Categories
мэдээ улс-төр

Орон сууцтай холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтов

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан боллоо. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн Өргөдлийн байнгын хорооны 2018 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв. Тэрээр тус хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг нь тогтоолыг хэрэгжүүлэх, “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг эргэн харах, иргэдийн хүсэлт хүлээн авах, бүртгэх, гэрээ байгуулах зэргийг нэг цонхны үйлчилгээний зарчимд шилжүүлэх, орон сууц хүлээлцэх, түрээсийн гэрээ, орлого, түүнийг захиран зарцуулж байгаа байдал, ахмадын болон түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэд тухайн байрандаа амьдарч байгаа эсэхийг 2018 дөрөвдүгээр 18-аас 2018 тавдугаар 10-ны хооронд нийт таван удаа газар дээр нь очиж танилцсан байна.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 2015-2021 оны хугацаанд 20 мянган өрхийг түрээсийн орон сууцанд хамруулна гэж заасан. “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг батласан байна. Уг журмын хүрээнд улсын хэмжээнд 1512 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах ажлыг бие даан зохион байгуулжээ.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолд ТОСК” ТӨҮГ-ын балансад бүртгэлтэй дуусаагүй 1562 орон сууцыг Хөгжлийн банканд шилжүүлэх, уг барилгыг барьж дуусгахад шаардагдах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, 2018 оны 10 дугаар сард барьж, ашиглалтад оруулах, улмаар төрийн өмчийн түрээсийн санд шилжүүлэх ажлыг зохион байгуулах тухай заасан байна. Уг журмаар улсын хэмжээнд 1512 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах ажлыг бие даан зохион байгуулсан байна гэлээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Түрээсийн орон сууц зорилтот бус зорилготой иргэдэд хүрч буй талаар шүүмжлэхийн сацуу журам нь иргэддээ хүрсэн эсэх талаар тодруулж, мөн нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн байр суурь илэрхийлэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Түрээсийн орон сууцтай холбоотой асуудал нь холбогдох яам, ТОСК-той мөн Монголбанк, Сангийн яамтай нэгдмэл үйл ажиллагаатай байх хэрэгтэй” гэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан орон сууцтай холбогдсон хуулийг 2018 онд багтаан батлах нь зүйтэй гэсэн санал хэлж, Байнгын хорооны гишүүдээс гэр хорооллын дахин төлөвлөлт, дахин барилгажуулалт, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгын засвар, үйлчилгээ, орон сууцтай холбоотой бусад асуудлыг цогцоор шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналын дагуу Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар батлав.

Уг төсөлд, “Буян-Ухаа 2” хорооллын 2018 оны 10 дугаар сард ашиглалтад орох 972 айлын орон сууцны ус зайлуулах хоолой, автомашины зогсоол, граж, гэрэлтүүлэг, камержуулалт, СӨХ, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, нэг цэгийн үйлчилгээ зэргийг цогцоор шийдвэрлэхийг “ТОСК” ТӨҮГ-ын /Ж.Хичээнгүй/-д, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн өмчлөлийн түрээсийн орон сууцгүй аймгууд болох Баян-Өлгий, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Өмнөговь, Дундговь, Төв, Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр аймгуудад тус бүр 60 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулах хөрөнгийн эх үүсвэрийг 2019 оны улсын төсөвт суулгах ажлыг судалж, шийдвэрлэхийг Барилга, хот байгуулалтын сайд /Х.Баделхан/-д, Сангийн сайд /Ч.Хүрэлбаатар/-д зэрэг 15 заалт тусгажээ.

Э.АНУДАРЬ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *