Categories
мэдээ улс-төр

Тэтгэвэрт эрт гарсан эмэгтэйчүүдэд нэг удаагийн буцалтгүй тусламжийг нөхөн олгох асуудлыг хэлэлцлэв

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар 1995 оноос өмнө тогтоолгосон тэтгэвэр болон тэтгэвэрийн доод хэмжээг нэмэгдүүлэх, нэг удаагийн буцалтгүй тусламжийг нөхөн олгох асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, сүүлийн хоёр жилийн хугацаанд УИХ-ын дарга, гишүүд тус Байнгын хороонд зөвхөн нийгмийн хамгааллын салбарын чиглэлээр иргэдээс 2000 гаруй өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлсэн байна. Тухайлбал, хүн амын хөгжлийн бодлого, хууль тогтоомжийг сайжруулах чиглэлээр 94 санал, хүсэлт, нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар 812, ахмадын болон түрээсийн орон сууцанд оруулж өгөхийг хүссэн 700 гаруй, эмчилгээний зардал, мөнгөн тусламж хүссэн 460 гаруй, цагаатгал, хэлмэгдэл, хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар 90 гаруй, бэрхшээлтэй иргэн, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн асуудлаар 86 өргөдөл ирүүлсэн талаар танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд олон хүүхэдтэй ээжүүд улсад 20 ба түүнээс дээш жил ажиллах боломжгүй учир тэтгэвэрийн хамгийн доод хэмжээг авдаг. Иймд тэтгэвэрийн доод хэмжээг нэмэгдүүлэх талаар санал нэгдэж, боломжтой эсэх талаар тодруулж байв.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, төрийн албан хаагчдад зургаа хүртэлх сарын цалингийн хэмжээтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж өгөх талаар журамд тусгасан талаар танилцуулав. Мөн төрд ажиллаж, хугацаанаас өмнө тэтгэвэр тогтоолгосон 44 мянган ээжүүдэд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай хууль, журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Эдгээр 44 мянган ээжүүдээс эдүгээ 21 мянган ээжүүд тэтгэвэр авч байгаа. Иймд ирэх жилийн төсөвт нэг удаагийн буцалтгүй тусламж цаашлаад тэтгэвэр нэмэх асуудлыг судалж байна. Үүнд нэг жилд 12 тэрбум төгрөг суулгах шаардлагатай гэсэн тооцоо гарсан гэлээ.
Ийнхүү УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа 1995 оноос өмнө тогтоолгосон тэтгэвэр болон тэтгэврийн доод хэжээг нэмэгдүүлэх, нэг удаагийн тэтгэмжийг нөхөн олгуулах асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэн УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусган Монгол Улсын Засгийн газарт Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөхөөр тогтлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *