хөгжимт драмын театрын дарга Д.Түмэнжаргал нар багтжээ. Энэ үеэр Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын 22 уран бүтээлч, сумдын соёлын төвийн 18 эрхлэгч нарын соёл урлагийн 48 төлөөлөгч Улаан-Үд хотын Дуурь бүжгийн театр, Орос драмын театр, Буриад драмын театр, Үндэсний төв номын сан, Улаан-Үдийн Дорнод Сибирийн улсын соёлын дээд сургуулийн сургалтын байр танхим, музей, Феникс театрын үйл ажиллагаатай танилцан, туршлага судаллаа гэж Соёл, урлагийн газраас мэдээлэв.