БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзахдаа АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаад нь талархал илэрхийлээд, хоёр улсын харилцаа хийгээд Умард Солонгосын болон бүс нутгийн хөгжлийн асуудал хэлэлцэв гэж Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээг иш татан РИА Новости агентлагийн мэдээлснээр, “Гайхалтай сайхан Сингапур улсад зочлох боломж гарсанд би маш их баяртай байна. БНАСАУ-ын засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Сингапур улсын засгийн газар, ард түмэнд халуун мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе” гэж Ким Жөн Ун хэлсэн байна.
Дональд Трамп болон Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалт зургадугаар сарын 12-нд Сингапурт болох билээ. Умард Солонгосын удирдагч ням гарагт Сингапурт хүрэлцэн ирсэн юм.