Categories
мэдээ нийгэм

Цахим эмийн жор бичилтийн явцын талаар цахим хурал хийлээ

Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн даатгалын санг цахим системд 4-р сарын 1-нээс шилжүүлж мэдээллийн технологийг сайжруулан өрхийн эмнэлэг, эмийн сангийн хооронд, цахим эмийн жор бичилтийг нэвтрүүлж эхлээд байна. Цахим програм хангамжийг нэвтрүүлснээр тусламж, үйлчилгээний талаарх мэдээлэл, тусламж үйлчилгээний чанар болон зардалд тавих хяналт сайжрах болно.

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийг иргэдэд олгож байгаа цахим эмийн жор бичилтийн явцын талаар Эрүүл мэндийн яамнаас аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудтай цахим хурал хийлээ.

Тус хурлыг ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд удирдаж, Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, ЭМЦМХ-ийн дарга Т.Батбилэг, Эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэлийн хэлтсийн дарга М.Уранчимэг, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг, холбогдох мэргэжилтнүүд, Нийслэлийн ЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, Ерөнхий мэргэжлийн тусламж, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ганцэцэг нар оролцлоо.

Аймгуудаас Эрүүл мэндийн газрын дарга, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, холбогдох, мэргэжилтнүүд, эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга, өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч, эмийн сангийн эрхлэгч нар холбогдлоо.
ЭМЦМХ-ийн дарга Т.Батбилэг Эрүүл мэндийн даатгалын цахим бүртгэл мэдээлэл, цахим жор бичилтийн явцын талаар танилцуулав.
Аймгийн оролцогч нар цахим жор бичилтийн сайн тал болон хөдөө орон нутагт интернетийн хурд удаан, компьютер, принтер дутагдалтай байгаа зэргээс шалтгаалан хүндрэл тохиолдож байгаа талаар харилцан ярилцаж санал солилцлоо.
Цахим хурлын төгсгөлд ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нараар ахлуулсан баг Орхон, Дархан-Уул аймагт Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн олголт, цахим жор бичилтийн байдалтай газар дээр нь очиж танилцах тухай мэдэгдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *