УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.
-УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай чуулганы хуралдааны өмнө эмэгтэй гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд, хуулийн байгууллагаар шалгуулаад үнэн мөнөө тогтоолгоод ороод ир” гэсэн ч Их хурал хамгаалаад үлдсэн. Гэтэл Д.Гантулга гишүүн өөрөө гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Их хурлын даргад өгчихлөө. Таны байр суурь ямар байсан. Гэвч гишүүдийн нууц санал хураалтаар түдгэлзүүлэхээс татгалзсан шийдвэр гарсанд эмэгтэй гишүүд үнэхээр их эгдүүцсэн.
Бид эмэгтэйчүүдийн эрх ашгийг хөндсөн аливаа хүчирхийллийн хэлбэртэй тууштай тэмцэнэ гэсэн байр сууриа анхнаасаа илэрхийлээд явсан. Уг нь өнгөрөгч баасан гаригт түдгэлзүүлээд явсан бол өнөөдөр намынхаа болон УИХ-ын нэр хүнд, мөн өөрийнхөө нэр хүндийг шороотой хутгахгүй байсан. Үнэхээр охид бүсгүйчүүдийн төдийгүй нийгэмд ч “хар баасан” гариг боллоо.
-Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг нь Их хурал хэлэлцэнэ. Хүлээж авах болов уу. Өмнө нь хуулийн мухардалд орлоо гээд гацааж байсан удаатай шүү дээ?
-Тийм ээ, эхнээсээ гишүүд маань бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан бол олон нийт ингэж эсэргүүцэж, бухимдахгүй, ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. УИХ-ын шийдвэрийг эсэргүүцэн иргэд эмэгтэй гишүүд рүү харилцааны бүхий л хэлбэрээр иргэд, эмэгтэйчүүд, сонгогчид маань хандаж, санал бодол, бухимдлаа илэрхийлж байна. Д.Гантулга гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь тодорхой. Учир нь Д.Гантулга гишүүн өөрөө хүсэлтээ өгсөн байна. Өмнө нь хуулийн мухардалд орсон гэсэн асуудал нь гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтыг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болгосон байсан учраас хойшилж байсан юм.
-Гишүүний чөлөөлөгдөх асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэж дуусах уу. Уг нь яаралтай нэг талдаа гаргаад асуудлаа шийдээд явчихвал хаана хаанаа амар биш үү?
-Уг асуудлыг хэзээ хэлэлцэн шийдвэрлэхийг Даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ. Хэлэлцэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэж, уг гарсан шийдвэрийг УИХ-аар хэлэлцэн тогтоол гарах хуулийн заалттай. Энэ дэгийн дагуу л явах ёстой.
-11 эмэгтэй гишүүн гарын үсэг зураад Их хурлаас хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэдэг шийдвэрт хориг тавиулна гэж байсан. Нөхцөл байдал нэгэнт ийм болсон тул та бүхэн Ерөнхийлөгчид хандахгүй болсон уу?
-Д.Гантулга гишүүнийг чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахаас өмнө эмэгтэй гишүүд ярилцаад албан тоотыг албажуулан Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлсэн байсан. Тэр чөлөөлөгдөх хүсэлтийн талаар бид өөрийнхөө албан тоотыг хүргүүлсний дараа үдээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээс олж мэдсэн.
-Гишүүн өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм чинь Хэнтий аймагт нөхөн сонгууль болж таарна. Гэтэл нөхөн сонгууль болохгүй, шүүхээр асуудлаа шийдтэл нь процесс үргэлжилнэ гэх юм. Аль нь зөв бэ?
-УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан бол бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болно. Нэгэнт бүрэн эрх нь дуусгавар болсон тохиолдолд холбогдон шалгагдаж байгаа асуудал нь хэрхэн шийдвэрлэгдсэнээс үл хамааран тухайн тойрогт нөхөн сонгууль явагдахаар хуулинд заасан байдаг. Энэ хүрээнд асуудал шийдэгдэнэ гэж ойлгож байгаа. Д.Гантулга гишүүн чөлөөлөгдөх биш бүрэн эрхээ түдгэлзүүлэн асуудлаа холбогдох байгууллагаар шалгуулаад шүүхээс буруутай үгүйгээ шийдүүлээд явах явах боломж бүрэн нээлттэй байсан. Шүүхээс шийдвэр гараагүй тохиолдолд хэн бэ гуайг ч буруутайд тооцож болохгүй.
-Цаашид энэ мэт асуудлууд дээр эмэгтэй гишүүд ийм байр сууринаас асуудалд хандах уу. Эмэгтэй гишүүдийг жилийн өмнө ингэж байр сууриа илэрхийлсэнгүй, оройтож мэдэгдэл хийлээ гэсэн шүүмжлэл байна?
-Энэ удаагийн парламентад хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн ажиллаж байна. Бид албан бус бүлэг байгуулсан. Нэн тэргүүний зорилт бол хүүхэд, эмэгтэйчүүд, тэдний эрх ашиг, нийгмийн хамгаалал, эдийн засгийн баталгааг хангах. Эмэгтэй гишүүдийн бүлгээс хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болон хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо гаргаж байсан. Дор бүрнээ саналаа илэрхийлээд явж байгаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг миний бие ахлан, эмэгтэй гишүүд санал нэгдэж оролцож байсан л даа. Хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин харьцангуй сайжирсан. Одоо хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийн болоод бусад бүх талын арга хэмжээ авах шаардлагатай. Жилийн өмнө хүүхдийн сайн сайхны төлөө зарим эмэгтэй гишүүдийн саналаар түүхэнд анх удаа хүүхдийн төсвийг тав дахин нэмэгдүүлж таван тэрбум төгрөгний төсвийг Гэр бүл хүүхэд хөгжлийн газарт батлуулж байсан. Огт дуугүй байж байгаад дуугараад эхэлсэн зүйл байхгүй, энэ удаа эмэгтэй гишүүд бүгд санал нэгдэж, нэгдсэн байр сууриа илэрхийлж байгаа.
-Нөхөн сонгууль боллоо гэхэд сонгуулийн товыг хэзээ зарлах вэ?
-УИХ-ын гишүүн Д.Ган-тулгын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хүлээн авсан тохиолдолд нөхөн сонгуулийг зарлах нь тодорхой. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т зааснаар УИХ-ын гишүүн нас барснаас бусад тохиолдолд орон гарсан бол нөхөн сонгуулийг 14 хоногийн дотор зарлаж, 30 хоногийн хугацаанд сонгуулийг зарлан явуулахаар байгаа. Чуулганы бус үеэр орон гарсан бол чуулган эхэлснээс хойш дээрх хугацаанд зарлан явуулахаар хуульчилсан байна. Тэгэхээр гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг хэзээ, хэрхэн шийдвэрлэснээс хамаарч, сонгуулийн тов зарлагдах болно.
-Өмнө нь та Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан. Тэр утгаар нь асуухад сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа ШХАБ-т элсэх асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Тусгаар тогтносон улсын хувьд бид идэвхтэй бие даасан гадаад бодлоготой улс гэдгийг хэлмээр байна. ШХАБ-ын талаар ярихаас өмнө энэ ер нь ямар байгууллага вэ гэж асуух ёстой. Өнөөгийн нөхцөл байдал, анх үүсч хөгжсөн түүхээс нь үзэхэд улс төрийн байгууллага гэж ойлгогдохоор байгаа. Ер нь ШХАБ-д элсэх асуудал дээр бол энэ нь цаг үеэ олоогүй гэж бодож байгаа. Харин бид гадаад бодлогын үзэл баримтлалд эн тэргүүнд хоёр хөрш оронтойгоо найрсаг харилцаатай байж, тэдгээр улс оронтой тэнцвэртэй харилцаж сайн хөршийн өргөн хүрээтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэсэн. Тиймд хоёр хөршийнхөө итгэлцлийг сэргээх явдал бидний нэн тэргүүний зорилго. Бид ШХАБ-ын гишүүн боллоо гэхэд гуравдагч хөршөөс томоохон төслүүд дээр хөрөнгө оруулах боломж хязгаарлагдах уу. Тэдэнтэй харьцах харьцаанд ямар нэгэн нөлөө үзүүлэх үү гэсэн асуултууд гарч ирнэ. Үүн дээр болгоомжтой хандах ёстой. Тийм учраас яаруу дааруу шийдвэрээ хэрхэвч гаргаж болохгүй. Тал бүрээс нь сайн судлах ёстой. Монгол Улс 14 жил ажиглагч байхдаа үндсэн хуралдаанд оролцохгүй ч гэсэн мэдээллээр хангалттай авч байсан. Тиймээс гишүү-нээр элсэх эсвэл ажиглагчийн статусаа хэвээр хадгалахад манай улсын хувьд шууд мэдрэгдэхүйц ялгаа гарах-гүй гэж үзэж байгаа юм. Харин бид эдийн засгийн интеграцчилалд нэгдэх ёстой. Тухайлбал, чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй.
-ШХАБ-ыг эдийн засгийн боломж гэж харах хэрэгтэй гэдгийг зарим гишүүд хэлээд байх юм. Эдийн засгийн боломж байх уу, ер нь бол зэр зэвсэг, улс төрийн бүлэглэлд багтах үгүйг шийдэх хариуцлагатай сонголт гэх юм?
-Энд ямар нэгэн эдийн засгийн боломжууд байхгүй гэдгийг бүрэн ойлгох хэрэгтэй. 2015 онд Энэтхэг, Пакистан гэсэн хоёр улс бүрэн гишүүнээр элсэх өргөдлөө өгч 2017 онд бүрэн эрхт гишүүн болсон. Үндсэндээ саяхан шахам шинэ гишүүн улс орнуудаар эгнээгээ нэгтгэсэн байгууллагын цаашдын хандлага, өнгө аясыг харах нь бас зүйтэй болов уу. ШХАБ-ын статусын хувьд олон улсын байгууллага юм уу, цэргийн эвсэл юм уу гэдгийг ойлгох хэрэгтэй болно. Манай улс эвсэлд үл нэгдэх 77-гийн бүлгийн гишүүн учраас ямар нэгэн байдлаар цэргийн эвсэлтэй холбоотой асуудалд оролцож болохгүй юм. Тиймдээ ч барууны зарим судлаачид ШХАБ-ыг Варшавын гэрээний залгамжлагч, НАТО той өрсөлдөхүйц байгууллага гэж үздэг талтай.