Categories
мэдээ нийгэм

Евразийн судлалыг даяаршлын өнөөгийн нөхцөлд эрчимжүүлэхийг орос, монголын эрдэмтэд хэлэлцэв

Евразийн бүс нутгийн улс орнуудын соёл иргэншил, нийгэм, хүмүүнлэгийн салбарт олон өөрчлөлт гарч буйг анхаарч судлах хэрэгтэй байгааг манай улсад болсон “Евразийн соёл иргэншил: Түүх ба өнөө үе” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон эрдэмтэд хэлэлцсэн юм.

Евразийн өнөө үеийг хөндөхөд судалгааны ажлыг сэргээж эрчимжүүлэх шаардлага гарч байгааг бага хуралд оролцсон Монгол, ОХУ-ын эрдэмтэд онцлоод, даяаршлын өнөө цагт тивийн бүс нутгийн улс орнуудад ямар асуудал тулгамдаж буйг соёл иргэншлийн төлөвшил, үзэл хандлага, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлсийг хамт тодорхойлох хэрэгцээ бий болсныг тэмдэглэсэн юм.

Евразийн судлалын анхны үзэл санааг онолын түвшинд боловсруулж, шинжлэх ухааны эргэлтэд оруулахад Флоровский, Карсавин, Алексеев, Вернадский, Вышеславцев, Трубецкой, Якобсон, Ильин зэрэг Оросын эрдэмтдийн бүтээл голлох үүрэг гүйцэтгэж ирсэн гэж үздэг. Өнөөдөр эдгээр эрдэмтдийн бүтээлийг сэргээн өргөжүүлж Евразийн судлалын талаарх үзэл хандлага, бүс нутагт хамаарах улс онуудын оюуны сэтгэлгээ зэрэг философи, түүх нийгэм, соёл шашин судлалын аспектад үндэслэн эдгээр улс орны адил талуудын үйл явцад анхаарч хэлэлцэх нь зүйтэй юм гэдэгт хоёр орны эрдэмтэд санал нэгдэв. Энэ сэдвээр ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ш.Ариунаа, манай улсад ирсэн ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн судлалын хүрээлэнгийн орлогч захирал, Төв Ази, Кавказ судлалын тэнхимийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.С.Сыздыкова нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Казахстан улсын ЭСЯ-ны дэмжлэгтэй ШУА-ийн Философийн хүрээлэнгээс зохион байгуулж, ШУА-д болсон олон улсын дээрх бага хуралд Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, түүхийн ухааны доктор К.И.Кобландин, мөн манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов, Беларусь улсын Элчин сайд С.В.Чепурной нарын албаны хүмүүс, Орос, Монголын эрдэмтэн судлаачид оролцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *