Орхон аймагт “ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд гэрээр айлчлагч бэлтгэх сургалт зохион байгууллаа.
Гэр бүл гэдэг улс орны хөгжил, хүн амын үндсэн нэгж билээ. Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөр нь “Гэрээр айлчлагч”-дыг чадавхжуулж, бэлтгэж, тэднээр дамжуулан хөтөлбөрт хамрагдах гэр бүлд хүрч ажиллах арга зүйд сургах, гэрээр айлчлагчдаар дамжуулан, гэр бүлд тулгамддаг асуудлуудыг илрүүлэх, нийгмийн суурь үйлчилгээнд холбон зуучлах мэдлэг, чадвар олгох, орон нутагт гэр бүлийг дэмжих нийгмийн суурь үйлчилгээний төрөл хэлбэрүүдийг бий болгоход зорилготой юм.
Сургалт хөтөлбөрийн танилцуулга, гэрээр айлчлах аргачлал, үүрэг, гэр бүлийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлж буй тулгамдаж байгаа асуудлыг ойлгох нь, Гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн аргачлалын алхамууд, Гэр бүлийн сайн сайхан байдлыг тодорхойлох, Гэр бүлд тулгамдаж байгаа асуудлыг танин мэдэх, Гэр бүлийн хэвийн амьдрал алдагдах нөхцөл, шалтгаан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Нийгмийн халамжийн үйлчилгээ, Боловсролын үйлчилгээ,Эрүүл мэндийн үйлчилгээ гэсэн сэдвүүдийн хүрээнд явагдсан. Мөн Гэр бүлээс авах судалгааны асуумжийг бөглөх аргачлал, зөвлөмжийн танилцуулга, хүүхэд, гэр бүлтэй ажиллах төлөвлөгөөг гаргах дасгал танилцуулга, гэрээр айлчлагч гэр бүлийн гишүүдэд мэдээлэл өгөх, тайвшруулах анхан шатны зөвлөгөө өгөх, гэрээр айлчлагч нарын ёс зүй, асуулт, хариултаар үргэлжлэн явагдсан.
Уг сургалтанд Баян-өндөр сумын багийн Засаг дарга, багийн нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, халамжийн нийгмийн ажилтанууд гээд 120 гаруй хүн хамрагдлаа. Сургалтыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Баян-Өндөр сум, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Насан туршийн боловсрол, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулсан.