БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр АНУ-ын Ютагийн их сургуулийн Дэлхийн мэс заслын төвийн дарга Рай Прайс, Ютагийн их сургуулийн Эрүүл мэндийн төвийн дарга Хуан Карлос, АШУҮИС-ийн профессор О.Сэргэлэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар АШУҮИС, Ютагийн их сургуультай хамтран мэс заслын чадавхийг сайжруулах Азийн төвийн төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Дэлхийн мэс заслын төвийн дарга Рай Прайс Монгол Улсын эрүүл мэндийн өнөөгийн байдлыг өргөжүүлэн, хөгжүүлэхийн тулд олон улсын сургалтын төвийг бий болгох шаардлагатай. Шинээр байгуулах мэргэжлийн сургалтын төв нь ард иргэдийн дунд эрүүл мэндийн салбарын нэр хүндийг өсгөх, мэс заслын үйлчилгээ, чанар, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг багтаасан болохыг онцлоод БСШУС-ын сайдад төслөө өргөн барьж Засгийн газар, салбар яамны зүгээс уг төслийг дэмжин ажиллахыг хүсэв.
Ютагийн мэс заслын төв нь оюутан, хүн амын эрүүл мэндийн боловсрол, багш нарын ур чадварыг дээшлүүлэх Америкийн мэс заслын коллежоор магадлан итгэмжлэгдсэн төв юм. Хоёр улсын Засгийн газар зөвшилцөлд хүрч уг мэс заслын төвийг байгуулснаар дотоодын мэс заслын үйлчилгээний чанар сайжирч, мэс заслын эмч нарын чадавхи дэлхийн стандартад хүрч, улмаар хилийн чанад руу чиглэсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хараат байдлыг бууруулах ач холбогдолтой аж.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ютагийн их сургуулийн төлөөлөгчдөд 10 гаруй жил монгол иргэдийн эрүүл мэндийн үйлсэд сэтгэл, зүтгэл гаргаж, судалгаа хийж, төв байгуулах төсөл танилцуулж байгаад талархаж буйгаа хэллээ. Мөн тэрбээр салбар яамнаас дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болгох бодлого баримтлан ажиллаж буйтай уг мэс заслын төв байгуулах төсөл нийцэж буйг онцлоод төслийг салбар яамны зүгээс дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.