Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад шинэ цэргүүд сүр хүч, тэмцэл ялалтын бэлгэдэл болсон тугийн дор цэцэн буугаа мөрлөн жагсч, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж цэргийн тангарагаа өргөв.
Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн тангарах өргөх ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Ө.Эрдэнэ-Очир болон сайдын зөвлөх Д.Бүрэнтогтох тэргүүтэй албаныхан, дайчдын ар гэрийн төлөөлөл оролцлоо. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд цэргийн тангараг өргөсөн дайчдад золбоо хийморьтой байж, албандаа зүтгэлтэй, аливаад шударга хандлагатай, сурлага сахилгын өндөр амжилт гаргахыг захисан бол дайчдын ар гэрийнхэн хүүгээ болон дүүгээ өнгө жавхаатай, хийморьлог эр цэргийн нэр төрийг өндөрт өргөж албаа хаагаад ирэхийг захиж байв.
Цэргийн тангараг өргөсөн хугацаат цэргийн алба хаагчдыг төлөөлж байлдагч Х.Очирбат, “Ээж аавын хүүгээс эх орны хүү боллоо. Цэргийн албаа нэр төртэй хаагаад очно оо. Цэргийн бахдам түүх, бахархам амжилтыг сонсч биш дунд нь орж бүтээлцэж байгаадаа бид баяртай байгаа”гэсэн бол хүүгийнхээ тангараг өргөх ёслолын сонирхохоор Увс аймгийн Түргэн сумаас ирсэн Н.Цэвээн “Миний хүүг Ц.Ариунболд гэдэг. Хүүгээ хараад таньсангүй. Ямар сайхан тохитой, өнгө жавхаатай болоо вэ. Цэргийн алба хүнийг сэтгэлзүй, бие бялдарыг нь хөгжүүлж төлөвшүүлдэг сайхан газар юм даа” гэв.
Өвөрхангай аймгаас татагдан ирсэн байлдагч Н.Батжаргалын ээж Н.Түвшинжаргал “Би 4 хүүгийнхээ 3-ыг нь цэргийн албанд явуулсан. Цэргийн алба хаагаад ирсэн хүн амьдралд хандах хандлага нь өөрчлөгдөж, хөдөлмөрч, эх оронч үзэлтэй, хүний үг даах чадвартай, тэсвэр хатуужилтай, хариуцлага үүрч чаддаг. Тийм болохоор хөвгүүдээ цэргийн алба хаахыг дэмдэг. Энэ завшааныг ашиглаад БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад баярлалаа” гэв.
Зэвсэгт хүчний 013, 150 дугаар ангийн шинэ цэргүүд ийнхүү өнөөдөр тангараа өргөв хэмээн БХЯ-ны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.