ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ираны ерөнхийлөгчтэй хоёр талын яриа хэлэлцээ хийхийн сацуу Пакистан, Узбекистан болон Тажикистаны төрийн тэргүүнүүдтэй уулзах аж. Энэ үеэр Орос, Хятад болон Монголын гурван талын дээд хэмжээний уулзалт болох төлөвтэй байна.
Түүнчлэн уулзалтын үеэр В.Путин Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзах төлөвтэй байгаа бөгөөд Худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь талуудын яриа хэлэлцээний гол сэдвүүдийн нэг болох аж.
“Талууд бүс нутаг хийгээд олон улсад тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцохын сацуу Монгол улсын Евроазийн эдийн засгийн холбоо болон ШХАБ хоорондын хамтын ажиллагаг бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулах төлөвтэй байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хэлсэн байна.
Хятадын Циндао хотод болж буй ШХАБ нь энэ сарын 9-10 хүртэл үргэлжлэх юм. ШХАБ нь 2001 оны 6 дугаар сарын 15-нд байгуулагдаж байжээ. Одоогоор Орос, Хятад, Энэтхэг, Пакистан, Казахстан, Киргизстан, Тажикистан болон Узбекистан улс нь ШХАБ-ын гишүүн орнууд бол Беларусь, Афганистан, Иран болон Монгол улс нь ажиглагч орны статустай юм.