Сүүлийн жилүүдэд хар тамхитай холбоотой гэмт хэрэгт залуучууд түлхүү холбогдох болсон байна. Стрессээ буруу аргаар буюу хар тамхи хэрэглэн тайлах, эсвэл найз нөхдийнхөө ятгалгаар сонирхож нэг, хоёр удаа хэрэглээд гарч чаддаггүй нь донтох гол шалтгаан болдог байна.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс өгч байгаа мэдээллээр он гарсаар хар тамхитай холбоотой 81 хэрэгт 156 хүн холбогджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хар тамхитай холбоотой гэмт хэргийн тоо 2.6 дахин өссөн байна. Харин холбогдож байгаа хүмүүсийн хувьд 75 хувь нь 18-35 насныхан байна.
ЦЕГ-ын УСХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Давааням “Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан бол ашиг олох зорилгоор өсвөр үе, залуучуудын дунд хар тамхи мансууруулах бодис зарж борлуулж байгаа этгээдүүд байна. Мөн нөгөө хэсэг бүлэг нь хар тамхи мансууруулах бодис бол хор нөлөөгүй гэсэн бусдын худал мэдээллээс нэгнийгээ даган дуурайн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байна. 2018 онд бүртгэгдсэн гэмт хэргээс гэртээ хар тамхи мансууруулах бодисыг тариалж, ургуулж, бусдад зарж борлуулан хэрэглэж байсан гэмт хэрэг бүртгэгдээд байна” гэх тайлбарыг өглөө.
2015 онд ерөнхий боловсролын сургуулийн 9-10-р ангийн 1000 сурагчийн дунд явуулсан судалгаагаар 9 хувь мансууруулах бодис хэрэглэж үзсэн гэж хариулсан байдаг. Залуучууд хар тамхи, мансууруулах бодист донтож байгаа нь ихэвчлэн сониуч зандаа хөтлөгдсөнтэй холбоотой байдаг. Харамсалтай нь хожим нь гарах хор хөнөөлийнх нь талаар, эмчилгээ хийлгэсэн ч төдийлөн үр дүнд хүрэхэд бэрх гэдгийг мэддэггүй талаар албаныхан хэлж байлаа.
СЭМҮТ-ийн ерөнхий захирал, ау-ны доктор Л.Насанцэнгэл “Манайд хэвтэн эмчлүүлж байгаа залуусын насыг харвал 18-аас 20 наран насныхан байгаа. Тэд донтох мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөр дээрээ туршиж хэрэглээд хүндэрснийхээ дараа эмчлүүлнэ гэж бодоод байдаг. Гэтэл дэлхий нийтээр энэ төрлийн эмчилгээний үр дүн 5 хувьтай 95 хувьд нь ямар нэгэн үр дүнгүй байна гэж гараад байгаа” гэв.
Манай улсын хувьд хар тамхи дамжуулагч, тээвэрлэгч биш идэвхтэй хэрэглэгч улс болсон талаар сүүлийн жилүүдэд ярих болсон. Ялангуяа залуучууд хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдож байгаа нь эргээд монгол хүний удмын санд нөлөөлөхүйц ноцтой асуудал юм.