АХБ, БСШУСЯ, Сангийн яам “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” техникийн туслалцааны төслийн санамж бичигт энэ оны хоёрдугаар сард гарын үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх Азийн Хөгжлийн Банкны техникийн туслалцааны төслийн баг тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа өчигдөр/06.05/ Азийн Хөгжлийн Банк, Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн багийн ахлагч доктор, профессор Жон Вайдмэнтэй уулзав.
Уулзалтаар боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, боловсролын салбарын мастер төлөвлөгөөнд тусгах шаардлагатай тэргүүлэх чиглэлийн асуудлаар талууд харилцан санал солилцлоо.
Энэ удаагийн боловсролын салбарын мастер төлөвлөгөө нь өмнөх гурван мастер төлөвлөгөөтэй харьцуулахад нийгэм, эдийн засгийн хөгжлийн болон боловсролын салбарын шинэ хэрэгцээ шаардлагыг сайтар харгалзсан, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ зөв, оновчтой тодорхойлсон төлөвлөгөө боловсруулах ёстойг салбарын сайд онцлон тэмдэглэлээ. Мөн тэрбээр дөрөв дэх мастер төлөвлөгөө нь урт хугацааны боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах чадавхийг бүрдүүлж, бүх шатны сургалтын хөтөлбөр, стандартыг чанаржуулж, түүнийг тогтвортой мөрдөх, багшийн хөдөлмөрийн үнэлгээг олон улсын түвшинд хүргэх, боловсролын салбарын төсвийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын бүтэц, түүний ашиглалтад нарийвчилсан үнэлгээ өгч, тэдгээрийг боловсролын чанар, үр ашгийг дээшлүүлэх хөшүүрэг болгох шаардлагатай байгааг дурдлаа.
БСШУСЯ